Израилийн нийслэл Иерусалимын ойролцоо томоохон ой хээрийн түймэр дэгдсэний улмаас Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үндэсний хэмжээнд онц байдал зарлажээ. Мөн ойролцоох бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, авто замуудыг хаасан байна. Тус улсын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Эйял Каспийн мэдээлснээр энэ бол Израилд сүүлийн 10 жилд гарсан хамгийн том түймэр аж. Хэт халуун, хүчтэй салхины улмаас ой модтой газарт түймэр хурдан тархаж буй гэнэ. Тус улсын MDA аврах агентлагийнхны мэдээлснээр одоогоор 23 хүн түймрийн утаанд хордож, түлэгдсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ. Тэдний дунд жирэмсэн хоёр эмэгтэй, нярай хоёр хүүхэд байгаа аж.
У.Сүрэн