Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн төрөлтөөр найман хүүхэдтэй болж, ам бүл 10-уулаа болсон байна. Ховорхон тохиолдох энэ өнөр өтгөн гэр бүлд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, "Чухаг" хотхоны 32А байранд 81 метр квадрат гурван өрөө байр өгөх болсноор орон сууцны түлхүүрийг өнөөдөр гардуулсан юм. Энэхүү арга хэмжээнд том гурван ихэр буюу зургаан хүүхэд нь аав ээжийн хамт ирсэн бөгөөд бага хоёр ихэр нь гэртээ үлдсэн байсан юм.
Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцлоо. Нийслэлийн Засаг дарга гурван өрөө орон сууцны түлхүүр гардуулахдаа “Төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Харин байгальд ч ховор онцгой тохиодлоор дөрвөн удаагийн төрөлтөөр найман хүүхэдтэй болсон та хоёртоо нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид та нарыгаа ая тухтай амьдрахад нь тусалж, нийслэлээс орон сууц олгох шаардлагатай иргэдэд олгодог байрныхаа хамгийн том хэмжээтэй орон сууцыг олгож байна. Үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, нийслэлийн бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулах иргэд болгоорой” хэмээн онцлон хэлсэн юм. Д.Энхтөрийн гэр бүл өнөөдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 32 А дугаар байрны 12 тоот 81 ам метр талбай бүхий гурван өрөө орон сууцанд амьдарна. Тэрээр “Манай гэр бүлд орон сууц олгосон Нийслэлийн Засаг дарга болон санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлье. Маш их баяртай байна. Бүүр хэлэх ч үг олдохгүй байна” хэмээн ярилаа.