Эрчим хүчний салбарын “шинэхэн шилдэг инженер”, УБЦТС ТӨХК-ийн Реле хамгаалалт, туршилт тохируулгын албаны Телемеханик, автоматикийн инженер Цоодолын Наранбаатар. Хамт олон нь түүнийг Наабаа гэж дууддаг. Тэрээр 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 2009 онд Их засаг их сургуулийг Сүлжээний инженер мэргэжлээр суралцаж, дүүргэсэн. Өдгөө ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны техникийн сургуулийн магистрант. Мэргэжлээрээ шаргуу ажиллаж, багагүй туршлага хуримтлуулж яваа манай залуу инженерүүдийн төлөөлөл. Ц.Наранбаатар эрчим хүчний салбарын 2023 оны шилдэг инженерээр шалгарсан. Анх удаа эрчим хүчний салбар шилдэг инженерээр мэдээллийн технологийн чиглэлийн ажилтан шалгарсан нь салбарынхны сонирхлыг татсан. Тиймээс хийсэн ажлынх нь талаар та бүхэндээ сонирхуулахыг зорьж, түүнтэй ярилцлaa.
-Эрчим хүчний салбарын 2023 оны “Шилдэг инженер” гэх хүндтэй, бахархам шагналыг авахад нөлөөлсөн ажлаас хоёулаа яриагаа эхэлье.
-Диспетчерийн үндэсний төв (ДҮТ)-ийн санаачлагаар өнгөрсөн оны долоодугаар сард манай УБЦТС болон ЦДҮС компанийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн гол ажил нь Скада системийг интеграц хийж хооронд нь холбох. Дотроо гурван дэд ажлын хэсэгтэй. Түүний нэг нь ДҮТ-өөс Булган А, Б шугамыг Арол автоматикаас гаргаад УБЦТС ТӨХК дээр 80 МВт-аар хөнгөлөх туршилтын ажил байсан. Арол автоматик гэдэг нь эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон үед ДҮТ-өөс 7 үе шаттайгаар цахилгаан хэрэглээг автоматаар хязгаарладаг ажиллагаа. Булган А, Б бол хамгийн эхний шат дахь томоохон шугам. Энэ шугамаас 4-5 аймаг цахилгаан эрчим хүчээр хангагддаг. Тиймээс шугамын ачааллыг манай компани руу шилжүүлж, Арол автоматикаас гаргах зорилготой байсан. Тэгээд энэ ажлыг туршаад үзсэн чинь хугацааны хувьд Арол автоматикаас жаахан хойно байж таарсан. Тиймээс Арол автоматик руу орж болохгүй юм байна, харин яаралтай буюу цахилгаан станцууд дээр зуух зогсох гэх мэт аваарын саатал гарсан үед импортын эрчим хүч огцом өсвөл ДҮТ-ийн диспетчер манай компанийн Скада систем рүү дөрвөн бүлгийн таслах команд илгээж, 5 дэд станц 12 хуваарилах байгууламжийн 32 оролтыг нэгэн зэрэг таслах боломжтой болгох ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажиллагаа маань сая хэлсэнчлэн 1-4 бүлэгтэй, 1 бүлэгт 20 МВт хөнгөлөхөөр тооцоологдсон. Эхний сигналаар секундын дотор 20 МВт, дараа дараагийн сигналаар нийт 80 МВт ачааллыг хөнгөлнө. Товчхон хэлвэл, аваарын нөхцөл үүссэн тохиолдолд Булган А, Б шугамын одоо авч байгаа 80 МВт-ын ачааллыг хөнгөлөх интеграцийг хийж, хэрэглэгчид нь цахилгаан эрчим хүчээр тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэх үү дээ. Энэ мэдээллийн технологийн шийдлийг анх ДҮТ-ийн Реле хамгаалалт, автоматикийн инженер З.Тэмүүлэн, П.Энхболор нар санаачилж, манайхаас Б.Оюунтуул бид дөрөв хамтран ДҮТ, УБЦТС компани дээр хоёр талаас нь ажилласан. Энэ ажлаараа П.Энхболор бид хоёр хамтдаа 2023 оны шилдэг инженерээр шалгарсан.
-Танай ажлын хэсгээс хийсэн интеграцчилал зөвхөн энэ Арол автоматиктай холбоотой гэсэн үг үү. Манайд шинээр суурилагдаад байгаа реклоузеруудтай холбогдож ажилладаг уу?
-Үгүй ээ, манайх бол дандаа станцаар нь хөнгөлж байгаа юм. Реклоузер бол ачаалал хөнгөлөлтөд оролцоход бага чадалтай байгаа тул хүрэхгүй. Харин интеграцчилал хийгээд өгөхөөр 14 станцын 32 таслуурыг оролтоор нь шууд тасална. Жишээ нь ДҮТ-өөс диспетчер инженер 1 гэсэн сигнал өгөхөд эндээс нэгдүгээр бүлэгт багтах 8 таслуурыг тасална гэсэн команд шууд хэрэгжинэ. Эхний ээлжинд. Хэрвээ дөрвөн сигналыг бүгдийг нь өгвөл 32 таслуур шууд ажиллана. Интеграц гэдэг нь ДҮТ-ийн WAM (Wide area monitoring) системийг манай Zenon программ хангамжийн системтэй холбохыг хэлж байгаа юм. ДҮТ-өөс сигнал өгөхөд шууд ажиллаж, команд хэрэгжих мэдээллийн технологийн шийдэл гэж ойлгож болно.
-ДҮТ-өөс энэ интеграцчиллыг хийх санал ирэхэд бид мэдээллийн технологийн хөгжүүлэлт, шийдлийн хувьд хамтарч ажиллахад бэлэн байсан гэсэн үг үү?
-Тийм ээ, манайд Zenon программ хангамж нь бэлэн болсон байсан. Уг нь манайхаас ДҮТ-тэй интеграц хийж холбогдъё гэдэг санааг 5-6 жилийн өмнөөс гаргасан байдаг. Гэхдээ энэ ажлыг гэхээсээ ДҮТ дээр харагдаж байгаа импорт, үйлдвэрлэгдэж байгаа эрчим хүч болон хотын нийт ачаалал, хэрэглээний мэдээллүүдийг энд Zenon программ дээр харъя гэсэн санал. Мэдээллийн технологийн боломжоо ашиглаад яаж арай хөгжингүй болох вэ гэх үүднээс гэх юм уу даа. Дээр нь 2023 онд манай Мэдээлэл технологийн хэлтсээс шилэн кабелийн холболтууд болоод хоёр сервер хоорондоо мэдээлэл солилцдог ажлыг хийж өгөөд, бид нар наанаас нь ямар байдлаар мэдээллээ солилцох вэ гэсэн үндсэн юмаа хийж өгөөд, ерөнхийдөө зургаан сарын хугацаанд бэлтгэл ханган ажилласан. Тэгээд хоёр удаагийн давталтаар 20-80 МВт хөнгөлөх туршилт хийж, бүрэн нэвтрүүлсэн. Бүх үе шатаараа нийт 80 МВт-ын ачаалал хөнгөлсөн тохиолдол гэвэл саяын өнгөрдөг арванхоёрдугаар сард Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц дээр нэг зуух гэнэт зогсоход ашигласан. Тэрнээс өмнө нэгдүгээр үе шатаараа л хөнгөлсөн. Өнөөдрийн байдлаар хоёр удаагийн сигналаар командыг амжилттай гүйцэтгээд байна.
-Цаашдаа 20 МВт-ын хүчин чадалтай үе шат дөрвөөс илүү болж нэмэгдэх магадлал хэр байгаа бол?
-Магадлалтай. Систем ачааллаа дийлэхгүй, импортоо хязгаарлах шаардлага үүслээ л гэвэл нэмэх байх. Ер нь бол таван бүлгийн нөөцтэй байя. Гэхдээ 2023 - 2024 онд шилжих өвлийн их ачааллын хэмжээг харгалзан дөрвийг нь ажиллуулъя гэсэн байдлаар ДҮТ-өөс шийдвэрлэсэн.
-Энэ ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Ерөнхийдөө 2023 оны зургаан сарын сүүлээс яригдаж эхлээд, долдугаар сарын эхээр ажлын хэсэг байгуулагдсанаар ажил хэрэг болж эхэлсэн. Интеграц хийх ажил маань удаан, бараг сарын турш үргэлжилсэн. Энэ хугацаанд юмнууд маань болж өгөхгүй байх зүйл зөндөө л байсан. Тэгэж явсаар орсон хойноо ганцхан сигнал аваад энэ дээрээ туршиж эхэлсэн. Бид урьд нь ийм ажил хийж байсан туршлагагүй, ер нь бол системийн хэмжээнд анх удаа хийж үзэж байгаа нь энэ юм. Скадаг бол бид нар нэг станцаа диспетчер команд өгөөд, хүлээгээд, confirm дараад, зөвшөөрч байна гээд тасалдаг эсвэл залгадаг. Нэг л шугамыг шүү дээ. Харин одоо бол анх удаа 32 таслуурыг зэрэг тасалж үзэж байгаа, түүгээрээ онцлог ажил л даа. Мэдээж хүний гараар 32 таслуур зэрэг таслагдахгүй. Тэрэн дээр нь манайхан энэ тухай код бичиж өгч байгаа юм. Үүн дээр нь л интеграц хийгээд Zenon программ хангамжийн логик гээд функц дээр нь ийм сигнал орж ирвэл ингэж тасалъя, энэ нь хоёрдугаар бүлэг, энэ нь гурав, дөрөвдүгээр бүлэг нь гээд ялгаад код бичсэн гэсэн үг.
-Нөгөө ялгаж өгсөн программын кодууд нь яг ажиллуулаад үзэхэд нь ингэх байж, тэгэх байж гэхээр зөрөх, алдах юм байв уу?
-Байна, байна. Нэг таслуур дээр гарч л байсан. Хугацаа нь арай удах гэдэг ч юм уу сүлжээтэй л холбоотой зүйл гарч байсан. Манайх ДҮТ-өөс УБЦТС компани хүртэл шилэн кабелиар, цахилгаан түгээхээс дэд станцуудын холболт маань 3G, 4G сүлжээгээр дамждаг. Дата дугаартай гэсэн үг. Тийм болохоор багахан хугацааны удах зүйл байсан. Гэхдээ одоо тийм асуудал бараг байхгүй болсон.
-Бидний энэ технологийн дэвшил хөгжингүй орнуудад ямар түвшинд хүрч хөгжсөн байдаг юм бол?
-Олон улсад бол хөгжингүй хувилбарууд нь байгаа л байх. Манай системийн хэмжээнд бол ДҮТ WAM системээр бүр томоор нь тасалж, залгаж байна. Харин цахилгаан түгээх сүлжээний хувьд бол ДҮТ-ийн WAM системд холбогдож, төвийн бүсийн системийн томоохон шугамыг ачаалагдсан үед нь салгаж, тасалж эхэлсэн нь анх удаа юм. Эрчим хүчний систем өвлийн их ачааллыг дийлэхгүй, импортын эрчим хүчийг хязгаарлаж болзошгүй гэх урьдчилсан таамаглал гараад, түүнийг шийдэх зорилгоор хийгдсэн, томоохон ажил. Ямар ч байсан амжилттай ажиллаж чадсан. Одоо бас ч гэж өвлийн тэр үеийг бодвол хэрэглээ хамаагүй буурсан.
-Мэдээлэл технологийн хэлтсээс Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба руу шилжиж ажилласан нь ийм учиртай юм байж. Ер нь Мэдээлэл технологийн хэлтэст байхаас нь л хийж байгаа ажлыг нь сайн мэдэхгүй, ойлгохгүй явж иржээ. Энэ мэргэжлээр хаана суралцаж, ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан талаараа дурсах уу?
-Тийм ээ, энэ ажлаа дагаад шилжсэн. Би Их засаг их сургуулийг Программ хангамжийн инженерээр суралцаж дүүргэсэн. Их сургуулиа төгссөн жилдээ энэ компанидаа орж, ажлын анхны гараагаа эхэлж байлаа. Анх Мэдээлэл технологийн хэлтсийн ашиглалтын инженерээр томилогдсоноос хойш 12 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд ашиглалтын инженерээс сүлжээний инженер болоод, 2015 оноос компанид нэвтрүүлж эхэлсэн Скада системийг хариуцаж, 2018 оныг дуустал үе шатттайгаар нэвтрүүлэхэд, мөн ухаалаг тоолуурын системийг хариуцаж, сүлжээний чиглэлээр ажилласан. Тэр үед бидний хийж байсан мэдээллийн технологийн чиглэлийн ажлууд одоо бол хоцрогдсон, илүү хөгжсөн. Тэгээд 2021 оны арваннэгдүгээр сараас станц, реклоузерууд нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба өргөжиж, телемеханикийн хэсэг нэмэгдэхэд Скада систем дээр хамт ажиллаж байсан П.Үнэнбаяр, Б.Даулеткерей, А.Батцоож зэрэг мэдээлэл технологийн чиглэлийн инженерүүдтэйгээ ажлаа даган шилжиж, бусад залуусын хамт ажиллаж байна.
-Тэр жил Скада системийг нэвтрүүлж эхлэхэд Диспетчерийн албанд яг ийм байдлаар мэдээллийн технологийн инженерүүд баг болон орж ажилласантай ижил байх нь.
-Тийм ээ, ер нь эрчим хүч, мэдээллийн технологи хоёр салшгүй холбоотой ойлголт болчихож. Цаашдаа мэдээллийн технологигүйгээр хөгжинө гэсэн ойлголт байхгүй юм билээ. Сүлжээ, сервер, программ, реклоузерын туршилт тохируулгыг хийх гээд бүх л юмаа мэдээллийн технологийг ашиглан явуулж байна шүү дээ.
-Манай компанийн нэгжүүдийн өдөр тутмын ажил мэдээллийн технологиос хэдийнээ хараат болсон. Сүлжээ, программ жаахан л саатахад яаж бухимддаг билээ дээ. Бодох нь ээ, “IT-ийнхан”-даа өнгөрсөн хугацаанд гомдол л тавьцгааж байсан нь анзаарагддагаас, талархах өнцгөөр хандаж байл уу, яалаа? Та бүхэн маань ч ажил байдлаа бас учирлаж, ойлгуулахдаа маруухан, эергээр хэлвэл даруухан нөхөд юм.
-Ямар ч байсан компанид түгээх, хангах аль ч чиглэлээр шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд мэдээллийн технологийн хувьд сууриа бий болгочихсон, чадлаараа дэмжээд, хөгжүүлээд явж байна. Суурь гэснээс 2012 оноос Мэдээлэл технологийн хэлтэс компанийн гадаад сүлжээг бүрэн нэвтрүүлсэн байдаг. Гадаад сүлжээ орсноор энэ Скада системийг нэвтрүүлэх суурь боломжууд бий болсон. Мөн нэг оператороос интернэт урсгалаа авдаг болж, тэр оператортайгаа APN буюу тусдаа сүлжээ үүсгэн станцуудынхаа мэдээллийг, ХХХМС болон хамгийн сүүлд нэвтрүүлсэн түгээх, хангах үйл ажиллагааны нэгжүүдийн мэдээллийг солилцох нэгдсэн систем болох “Гэрэл”-ийг нэвтрүүлэх боломж бий болсон. Хуучин ХҮТ бүр дээр санхүү, борлуулалтын тусдаа серверүүд байдаг, мэдээллээ маргааш нь солилцдог. Хэдэн жилийн өмнө борлуулалтын систем өндөрлөгөө хийхэд мэдээллийн баазаа hard disk дээр хуулж аваад явдаг, ажиллагаа ихтэй байлаа. Тэр бүрд хугацаа алддаг, хэрэглэгчийн банкинд төлсөн мөнгө маргааш нь орж ирдэг байсан. Одоо бол бүх сервер төв дээр төвлөрсөн. Хэрэглэгчийн хийсэн төлбөр шууд ороод ирдэг болсон. Дахиад арван жилийн дараа мэдээллийн технологи биднийг ямар түвшинд аваачихыг хэлэхэд хэцүү, маш хурдацтай хөгжиж байна. Хамгийн гол нь компанийн удирдлага хэр дэмжиж байгаагаас мэдээллийн технологийг хөгжүүлэх асуудал нөлөөлдөг юм байна гэдгийг сайн ойлголоо.
-Ажилд ормогцоо хэний ч заавар, зөвлөгөөгүйгээр бүх ажлаа мэдээд, хийгээд явчихдаггүй. Ялангуяа манай компанид залуу ажилтанд арай илүү туршлагатай хэн нэгэн мэргэжлийн талаас нь зааж сургадаг уламжлал байдаг шүү дээ, өөрийн тань тухайд?
-Тиймээ, намайг анх ажилд ороход одоогийн ахлах инженер Г.Цогттулга ах бүгдийг чиглүүлж, зааж сургасан. Энэ хүнийг би багшаа, өөрийгөө шавь нь гэж бодож явдаг. Харин компанид Скада систем орж ирсэн үед энэ төслийг манайд нэвтрүүлсэн МСЭЛ ХХК-аас биднийг хоёр жилийн хугацаанд сургаж, дадлагажуулснаар энэ чиглэлийн мэдлэг, туршлагад суралцсан. Тэрнээс хойш бид нар яг өөрсдөө бие даан судалж, хариуцаж, хийж яваа. Бүгд л адилхан, энэ замаар явдаг байх гэж боддог. Тухайн үеийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.Ган-Өлзий, Техникийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтандуулга нар ДҮТ-д Скада системийг нэвтрүүлэх ажилд гар бие оролцож явсан туршлагатай байсан нь томоохон дэмжлэг болсон. Манай компани Скадатай хамт “Дуудлагын төв 70047004”-ийг бас амжилттай нэвтрүүлсэн шүү дээ. Мөн л тусдаа программ хангамжтай, үйл ажиллагаа нь мэдээллийн технологи суурьтай. Дараа нь реклоузерууд 2018 оноос нэвтэрч эхэлсэн, одоо манай компанийн 138 цэгт реклоузерийн пункт суурилуулж, Скада системтэй холбоод байна. Өнгөрсөн энэ арван жилийг эргээд бодоход бидний хувьд их ажил ундарсан, сурч мэдсэн, ололттой жилүүд өнгөрсөн байна.
-Түүнээс өмнө 2007 онд Зуслан чиглэлд нэг реклоузер суурилуулсан шиг санагдаад байх юм. Тэр анхны реклоузер биш үү?
-Тийм ээ, тэр анхных байх. Гэхдээ алсаас мэдээлэл дамжуулахгүй, удирдахгүй. Мэдээллийг нь хүн очиж авна, яг хэзээ хамгаалалтаар тасарсныг нь мэдэх боломжгүй. Хэрэглэгчээс дуудлага ирсэн тохиолдлоор баримжаа хугацаа авдаг байсан. Одоо бидний яриад байгаа шинэ технологийн реклоузерыг Скадагаас удирдана. Ямар хамгаалалтаар тасарсныг тухайн секундэд л мэдээлнэ. Гэхдээ энэ системийг хэдий 2018 онд нэвтрүүлсэн ч гэлээ бидэнд дутуу, хийж чадахгүй гэх мэт зүйл зөндөө байсан. Энэ бүх юмаа бид гүйцээх, хөгжүүлэх ажлыг сүүлийн хоёр жилд хийж дуусгалаа. Түрүү жилээс бүх реклоузер маань секундын дотор мэдээлэл солилцдог болж чадсан. Реклоузер нь газардлагын хамгаалалттай тул манайханд бас их тус болж байна. Зуслан чиглэлд байдаг манай 35 кВ-ын Хандгайт, Яргайт, Дашчойнхор дэд станцуудаас гарсан нэгдүгээр шугамууд дээр мөн Сонгино, Өгөөмөр дээр ч бас вакуум таслууртай реклоузерууд суурилуулан газардлагын хамгаалалтын асуудлыг давхар шийдсэн. Хамгийн гол нь эдгээр 138 цэгт суурилуулсан реклоузерууд нь тухайн шугамын хэмжээнд гарах байсан томоохон тасралтыг бага хүрээнд тусгаарлаж, тэр хэрээр хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ тасалдах, цахилгаан эрчим хүч дутуу түгээгдэх эрсдлээс хамгаалж байна. Гүйцэтгэх захирал оны эхээр танилцуулсан тайландаа дурдаж байна лээ. Өнгөрсөн онд эдгээр реклоузеруудын хүчээр алдагдах магадлалтай 12 тэрбум төгрөгийг бид атгаж үлдэж чадсан гэж. Хийсэн ажлынхаа үр шимийг тэгэж сонсоход сайхан байсан.
-Та бүхний телемеханик автоматикийн чиглэлийн ажил хэр удаан үргэлжлэх вэ. Дараагийн төсөл нь юу байх бол гэсэн сонирхол төрөөд байх юм?
-Телемеханик автоматикийн чиглэлдээ суурин байх болов уу. Учир нь цахилгаан түгээх сүлжээнд реле хамгаалалт, диспетчерийн алба, телемеханик автоматикийн ажиллагаа гурав салшгүй холбоотой. Бүх мэдээллийг реленээс л авч байгаа. Интернет сүлжээ, программ хангамж яалт ч үгүй бүх үйл ажиллагааны суурь хэсэг нь болсон байна. WAM системтэй интеграц хийж холбогдох бидний эхний ажил бол үндсэндээ ойлгомжтой, хийгдээд явна. Саяхан бид ДҮТ-ийн системийн болоод хотын ачаалал, эх үүсвэрүүд буюу Дулааны цахилгаан станц, ус, нар, салхин станцуудын ачаалал, давтамжийг харах, хянах бүтэн дэлгэцийг эндээ хардаг болох санаагаа хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлвэл ДҮТ дээр харж байгаа мэдээллийг манай диспетчер инженерүүд хардаг боллоо. Дараагийн ажил маань ЦДҮС компанитай Скадагаар интеграц хийх. Дамжуулах сүлжээ энэ жил 12 станцаа Скадад холбоно гэсэн мэдээлэл авсан. Одоогоор 6 станц нь Скадад холбогдчихсон. Тэндээс манай түгээх сүлжээний 35/10/6 кВ-ын шугамын толгой тал нь гарч байгаа. Тэрний бүх мэдээллийг авч байгаа гэсэн үг. Саяхнаас дамжуулахын Умард дэд станцаас гарсан шугамуудын мэдээллийг манайх авч, эргээд бид Умард дэд станцаас гарсан Скада систем нэвтэрсэн дэд станцуудын мэдээллийг дамжуулах руу өгч эхэлсэн. Цаашдаа манай хоёр компани бүх станцынхаа хооронд солилцох мэдээллүүдээ боловсруулж, бэлдэх байх. Энэ жилдээ багтааж бүгдийг нь интеграци хийж дуусгахаар зорьж байна. Энэ ажлын үр дүнд манай Диспетчерийн албаныхны горим тооцоолол хийх ажил хөнгөвчлөгдөж, хялбар болох юм.
-Ирээдүйн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийг мэдээллийн технологийн инженерийн хувьд ямраар төсөөлж байна вэ?
-Хийхийг зорьж байгаа ажлуудаас хамгийн том нь гэвэл “Агаарын шугамын ухаалаг сүлжээ”-г реклоузерийн тусламжтайгаар нэвтрүүлэх. Энэ бүхнийг хийх, тэрний төлөө зорьж байна. Бид ирээдүйд нэг ч хүний оролцоогүйгээр тасалж, залгадаг технологитой ухаалаг сүлжээтэй болох болно. Тэр ирээдүйг тийм ч хол гэж би бодохгүй байна. Эцэст нь хэлэхэд удирдлагууд маань энийг хийе, урагшлуулъя гээд дэмжээд өгөх л юм бол манай инженерүүдэд хийе гэсэн сэтгэл байна, ямар ч асуудалгүй ажлыг хийж, явуулж чадаж байна. Төсөл хэрэгжсэн түүхээс хэдийд нь зогсонги, хэзээ эрчтэй урагшилж байгаагаар бас тухай үеийн удирдлагаас хэр дэмжиж, зүтгэсэн нь харагдах байх. Цаг үеийн хэрэгцээ шаардлага, нөхцөл нөлөөлдөг ч байх.
Д.Цэнгэлмаа