Нийслэлийн 375 жилийн ойд зориулан “Нийслэлийн өдөр”-өөр Их эзэн Чингис хааны талбайд “Их хотын хямдрал 375” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Уг өдөрлөгийг Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
“Их хотын хямдрал 375” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна.
Тодруулбал, “Буян” ХХК өөрийн үйлдвэрийн 100 нэр төрлийн барааг 50 хувийн хямдралтай борлуулна. Түүнчлэн “Дархан нэхий”, “BEST SHOES”, “Эксклюзив” зэрэг компани бүх бараандаа 50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола”, “Миш маш”, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” , “НВЦ” ХХК-иуд нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдралт, бэлэгтэй худалдаагаар үйлчлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн “Боса” худалдааны төв өөрийн байрандаа 50 хувь, үсчин, гоо сайхны газрууд хямдралтай тарифаар иргэдэд үйлчилнэ.
Хямдралтай худалдааг нийслэлийн төв талбайгаас гадна дүүрэг бүрт зохион байгуулах гэнэ.
“Их хотын хямдрал 375” өдөрлөгийн хямдралтай худалдаа Чингисийн талбайд 11.00 цагаас эхлэх юм.