Халдварт саа нь полиовирусээр үүсгэгддэг, хүнээс хүнд дамжин, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюулт өвчин юм. Тэр дундаа тархи, нугасны эсүүдийг гэмтээж, саажилт үүсгэн хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад аминд ч халтай. Монгол улс халдварт саагийн эсрэг вакциныг 1962 онд нэвтрүүлснээр уг өвчнийг 15 жилийн өмнө бүрмөсөн устгасан байдаг. Гэвч бусад улс оронд халдварт саа дахин дэгдэх болсноор манайд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл нь өндөр болоод буйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Саа өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн арга нь вакцин аж. Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг харьяа сум болон өрхийн эмнэлэгтээ хандан, хүүхдүүдээ вакцинд үнэ төлбөргүй хамруулахыг албаныхан зөвлөв. Хүүхдүүдээ өмнө нь уг вакцинд хамруулсан, эсэхээ хяналтын дэвтэр болон “И-Монголиа” системээс харах боломжтой. Ташрамд дурдахад, саагийн вакциныг 2-5 сартайд дөрвөн тунгаар, эл товлолын дагуу хамрагдаж чадаагүй гурав хүртэлх насныхныг нөхөн дархлаажуулж буйг ХӨСҮТ-ийнхөн мэдээлсэн юм.
О.Бат