Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн 30 багийн төвийн байр барих тендер зарлаж, үүнд “Нийслэл өргөө” компани шалгарсан аж. Тус компанийнхан 1.5 тэрбум төгрөгөөр уг ажлыг хийхээр тендерт шалгарсан ч чанаргүй барилга ашиглалтад өгөн, 827.3 сая төгрөгийг нь завшсан байжээ. Мөн 2010 онд Хууль зүйн яамнаас зарласан, “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгаран, 30.8 сая төгрөгийг нь авсан ч одоо хүртэл ашиглалтад оруулаагүй, Эрүүл мэндийн яамнаас зарласан 300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн барилга барих тендерт шалгарч,1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчихаад өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй, мөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон юм.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх уг хэргийг хэлэлцээд Б.Ганзоригийг эд хөрөнгө завшсан, чанаргүй барилга ашиглалтад оруулсан гэм буруутайд тооцож, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорихоор шийдвэрлэжээ. Мөн чанаргүй барилга байгууламж ашиглалтад оруулсан хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд эрх мэдлээ хэтрүүлэн Б.Ганзоригт их хэмжээний хөрөнгө завших боломж олгосон гэм буруутайд тооцон гурван жилийн хорих ял ногдуулж, түүнийгээ хоёр жилээр тэнсэн харгалзахаар болов.
“Нийслэл өргөө” компанийн нягтлан бодогч Д.Чулуунцэцэгийг эд хөрөнгө завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн буруутай гэж үзэн нэг сая төгрөгийн хөр өнгө хурааж, таван жил нэг сар хорих ял оноож, хоёр хүртэлх насны хүүхэдтэй тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулжээ. Харин өөр нэг нягтлан бодогч А.Энхчимэгийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн буруутайг тогтоон, хоёр жил тэнсэн харгалзахаар шйидвэрлэсэн байна. Чанаргүй барилга хүлээн авсан комиссын гишүүн асан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг албан үүрэгтээ хайнга хандсан буруутайд тооцон, хоёр жил тэнсэн харгалзахаар болжээ.
Г.ОРЧЛОН