Канадын яруу найрагч, зохиолч Энн Карсон утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнээр тодорлоо. Шведийн академи сонгодог уламжлалыг өвөрмөцөөр баяжуулж, орчин үеийн утга зохиолын хөгжилд шинэ өнгө төрх нэмсэн түүний зоримог бүтээлүүдийг нь өндрөөр үнэлжээ.
Өдгөө 76 настай Э.Карсон яруу найраг, хүүрнэл зохиол, эсээ, орчуулгыг төрөл жанрын хязгаарт баригдалгүй хослуулдгаараа онцлогтой. Тэрбээр эртний Грекийн уран зохиолын бүтээлүүдийг орчуулахаас гадна сонгодог сэдэв, дүрүүдийг орчин үеийн өнцгөөс дахин тайлбарласан олон бүтээл туурвижээ. Тухайлбал, 1998 онд хэвлүүлсэн “Улааны намтар” (Autobiography of red) шүлэглэсэн роман нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг билээ.
Исландад аялж явахдаа шагнал хүртсэн тухайгаа мэдсэн Э.Карсон тус улсын “RUV” телевизэд ярилцлага өгөхдөө энэ мэдээнд ихэд гайхширснаа нуусангүй. Тэрбээр “Итгэмээргүй юм. Тэд бүгдээрээ галзуурчхаж гэж бодлоо. Одоо номынхоо нүүрэнд нэг наалт наахаас” хэмээн хошигножээ.
Э.Сүйлэн