Нийслэлийн 375 жилийн ойд зориулан “Монгол Улсын нийслэлийн 375 жилийн ой” сэдэвт шуудангийн марк өнөөдрөөс худалдаанд гарлаа.
Нийслэлийн сүлд тэмдэг бүхий энэхүү маркийг Нийслэлийн ЗДТГ-аас захиалан гаргасан юм. Маркийн төв хэсэгт дүрсэлсэн Богд хан уулын уламжлалт шүтээн Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн Нийслэлийн сүлд юм.
Хангардийг тойруулан 1911 оны Их Хүрээ, 1958, 1982 оны Улаанбаатар хотын төв гудамжны өнгө төрх, өнөөдрийн Улаанбаатарын хөгжлийн түүхийг харуулсан зургуудаар түүхийг товчоолж оруулжээ. Маркийн дизайнераар Б.Дамдинбазар ажилласан байна.