-Бүжгийн дэлхийн аваргын мөнгөн медальтан болсонд баяр хүргэе. Уралдаанд ямар бүтээлээр оролцов?
-Баярлалаа. Мөнгөн дипломтон гэх байх. Өчигдөр (уржигдар) дипломоо хүлээн авлаа. Уралдаан энэ сарын 22-27-нд болсон юм. Хаа сайгүй “Ковид-19” дахин дэгдэж байгаа учраас уралдааныг цахимаар зохион байгууллаа. Эхний шатанд шүүгчид уран бүтээлчдийн тоглолтын бичлэгийг харж дүгнэсэн. Харин хоёр дахид нь цахимаар холбогдож, шүүгчдийн өмнө шууд бүжиглэсэн. Бүжиг дэглээч, доктор М.Мөнгөнцэцэг багшийн “Нуман туульс”, “Бугуйлт биелгээ” гэдэг хоёр бүтээлээр уг уралдаанд оролцлоо. Эхний бүжгийн хөгжмийг зохиолч Ш.Өлзийбаяр, харин нөгөөхийнхийг нь уран бүтээлч Д.Даваасүрэн бичсэн.
-Хэдэн шүүгчийн өмнө бүжиглэв. Цахимаар холбогдохоор сандрах нь арай бага уу?
-14 шүүгчийн өмнө бүжиглэсэн. Сандраагүй ээ.
-Дэлхийн аварга шалгаруулах уралдааны шагнал өндөр үү?
-Удирдамжийг нь уншихад II байрын шагнал нь 15 000 евро гэсэн байсан. Дипломоо авсныхаа дараа дахин нэг удаа харсан ч итгэлтэй биш байгаа. Яагаад гэхээр миний тоглолтыг гоцлол биш, групп бүжгийн ангилалд бүртгэсэн байна лээ. Тэгэхээр хэрхэхийг сайн мэдэхгүй л юм.
-Та Завхан аймагт бүжгийн сургалтын төв ажиллуулдаг юм байна. Хувиараа хөдөлмөрлөхөд бэрхшээл их тулгардаг уу?
-Бэрхшээл байхгүй ээ. Би бүжгийн заалтай болохоор хүндрэл гэх зүйлгүй. Улиастайдаа газар авч, 98 ам метр талбайтай танхимбарьсан юм. Одоо баруун таван аймгийн бүжигчдэд монгол бий биелгээний сургалт явуулж буй. Нийслэлээс доктор М.Мөнгөнцэцэг багшийг урьж, хамтдаа бүжиг зааж байгаа.
-Та өмнө нь олон улсын нэлээд хэдэн уралдаанд өндөр амжилт гаргасан. Ингэхдээ бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн бүтээлүүдийг “барьж авдаг” санагдсан. Яагаад тэр вэ?
-М.Мөнгөнцэцэг багшийн бүтээлүүд таалагддаг болохоор тэр юм. Цаашид бусад дэглээчийн бүжгүүдийг өөрийн болгохыг зорьж байна. Консерваторын багш А.Хосбаярын болон Говь-Алтайн брэнд “Говийн зургаа” бүжгийг сурч байгаа. Энэ нь Монголын говийн онцлох зургаан гайхамшиг буюу хавтгай, тахь, мазаалай, хулан, бөхөн, Ээж хайрхан уулын талаар өгүүлсэн бүтээл.