80 мянган төгрөгөөс үнэтэй болон ухаалаг утас барих нь 84 дүгээр сургуулийн сурагчдад хориотой. Хүүхдүүд хичээлийн цагаар зураг авах, хөгжим сонсох, интернэт ашиглахаас гадна утсаа алдах, гэмт хэрэгт өртөх магадлалтай учраас сургуулийн удирдлага ийм шийдвэр гаргажээ. Одоогоор ухаалаг утас ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан сургууль байдаггүй юм байна. Японы хувийн сургуулийн багш нар сургууль дээр болон оройн цагаар ухаалаг утас ашиглахыг хориглох санаачилга гаргаж байгаа гэнэ. 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Р.Цэдэнсодномоос энэ шийдвэрийн талаар тодрууллаа.
-Үнэтэй болон ухаалаг утас барихыг хориглосон шийдвэр хэзээ гарсан бэ?
-Өнгөрсөн жил сургуулийн дотоод журмыг хэлэлцэж, энэ шийдвэрийг гаргасан. Ухаалаг утас нь техникийн дэвшил хэдий ч хүүхдүүд хичээлийн цагаар өөр зүйл хийж, хичээл цалгарддаг талтай. Мөн утас бол хэрэглээ гэдгийг ойлгуулахыг зорьсон. Ухаалаг утсыг байнга ашигладаг учраас цэнэг нь амархан дуусдаг. Харин энгийн утасны цэнэг удаан дуусна. Энэ нь эрчим хүчинд ч хэмнэлттэй. Түүнчлэн сүүлийн үед нүдний хараа муутай, шил зүүдэг хүүхэд олон болсон. Утасны дэлгэцийг удаан ширтэх нь хараанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Энэ бүхнийг тооцож, дээрх шийдвэрийг гаргасан. Үүнээс гадна хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх давуу талтай. Оройн цагаар сургуулийн орчимд хүүхд үүдийн утсыг суйлдаг хүмүүс ч бий.
-Хүүхдүүд энэ шийдвэрийг хэр мөрдөж байна. Та бүхэн яаж хяналт тавьдаг вэ?
-Манайх 3367 сурагчтай. Хүүхдүүд энэ шийдвэрийг мэддэг, мөрддөг. Нийгмийн ажилтан ангиудаар явж хүүхдүүдийн утсыг шалгадаг. Гэхдээ энэ шийдвэр 100 хувь хэрэгжиж чадахгүй байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ үнэтэй утас авч өгнө. Ингэж болохгүй гэхээр ойлгодоггүй. Манайх камержсан, анхны цахим сургууль. Хэрэв хүүхэд үнэтэй гар утсаа сургууль дээр авчраад, алдвал камер шүүж өгөхгүй гэдэг. Учир нь камер шүүдэг хүн давхар ажилтай учраас камер шүүх амаргүй. Гэлээ ч хүний үнэтэй эд алга болчихсон үед шүүж өгөхөөс өөр аргагүй болдог.
Э.ЭРДЭНЭ