Чингэлтэй дүүргийн XVII хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ. “Булагтай” нэртэй уг цэцэрлэгт хүрээлэнгийн төсвийг хотын захиргаанаас гаргаж, ажлыг нь “Соёолж” компанийнхан гүйцэтгэжээ. Тус компани нийт 1.7 га талбайг иж бүрэн тохижуулж, цэцэрлэгжүүлсэн аж. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд захирамж гаргаж, тоосжилтийг бууруулах зорилгоор гэр хороолол дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон сул шороон хөрстэй гудамж, талбайг хайрган хучилттай болгох ажлыг нийслэлийн хөрөнгөөр гүйцэтгэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын 12 байршлын 8.3 га талбайг тохижуулахаар ажиллаж буй. Одоогоор 10 байршлын ажлыг дуусган, ашиглалтад оруулаад байгаагийн нэг нь “Булагтай” цэцэрлэгт хүрээлэн аж.