Манай улсад ирсэн нэгэн солонгос жуулчин мориноос унасандаа уйлах шахам гомдоллож суугаа бичлэг уржигдар олон нийтийн сүлжээнд тренд боллоо. Шороо болсон нүүрээ арчих ч сөхөөгүй, шалбарсан өвдгөө харж тэвдэх эмэгтэйг монголчууд бахтай нь аргагүй шоолж, “Морь ингэж унадаггүй юм” гэх зэргээр доог тохуу хийлээ. Уг бичлэгийг хэсэгчлэн оруулахдаа ч “Ийм үстэй байхаар морь, мал байтугай буг чөтгөр ч үргэнэ” гэсэн тайлбар зүүсэн нь эхнээсээ түүнийг шүүмжлэх, тохуурхах зорилготой байв.
Бичлэгээс харахад жуулчин эмэгтэй өвдөг нь гарсан богино өмдөн дээр дээл өмссөн, үс гэзгээ шуугаагүй буюу морь унах ямар ч бэлтгэлгүй, аюулгүй байдлаа хангаагүй байсан юм. Тиймдээ ч өвдөг нь шалбарч, гэмтжээ. Нүүр нь шороо болж халтайснаас толгойгоороо хүчтэй унасан байх магадлалтай харагдав. Гэтэл түүнд морь унуулсан хүмүүс “Сүртэй юм бэ, бүх морь үргэдэг” гэхчлэн загнаж, ариун цэврийн цаасаар нүүрийг нь шударч байсан нь бичлэгт үлджээ. Угтаа энэ нь инээд наргиан болгоод, эсвэл доог тохуу хийгээд өнгөрөх төдий зүйл биш, хүний амь, эрүүл мэнд, цаашлаад аялал жуулч¬лалын салбар, Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг дээрх дүрс бичлэгийг үзсэн, түгээсэн хүмүүсийн олонх ойлгохгүй байгаа нь харамсалтай. Жуулчдын аюулгүй байдлыг хангаж, зөвлөмж, зааварчилгаа өгөх нь хөтөч нарын төдийгүй үйлчилгээ үзүүлэгч байгууллагынхны үүрэг. Үүнийгээ биелүүлэлгүй хүн хохироочихоод доог тохуу хийнэ гэдэг асар бүдүүлэг явдал.Муугаар бодоход жуулчин эмэгтэй мориноос унахдаа хүнд гэмтэж, магадгүй амиа алдсан бол яах вэ.
“Үс гэзгээ шуухгүй, сэгсийж явж байгаад унаад, амиа алдчихлаа” гэх үү. “Ямар ч морь үргэдэг гэдгийг мэддэггүй нь түүний буруу” гэж бусад буруугаа руу чихэх үү. Эцсийн эцэст энд хариуцлагын асуудал л яригдана. Иймд хөтөч, тайлбарлагч нар, гэртээ жуулчин хүлээж авдаг малчид, гадаадынханд морь, тэмээ унуулах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс хаана хаанаа хариуцлагатай, сэтгэлтэй байх шаардлагатай. Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч буйг ингэхэд та бүхэн ер нь мэдэж байгаа юу.
Н.Мишээл