“Улаанбаатар” олон улсын хөгжмийн II наадам “Улаанбаатар фестиваль” оркестрынхны симфони найрал хөгжмийн тоглолтоор өндөрлөлөө. Уран бүтээлчид Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Говь гурван сайхан” симфони сюитийг шинэчлэн найруулснаа эхэнд нь тоглосон юм. Мөн шинэ партитурыг нэрт хөгжмийн зохиолч агсны хүү Н.Лувсанжавт гардуулж өгөв. Тэрбээр хөгжмийн наадмыг санаачлан зохион байгуулж, олон улсын түвшний цар хүрээ өргөнтэй арга хэмжээ болгохоор зорьж буй хамт олонд баяр хүргэж үг хэлсэн. “Аав минь Архангайд төрж, өссөн хүн. Гэхдээ үзэсгэлэнт байгальтай эх орноо бүхэлд нь хайрладаг, тойрон аялахыг хүсдэг хүн байлаа. 1965 онд албан томилолтоор говийг зорихдоо Говь гурван сайхан хайрханд зориуд очиж үзсэн юм билээ. Нэрт зураглаач Уртнасан гуай хамт явсан. Нэг нь байгалийн үзэмжийг дурандаа буулгаж, нөгөөх нь хөгжим зохиосныг Монголын үе үеийн хөгжимчид тоглосоор байна. Энэ сайхан бүтээлийг нь сэргээж, хэзээ ч, хэн ч тоглоход бэлэн, бүрэн болгосонд талархаж байна” гээд тэрбээр хөгжмийн наадмыг хөгжүүлэх санд хандив өргөсөн юм.
Фестивалийн уран сайхны удирдагч нь маэстро Б.Лхагвасүрэн. Хаалтын, симфони найрал хөгжмийн тоглолтоор ямар ямар бүтээл эгшиглүүлэхээр сонгох нь түүнд амаргүй сорилт, хөгжимчдийн тухайд их ажил, үзэгчдийн хувьд хүлээлт байсан нь ойлгомжтой. Оркестр Австрийн суут хөгжмийн зохиолч И.Штраусын “Цыган Барон” хэмээх опереттагийн удиртгал хөгжмийг маэстро Ц.Тэлмүүн-Очирын удирдлагаар тоглосноор Өрнийн хөгжмийн соёлын эрхэмсэг, цэмцгэр агаад хөгжүүн уур амьсгалаар үзэгчдийг эзэмдсэн. Энэ бүтээлийг сонсоход Европын төдийгүй дэлхийн сонгодог хөгжимд тод байр суурьтай, зарим талаар хоорондоо өрсөлдөгч эцэг, хүү Штраусын уран бүтээлийн түүх, замнал санаанд тодорч байлаа. Мөн түүний удирдлагаар хойд хөршийн Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Батчимэг Ж.Вердийн хоёр ари дуулсан юм. Манай улсын ДБЭТ-т найрал дуучнаар ажиллаж байгаад, 10-аад жилийн өмнө тус театрыг зорьсон, улмаар өдгөө шинэ дуурь бүрийн шахам гол дүрийг бүтээдэг болтлоо өсөж, хөгжсөн түүнийг үзэгчид талархан хүлээн авч, баяр хүргэсэн.
Олон улсын фестивалийг санаачлагч валторн буюу угалзан бүрээ хөгжимчин Т.Хуяг П.И.Чайковскийн “Анданте кантабиле” бүтээлийг гоцлон тоглосон нь сонирхолтой байлаа. Үнэнийг хэлэхэд энэхүү хөгжмийн зэмсгээр гоцлон тоглохыг анх удаа тайзнаас сонссон юм. Оркестрын хүчийг гоцлогч битүү гэмээр дуутай үлээвэр хөгжмийнхтэй зохицуулах нь удирдаачийн чадвар мэдэх ажил юм гэдгийг ойлгосон доо. Тоглолтын оргил хэсгийг П.И.Чайковскийн хийл, найрал хөгжимд зориулсан концерт гэж болох болов уу. АНУ-ын Нью-Йорк хотод байдаг “Глобал мюзик партнершип” байгууллагын уран сайхны удирдагч, хийлч, Казахстан улсын иргэн Евгений Део “Улаанбаатар фестиваль” оркестртой гоцолж тоглов. Хоёр зуунаас илүү хугацаанд улс, үндэстнүүдийн үе үеийн хийлчид, оркестрын хөгжимчдийн ур чадварыг сорин, хэн нь хэн бэ гэдгийг харуулсаар ирсэн хүчирхэг агаад тансаг уг концерт гурван ангитай бөгөөд 30 гаруй минут үргэлжилдэг. Хийлч Деогийн тоглохыг харж суухад тэрбээр ямар нэгэн сайхан түүх ярин, зарим үед инээмсэглэж, хааяа санаа алдаж байх шиг сэтгэгдэл төрж байлаа. Зохиолыг өөрийн болгох, сэтгэлээсээ үзэгчдийн зүрхэнд хүргэх гэдэг нь энэ буй за.
Энэ үдэш Австралийн хөгжмийн зохиолч П.Террачинийн “Сонгодог хөгжмийн өлгий нутгаар” хэмээх бүтээлээр тоглолтыг өндөрлүүлснээ маэстро Б.Лхагвасүрэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ч гэсэн сонгодог хөгжмийн өлгий нутаг байгаасай гэсэн санаагаар, тэр нутгийн “Улаанбаатар фестиваль” оркестр ч дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцөд байр суурьтай хамт олон болоосой гэсэн ерөөлийг бэлгэдэж энэ зохиолыг сонгосон юм” хэмээн тайлбарласан.
Улаанбаатар фестиваль оркестр гэдэг нь “Улаанбаатар” олон улсын хөгжмийн наадмын үеэр тоглож байх бүрэлдэхүүн бөгөөд Улсын филармони, Консерваторын хөгжимчид, багш нар, оюутнууд болон гадаадад сурч, ажилладаг уран бүтээлчид юм. Тухайлбал, уг найрал хөгжмийн концертмейстер буюу тэргүүн хөгжимчин нь ОХУ-ын Эрхүү хотын Филармонийн гоцлол хөгжимчин Х.Санчир. Бас нэгэн жишээ татахад АНЭУ-д багшаар ажилладаг виолончельч Т.Энхмаа тоглож байх жишээтэй.
Хөгжимчин Т.Хуяг санаачилсан ажлыг удирдаач Б.Лхагвасүрэн болон хөгжимчид дэмжсэнээр хөгжмийн фестивалийг олон улсын статустай болгон, шат ахиулж чадлаа. Энэ удаа гадаадаас хийлч Евгений Део, мөн түүний удирддаг байгууллагын оркестрын концертмейстер, хийлч Анна Чен, БНХАУ-аас Шанхай хотын Хөгжмийн дээд сургуулийн оюутан, хийлч Шулуун, Бээжин дэхь Хятадын Консерваторын оюутан, Хятадын Залуучуудын оркестрын нэгдүгээр виолончельч Дэлхий гэсэн дөрвөн хөгжимчнийг урьж оролцууллаа. Дараагийн удаа гадаадаас 40 хөгжимчин урьж, хамтарч тоглохын төлөө ажиллах болно гэдгээ удирдаач Б.Лхагвасүрэн хэллээ. Үзэгчид хөгжимчдөд баяр хүргэн, удтал алга ташсанаар “Улаанбаатар” олон улсын хөгжмийн наадмыг хаалаа.