
Өнгөрсөн жил идэр есийн хүйтнээр би ээжтэйгээ Хайнан аралд амарсан юм. Урд хөршийн өмнө зүгт орших тэр сайхан газарт хэд хоног жаргаад, харихаар явж байхдаа сэтгэл минь нэг л сонин байлаа. Баярлах, гуних, талархах, гомдох зэрэгцээд чухам ямар мэдрэмж төрөөд буйг өөрөө ч мэдэхгүй нь.
Аав маань бурхан болоод удаагүй байхад манай хаалгыг сахал самбаандаа баригдсан, нэлээд балгадаг байрын нэгэн эр хааяа тогшдог байлаа. Ээж тэр хүнийг гэртээ оруулж, дайлж цайлаад, явахад нь мөнгө өгөхөд нь би их дургүйцнэ. “Юун хүн бэ” гэж гайхан асуухаар ээж минь “Эртний танил юм аа” гэхээс цаашгүй. Нэг удаа өнөөх хүнд би “Арай даварч байгаа юм биш үү. Манайх ямар банк юм уу, эсвэл буяны байгууллага уу” гэж уцаарлахад цаад өрөөнөөс гүйхээрээ гарч ирсэн ээж намайг зэмлэв. Тэгээд эртний танилаа урьдын адил сайхан угтаж, цай хоол хийж өгөөд миний өмнөөс уучлалт хүсэх юм. Уурандаа би хаалгаа саван гараад, шөнө дөлөөр гэртээ ортол ээж намайг хүлээгээд сууж байлаа. Тэгээд нөгөөх хүнийг гудамжны архичин биш гэж өмөөрөв. Бас зүгээр мөнгө авдаггүй, зээлддэг юм гэж байна. Тэсээрэй гэсэн хачин хочтой тэр эрийн тухай ээж минь ийм нэгэн түүх ярилаа.
Түүнийг Энхболд гэдэг. Тэсээрэй гэдэг нь түүний хэлэх дуртай үг. Тэрбээр хэн нэгний ажил төрөл, амьдрал бүтэлгүйтэхэд “Тэсээрэй” гэж үргэлж дэмжиж, тусалдаг байсан юм. Ээж нь оюутан байхдаа нэг удаа ангийнхаа хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглээд нэлээд оройтож, харихаар явлаа. Тэр үед нийтийн тээвэр эрт зогсдог, такси ховор байлаа шүү дээ. Тэгтэл нэг хар машин хажууд ирээд зогсов. Жолооч нь хажуугийн хаалгаа онгойлгоод “Хөөе, Хайнан хаана байдгийг хэлээд өгөөч” гэлээ. Тэр үед Хайнан гэж сонсоо ч үгүй болохоор би “Юу байдаг юм бол. Ёстой мэдэхгүй” гэж гайхахад жолооч учиргүй инээснээ “За, за суу. Яасан орой ганцаараа явж байгаа юм бэ, хүргээд өгье” гэлээ. Ингэж л бид танилцсан даа. Энхболдын аав, ээж Хятадад дипломат шугамаар ажилладаг байсан болохоор тэрбээр Хайнан арлыг мэддэг байж. Их хөгжилтэй, өрөвч, нэг гэм нь жаахан хөнгөмсөг залуу байсан юм. Би түүнтэй үерхэж болох л байсан. Гэхдээ яагаад ч юм бэ сэтгэл минь нэг л татагдаагүй юм. Харин түүний найзад ёстой сохроор дурлаад гэрлэчихсэн дээ. Ямар том алдаа хийснээ нэг гэрт орсныхоо дараа л ойлгов. Би хагас жилийн дараа жирэмсэн болж, нөхөртөө хэлтэл “Өөрсдийгөө яая гэж байхад юун хүүхэд вэ” гэж уурлаж, бөөн юм боллоо. Би аргагүй эрхэнд үр хөндүүллээ. Эмнэлгийн орон дээр өөрийгөө үзэн ядаж, нөхөртөө гомдон хэвтэж байтал сувилагч бүсгүй тэвэр дүүрэн цэцэг, урьд өмнө нь харж, амсаж байгаагүй мөхөөлдөстэй бялуу барьчихсан орж ирээд “Нэг залуу чамд өглөө” гэв. Бялууны хайрцаг дээр “Тэсээрэй, Нямка” гэж бичжээ. Тэгэхэд сэтгэл минь ямар их сэргэсэн гээч. Нөхөр минь хань болохгүй хүн биш гэдгийг тэр явдлаар улам мэдэрч, эргэж буцалгүй салахаар шийдсэн дээ. Тэгээд надад чин сэтгэлээсээ хайртай Энхболдтой үерхлээ. Намайг эмнэлэгт хэвтсэнийг дуулаад тэр хүн Оросоос нисэж ирсэн юм билээ. Тэрбээр Орос, Хятад руу явж наймаа хийж, хангалуун амьдардаг байлаа. Түүнтэй заяагаа холбовол элбэг сайхан амьдрал намайг хүлээж байсан. Харамсалтай нь, би яаж ч хичээгээд түүнд хайртай болж чадаагүй. Өөртөө ч, түүнд ч жаргал өгч чадахгүй гэдгийг тэр хүн ойлгосон л доо. Тиймээс тэрбээр өөрөө аажим аажмаар холдсоор амьдралаас минь явсан юм.
Ээж нь их азтай хүн. Удалгүй чиний аавтай учирч, 20 жил жаргасан. Харин Энхболд 2000 оны дундуур гэнэт л гараад ирсэн. Архинд дуртай болсон байлаа. Цэлмэг (ээжийн дүү) хэдэн залууд зодуулаад, бөөн юм болсныг санаж байна уу. Ажлаа тараад гэртээ харих замд нь хэдэн залуу машин руу чирч оруулах гэж байхад нь азаар Энхболд таарчээ. Тэрбээр машиных нь цонхыг чулуугаар хагалчихсан гэсэн. Нөгөө залуучууд түүнийг алахаас наагуур зоджээ. Тэгж байх хооронд нь Цэлмэг зугтаж, цагдаа нарыг ирэхэд Энхболд амьтай голтой л байсан гэнэ лээ. Бэртэл гэмтлээс болж тэрбээр аав болж чадахгүйд хүрсэн. Ингээд л өөрийгөө гаргуунд нь орхиод архиар сэтгэлээ тайтгаруулдаг болсон юм.
Ээжийн яриаг сонсоод би хэлэх үггүй боллоо. Бид бодолд дарагдан удаан суув. Эл түүхийг ярьж өгсний маргааш өдөр ээжид минь нотариатын газраас том дугтуйтай зүйл ирж билээ. Дотор нь онгоцны хоёр тасалбар, мөнгөн дэвсгэртүүд, бас жижигхэн цаасан дээр бичсэн зурвас байлаа. Ээжийг минь Хайнанд хүссэн цагтаа очиж амраарай хэмээсэн тэр зурвасны доор “Тэсдэг юм шүү, Нямка минь” гэж бичжээ.
Энэ бол ээжийн эртний танилын сүүлчийн захиа байсныг нотариатч эмэгтэй бидэнд дуулгасан. Миний ад үзээд байсан мөнөөх эр, ядарсан цагт ээжийг минь сэтгэлээр дэмжиж, амьдрах урам хайрласан Энхболд, эгчийг минь аварч, өөрөө хохирсон ачтан, хүмүүсийн нүдэнд бол гудамжны архичин мэт явсан тэр нэгэн хүн тэнгэрт хальсныг бид ийнхүү хоёр долоо хоногийн дараа мэдсэн юм.
“Тэрбээр эцсээ хүртэл ээжид минь хайртай байж дээ, зайлуул”. Ингэж бодоод би нулимсаа дийлсэнгүй.