Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Сэтгүүлчээсээ илүү Монголын хөл бөмбөгийн холбоог удирдаж асан гэдгээрээ олон нийтэд зүс танигдаж, АН-ын жагсаалтын 15-д бичигдэн, УИХ-д “морилсон” гишүүн бол Амгаланбаатарын Ганбаатар. “Би багаасаа хөл бөмбөгт хоббитой, тоглох дуртай, “Арвис” гэж хувийн клуб байгуулсан. Тэр цагаас л хөл бөмбөгийн зүтгэлтэн болсон” хэмээн өөрөө ярь¬сан ч цаана нь улс төрийн ашиг сонирхол, өнөөгийн албан тушаалынх нь гишгүүр Монголын хөл бөмбөгийн холбоо байж магад. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд буюу найман жил зөвлөхөөр нь ажилласан төдийгүй АНын дарга Л.Гантөмөрийн дотнын найз гэгддэг. АН-ын даргын ивээлд багтсаныхаа хэргийг гаргаж, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтад дээгүүр бичигдсэн билээ.
Тэрбээр 2009-2017 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөхөөр хүчин зүтгэсэн байна. Зөвлөхийн ажлаасаа буусны дараа тэрбээр сэтгүүл зүйн салбартаа эргэн ирэлгүй хөл бөмбөгийн холбоондоо үлдсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид зөвлөхийнхөө зэрэгцээ Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдсон сүйхээтэй нэгэн. Тус холбоог 2023 оныг хүртэл тасралтгүй найман жил удирдсан. Түүний удирдсан цагаас хойш Монголын хөл бөмбөгийн спорт уруудсан хэмээн салбарынхан нь ил тод хэлдэг юм билээ. Үзэгчгүй, клубүүд нь орлогогүй, засаглал нь доройтсон, тамирчид нь цалингүй болсон гэж шүүмжлэгчид цөөнгүй. Өдгөө ч тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг тамирчид нь эсэргүүцэн, хамтран ажиллахгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд буй. Холбооны өмнөх ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн А.Ганбаатар ха¬рин эртний танил, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг дэмжиж, түүний байгуулсан клубийнхэн нь саналаа өгсөн гэдгээ илэрхийлсэн нь Монголын хөл бөмбөгийн холбоо улс төрчдөөс хамааралтай явж ирснийг батлах мэт.
А.Ганбаатар 1989 онд нийслэлийн 13 дугаар сургууль, 1990 онд МУИС-ийн герман хэлний бэлтгэл, 1996 онд МУИС-ийн МСДС-ийн сэтгүүл зүйн бакалавр, 2012 онд АНУ-ын Индианагийн их сургуулийн Хууль зүйн их сургуулийн магистрын хөтөлбөрийг тус тус дүүргэжээ. Тэрбээр ажлын гараагаа 1996 онд “25 дугаар суваг” телевизээс эхлүүлсэн байна. Гэвч мэргэжлээрээ бараг ажилласангүй. Тус телевизид хоёр жил сэтгүүлчээр ажиллаад “New tour” ХХК-д менежер, “Медиа групп” ХХК-ийн ерөнхий захирлын албыг тус тус хашжээ. Харин 2002-2004 онд АПУ ХК-д Маркетингийн газрын захирлаар ажилласнаар нам дагаж, тушаал дэвших сууриа бэхжүүлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Батхүү агсан А.Ганбаатарыг “дэргэдээ авч”, удалгүй NTV телевизийн ерөнхий захирлаар ажиллуулжээ.
Удирдсан холбоогоо таван тэрбумын өрөнд оруулсан гэх мэдээлэл цахимд цацагдсан байв. Дэлхийн болон Азийн хөл бөмбөгийн холбооноос олгосон асар их хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх тайлан, мэдээлэл байдаггүй гэж холбооныхон нь ярьдаг юм билээ. Авлигатай тэмцэх газраас танилцуулсан 2024 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ А.Ганбаатар өөрийн орлого 338, гэр бүлийн орлого 37 сая, 2.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, зуслангийн нэг байшин, 315 сая төгрөгийн өртөг бүхий тээврийн хэрэгсэл, 194 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дөрвөн компанид хувьцаа эзэмшдэг гэжээ.
Тэрбээр өдгөө УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн. 126 гишүүнээс бүрдсэн анхны парламент нэг жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл боловсруулах зэрэгт оролцож ажилласан хэмээн А.Ганбаатар цахим хуудсандаа тайлагнасан байна. “Хөл бөмбөг улс төртэй холилдож болохгүй спорт. Тиймээс улс төр 27 дахь асуудал гэж” хэдэн жилийн өмнө ярьж байсан нь салхинд хийсэж, өөрөө ч энэ үгээ мартсан байж мэднэ.
Ч.Болор