Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-наас эхлэн энэ сарын 13-ныг хүртэл дөрвөн багцаар 514 601 га бүхий 100 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс 50 талбайд нь үнийн болон техникийн саналын үнэлгээ хийснийг АМГТГ-аас мэдээллээ. 25 талбайд үнийн саналыг нээж техникийн саналын үнэлгээ хийж буй аж. СШ-64-4 дугаартай сонгон шалгаруулалтыг ирэх баасан гарагт нээх бэлтгэл ажлыг хангаж байгаа гэв.
Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй “Азаргын гол чонот” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь XV020917 дугаар бүхий, 5929 га “Цагаан жалга-5” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг мөн мэдээллээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14, Зөрчлийн тухай хуулийн 6.2.1.1 дэх заалтыг үндэслэн “Бүүргэнт” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь, 83.53 га бүхий “Хэрсийн гол” талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.