ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 60 жилийн ойд зориулсан “Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр дэлгэлээ. Үзэсгэлэнд манай улсын биологичдын олон жилийн судалгааны үр дүнд илрүүлсэн шавж, бичил ургамлын үзүүлэн, микро организмын цуглуулга болон лабораторийн тусгай багаж хэрэгслүүдийг дэлгэснээрээ онцлог. Дэлхий ертөнцийг амьтай, шимтэй болгож байдаг биологийн баялаг төрөл зүйл, байгалийн олон өнгө, тэдгээрийн гинжин холбоо, эе зохирлыг “Амьд ертөнцийн спектр”-ээс харах, мэдрэх боломжтойг зохион байгуулагчид нь дурдлаа. Биологийн хүрээлэн нь шувуу, шавж, хөхтөн, гидробиологи, загас, микробиологи, ургамлын биотехнологи, микробын нийлэгжил, генетик, молекул биологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг найман лаборатори, эрдэм шинжилгээний нэг төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нь бүгд цуглуулгын сантай. Шавжийн сан хөмрөгт нь гэхэд одоогоор 100 мянга гаруй цуглуулга, 3000-аад зүйлийн эталон материал (спирт, давс зэргийг ашиглан хуурай аргаар хатаасан биет) бий аж. Харин гидробиологи, загас судлалынхад нь 1950-иад оноос хойш цуглуулсан, 11 зүйл загасны 1400 орчим дээж буй. Бусад лабораторид нь ч мөн гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтарсан хээрийн судалгааны үр дүнд илрүүлсэн, цуглуулсан дээж, хатаамал арвин гэнэ. “Чингис хаан” үндэсний музейг зорин очсоноор эдгээрийн дээж болсон ховор, сонин үзмэрүүдийг нэг дороос үзэх боломжтой. “Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэнг ирэх сарын 1 хүртэл олны хүртээл болгохоор төлөвлөжээ.