Багшийн дээд орчимд зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан хуучин номын худалдаачдыг өнгөрсөн жилээс ажиллуулахаа больж, шинэ байр барих талаар ярьж эхэлсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбийн гүүрний хажууд хуучин ном борлуулдаг хүмүүст зориулан номын худалдааны шинэ төв нээлээ. Уг төвд хуучин ном худалддаг 50 гаруй иргэн үйл ажиллагаа явуулах аж. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, уг барилга барих хөрөнгийг нь шийдвэрлэсэн. “Жаргалант төмөр” компанийн барьсан энэ барилга цэвэр, бохир усны шугамд холбосон, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, тохилог. Номын худалдаа эрхлэгчид ирэх долоо хоногоос шинэ байрандаа төвхнөх аж. Тэд түрээс өгөхгүй, байрныхаа урсгал зардлын мөнгийг хуваан төлж, үйл ажиллагаа явуулах гэнэ.