Боловсролын сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага, хэрэглэх заавар MNS 5418:2025 стандартын төслийг боловсруулж буй юм. Эл төслийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өчигдөр боллоо. Тодруулбал, сурах бичиг зохиогч, эксперт, хэвлэх үйлдвэрийн төлөөлөгч зэрэг 100 гаруй хүн оролцож төсөлд саналаа өгсөн байна. Дээрх стандартыг Боловсрол судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, хүүхдийн зохиолч, хэвлэлийн техникч, зураач, сурах бичгийн редакторууд боловсруулжээ. Одоо мөрдөж буй сурах бичгийн стандартыг 2008 онд баталсан бөгөөд энэ нь техник технологийн өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс хоцрогдсоныг мэргэжилтнүүд хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилд Бага ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурах бичгүүдийг өөрчлөхөөр болсон. Үүнээс урьтаж стандартыг нь шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ. Мөн ирэх намар дунд, дараа нь ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурах бичгүүдийг өөрчлөх гэнэ. Эл стан¬дартыг нэвтрүүлснээр сурах бичгийг зохиохоос эхлээд сурагчийн гарт очих хүртэлх бүх үйл явц “ном журмын” дагуу өрнөх бөгөөд хэл найруулга, хэвлэх компанийг ямар шалгуураар сонгох, дахин болон нөхөн хэвлэхэд юунд анхаарахыг тодорхой заасан аж.
Ч.Болор