Урчуудын эвлэлийн гишүүн ахмад уран бүтээлчдийн хамтарсан “Натюрморт” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өчигдөр дэлгэлээ. Тус үзэсгэлэнд 30 ахмад зураачийн 60 бүтээлийг дээжлэн толилуулж байна. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эл үзэсгэлэнг энэ сарын 6-ныг дуустал үзэгчдэд хүргэх аж.
Натюрморт нь амьгүй байгаль, хөдөлгөөнгүй эд зүйлсийг (жимс, цэцэг, эдлэл хэрэглэл) уран сайхны аргаар дүрслэхийг хэлдэг. Энэ нь энгийн дүрслэлээр дамжуулан өнгө, гэрэл сүүдрийн зохицлыг мэдрүүлж, тухайн агшны уур амьсгалыг өөртөө шингээдэг уран зургийн сонгодог төрөл юм. Нэг ижил сэдвийг сонгосон ч уран бүтээлч бүрийн харц, мэдрэмж, арга барилаас шалтгаалан өвөрмөц өнгө төрхийг бүтээдгээрээ онцлогтой. Энэ утгаараа үзэгчид эл үзэсгэлэнгээс олон жилийн турш уран бүтээл туурвисан ахмад мастеруудын туршлага, уран сэтгэмж, өнгөний шийдлийг тольдох боломжтой юм. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын зураач Ш.Чимэддорж, Ц.Байды, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орсоо, Н.Адъяабазар, С.Дондог, Д.Батбилэг тэргүүтэй нэрт мастеруудын бүтээлийг дэлгэжээ.
У.Цэцэг