Тавдугаар сарын 19-ний даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярьжээ. Энэ удаагийн яриа хоёр цаг орчим үргэлжилсэн байна. Лидерүүд чухам юуг хэлэлцсэн талаар товчлон хүргэв.
В.Путины мэдэгдэл
Путин утасны яриаг “утга учиртай, илэн далангүй, хэрэгтэй” гэж тодорхойлов.
Украины асуудал хэлэлцүүлгийн гол сэдэв байлаа.
Путин ОХУ, Украины хооронд шууд хэлэлцээ хийхэд тус дөхөм үзүүлсэн Трампад талархал илэрхийлсэн байна.
Ярилцлагын үеэр удирдагчид гал зогсоох боломж болон энхийн хэлэлцээр байгуулах талаар санал солилцсон бөгөөд "буулт дээр үндэслэсэн байх ёстой" гэдгийг тэмдэглэв.
“ОХУ, Украин хоёр аль аль талдаа тохирсон буултыг хийх ёстой” гэж В.Путин хэлжээ.
Тэрбээр хоёр тал "зөв замаар явж байна" гэж онцолсон ч гал зогсоох эсвэл гэрээнд гарын үсэг зурах хугацааг нэрлээгүй байна.
“Хамгийн гол нь Украины хямралын үндсэн шалтгааныг арилгах явдал юм” гэж ОХУ-ын төрийн тэргүүн заажээ.
Ярианы дараа Трамп юу хэлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Ярилцлагын өнгө аяс, мөн чанар маш сайн байсан” бөгөөд талууд Украины хямралтай холбоотой хэд хэдэн асуудлаар санал нэгдэж чадсаныг тэмдэглэв.
Бусад зүйлсийн дотороос Трамп дараах зүйлсийг онцолжээ:
ОХУ, Украин хоёр нэн даруй гал зогсоох хэлэлцээг эхлүүлнэ
Мөргөлдөөнийг зогсоох нөхцлийн талаар аль болох хурдан хэлэлцэж эхэлнэ
Хэлэлцээрийн хэмжүүрийг ОХУ, Украин хоёр шууд тогтооно.
“Хэлэлцээрийн явцын нарийн ширийн зүйлийг зөвхөн тэд [ОХУ, Украин] мэддэг бөгөөд энэ нь хэнд ч хамаагүй” гэж Трамп хэлэв.
Үүнээс гадна байлдааны ажиллагаа дууссаны дараа ОХУ болон АНУ-ын хооронд томоохон хэмжээний худалдааг сэргээх шаардлагатайг Трамп дахин онцоллоо. Түүний хэлснээр, Украин ч мөн адил ирээдүйн эдийн засгийн үйл явцын гол ашиг хүртэгчдийн нэг болох боомжтой юм.
“ОХУ-д ажлын байр бий болгох, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх асар их боломж бий. Түүний чадамж хязгааргүй” гэж Трамп хэлжээ.
Мөн тэрбээр Урсула фон дер Лейен, Эммануэль Макрон, Фридрих Мерц зэрэг Европын холбооны ихэнх удирдагчид утасны ярианы үр дүнгийн талаар хэдийн мэдэгдсэн гэдгээ хэлэв. Үүнээс гадна түүний хэлснээр Ромын пап XIV Лео хэлэлцээрийг Ватиканы нутаг дэвсгэр дээр зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Путин, Трамп хоёрын ярианы талаар бусад мэдээллүүд
Владимир Путин арван нэг дэх ач хүү нь төрсөнд Дональд Трампад баяр хүргэж, шинэ төрсөн хүүхэд болон Трампын охинд эрүүл энхийг хүсэн ерөөснөөр утасны яриа эхэлжээ.
Путинтэй уулзахын өмнөхөн Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар товч ярилцсан байна.
The Wall Street Journal сэтгүүлд бичсэнээр Зеленский ОХУ-ыг 30 хоногийн хугацаанд эвлэрэх гэрээ байгуулахыг зөвшөөрүүлэх, Трампын оролцоотойгоор Путин, Зеленский нарын нүүр тулсан уулзалтыг дэмжих, Украингүйгээр Украйны асуудлаар шийдвэр гаргахгүй байхыг уриалжээ.
Утасны яриа хэдхэн минут үргэлжилсэн ч Трамп, Путин хоёрын ярианы дараа улстөрчид дахин холбогдохоор тохиролцжээ.
АНУ, ОХУ-ын хооронд хоригдлуудыг солилцох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна (9 хүнд 9);
Гал зогсоох цаг хугацааны тухай асуудал хөндөгдөөгүй байна.
Ерөнхийлөгч нар биечлэн уулзах боломжийг хэлэлцсэн боловч тодорхой огноо, газрын заасангүй.
Талууд Украины төдийгүй бүх төрлийн асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов.