Уран барималч Б.Очирсүрэн Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвөөс сэдэвлэсэн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнгээ “Хаан галерей”-д энэ сарын 30 хүртэл олны хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнд монгол хатдын түүхэн дүр төрх, хувь заяа, нийгэмд эзэлж байсан байр суурийг уран баримлын хэлээр дүрсэлснээрээ онцлогтой. Ингэхдээ тэрбээр түүхэн сурвалж, археологийн олдвор, эртний дүрслэл, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан хатдыг зөвхөн хаадын гэргий төдийгүй тухайн цаг үеийн төр, нийгэм, соёлын зүтгэлтэн хэмээн тодотгожээ.
Тухайлбал, “Сорхугтани Бэхи” бүтээлдээ Юань гүрний үеийн хатдын дүрслэл болон Рашид ад-Дины “Жами аль-Таварих” зэрэг түүхэн сурвалжаас санаа авч, богтаг малгай, өргөн дээл, гоёл чимэглэлийн нарийн хийцээр дамжуулан тухайн хатны дотоод хүч, шийдэмгий байдлыг илэрхийлсэн аж. Харин “Бажраг” бүтээлээ Монгол Алтайн археологийн дурсгал, эртний нүүдэлчдийн амьтны загварт урлагийн уламжлалаас санаа авч туурвижээ.
Уран барималч Б.Очирсүрэн нь Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өв болон уламжлалт дүрслэх урлагийн хэлбэрүүдийг судалж, түүнийгээ уран баримлын хэлээр дахин амилуулан бүтээлээ туурвидаг билээ. Тэрбээр Австрийн Вена хот дахь Дэлхийн музейд (Weltmuseum Wien) бие даасан үзэсгэлэнгээ амжилттай толилуулж байсан туршлагатай уран бүтээлч юм.
Э.Сүйлэн