Хэт халалт, үер, усны аюул, газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн аюулт, гамшигт үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн хаа саагүй тохиож, улс орнуудыг хөгжингүй, хөгжил буурай гэж ялгалгүй сандаргаж байна. Энэ оны тавдугаар сараас хойш гэхэд гэнэтийн аадар, далайн хар салхинаас үүдэлтэй үер, хуурайшилтаас улбаатай түймэр хүн төрөлхтөнд асар их хэмжээний хор хохирол учруулсныг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулаад, улс орнуудыг байгалийн давагдашгүй хүчин зүйлд бэлтгэлтэй, сэрэмжтэй байхыг сануулсаар буй. Харин манай улс түүхэн ой, найр наадам, аялал зугаалга гээд ертөн¬цийн үймээнээс ангид, ерөөс ийм эрсдэл тохиогоогүй, тохиохгүй юм шиг налгар назгай буй. Гэтэл нийт нутгаар зуншлага гойд муу, ган гачигтай, гэнэтийн аюул осол, гамшигт өртөхөд юу юугүй бэлэн байна.
Монгол оронд энэ жил айхавтар гантай зун тохиож байгааг малчид, тариаланчид, орон нут¬гийн иргэд толгой сэгсрэн ярьсаар. Харин урин дулааны улиралд “орон хот”-оо тойрдог уламжлалаараа нутгийн зүг жолоо залаад ирсэн суурин газрынхан амны бэлгэ, ашдын ерөөлөө бодон “Зуншлага давгүй байна” гэж эерүүлэх, эсвэл гол, усны хаяа бараадсан болоод “Өвс ургамал жигд сайхан гарч” хэмээн мэдэмхийрэх аж.
МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН УЧИРЛАЛ
Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болсон Төв, Сэлэнгэ, ДарханУул аймагт энэ жил бороо хур эрс бага орсноос тариаланчид ихээхэн хэмжээний ургац алдаж магадгүй нөхцөл үүсжээ. Усалгаатай газар тариалан эрхлэгчид л “амиа барьж”, багахан ургац авах шинжтэй гэж орон нутгийн иргэд өгүүлж сууна. Гүзээлзгэнэ, улаалзгана, нэрс зэрэг байгалийн жимс өнөө жил бүр нүдний гэм болж. Цэцэг нь гараад л ургаж амжилгүй, нялхаараа хатчихаж байна гэх. Сэлэнгийнхэн ямар сайндаа “Жимс их, бага ургалаа гэж сонсож байснаас огт ургасангүй гэж дуулсангүй. Хот газраас жимсэнд хүмүүс их ирж буй ч шатахуунаа үрээд буцаж байна. Ийм халуун, гандуу байхад жимс байтугай нь ургахгүй шүү дээ” хэмээн шогширно лээ. Харин малчид нь “Манай нутгийг хэзээнээсээ бэлчээр, ус сайтай гээд хаа байсан баруун хязгаар нутгаас малчид ирж нутагладаг юм. Ирэх өвөл хэцүүдэх шинжтэй” гэж үнэн учраа хэлсэн.
Жимс, жимсгэнэ ховордсоноос хоол тэжээл эрсэн хөвчийн бор малчдын хашаа хороо, хоттой мал руу дайрах нь ч элбэгшсэнийг иргэд анхааруулсан. Улаанбаатараас Сэлэнгийн чиглэлд зорчиход байгалийн зэрлэг жимс, даршилсан ногоо гээд нутгийн брэнд бүтээгдэхүүнээ эрийлгэн өрсөн явуулын худалдаа эрхлэгч замын хажуугаар хаа сайгүй таардаг сан, өнөө жил аргагүй цөөдөж, санал болгодог зүйлсийнх нь төрөл ч эрс хумигджээ.
Сүүлийн жилүүдэд зуншлага харьцангуй сайтай байсан, отрын гол бүс нутагт тооцогддог Хэнтий, Дорнод, Сүхбаатарт ч нөхцөл байдал сайнгүй буй аж. Говийн бүсийнхэн гараа цэврүүттэл ховоо татаж, өвс ногоо эрж “шогших” хэдэн малаа хар гүйхээгээрээ дагаж байгаа гэх. 2023, 2024 онд дараалан гантай байсан Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймагт энэ жил ч зуншлага базаасангүй.
Улаанбаатараас дөнгөж гарав уу, үгүй юү таарах, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь мод үржүүлгийн газруудын талбайг тогтож нэг ажаарай. Бойжуулсан тарьц, суулгацууд нь намар цагийн модод шиг, эсвэл хортон шавжийн дайрлагад өртсөн гэлтэй оройгоосоо эхлэн шарласан байгаа. Энэ мэтчилэн дурдвал Монгол оронд гангийн аюул заналхийлэл газар сайгүй нүүрлэснийг илтгэх шинж тэмдэг, “онцгой” үзэгдэл өчнөөн.
АЙСУЙ АЮУЛЫГ АНХААРУУЛСАН ҮНЭЛГЭЭ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхэн “Aqua” хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн гангийн эрсдэлийг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлдэг. Өнгөрсөн сарын 1-ний байдлаар гаргасан үнэлгээгээр Монгол орны 330 сумаас хоёрт нь л гангийн эрсдэл маш бага, бусдад нь дунд, их, маш их байв. Тодруулбал, ой бүхий Хөвсгөл, Булган аймгийн нийт нутагт гангийн эрсдэл маш бага болон дунд, бусдад нь жигд өндөр байсан юм. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 31- нд гаргасан гангийн эрсдэлийн зураглалаар нийт нутгийн 38 хувьд гантай, гандуу, 62 хувьд хэвийн хэмээн гарчээ.
Дээрх хэлтсийнхнээс эрсдэлийн үнэлгээний талаар дэлгэрүүлж асуухад “Жилийн эхний хагаст нийт нутгийн 52 хувь буюу талаас илүү нь гантай байсан. Үүнээс 60 орчим хоногийн дараах байдлаар гантай, гандуу нутгийн эзлэх хувь 38 боллоо. Гантай, бэлчээрийн ургамал муу гарсан газруудаас 14 хувь нь хоёр сарын хугацаанд хэвийн түвшинд шилжсэн гэсэн үг. Одоогоор Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, ГовьАлтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговийн зарим, Дорнод, Сүхбаатарын цөөн сумд гангийн эрсдэл өндөр байна” гэв.
Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга “Өнгөрсөн дөрөвдүгээр сар газар тариалангийн бүс нутагт сүүлийн 40 жилд тохиогоогүй дулаан сар болсон. Тав, зургааду¬гаар сар ч ялгаагүй, хур тунадас багатай, аагим үе байлаа. Үүнээс үүдэн гангийн эрсдэл нэмэгдсэн. Одоо газар тариалангийн салбарт усалгааны, бусад бүсэд цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи болон хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдэх шаардлагатай” хэмээсэн юм.
НЭГ ЗООСНЫ ХОЁР ТАЛ
Энгийн бөгөөд товчхоноор хэлбэл ган гэдэг нь байгальд хур чийг дутагдсаны улмаас хөрсний үржил шим алдагдах, уур амьсгал хуурайших үзэгдэл юм. “Монгол орны нийт нутгаар зуншлага тааруу, хуурайшилт өндөр” гэх атлаа гэнэтийн усархаг аадраас үүдэлтэй үер яагаад үе үе сандаргах болов хэмээн уншигчид гайхаж байж юуны магад. Хэт халалтын улмаас далай, тэнгис, гол, нуурын ус их хэмжээгээр ууршиж, улмаар агаарт хуримтлагдсан хийн дуслууд асар хүчтэй бороо болж богино хугацаанд орох тохиолдол нэмэгддэг гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлав. Сүүлийн 14 хоногт гэхэд дэлхий дахинд их хэмжээний хор хохирол дагуулсан, томоохон гэж хэлж болохуйц үер 10 гаруй улсад тохиосон гэнэ. Тэгэхээр хэт халалт болон үерийн аюул нь нэг зоосны хоёр тал аж. Усархаг аадар гэнэт орж, хот, хөдөөгүй сандаргах болсон нь үүнтэй холбоотой юм байна. Гэтэл бодит байдалд манай улсын гол, нуурын ус энэ зун эрс татарсныг мэргэжилтнүүд хэллээ.
Ширгэсэн, тасарсан гол, нуурын тооллого, судалгааг сав газрын захиргаад тал талд эхлүүлээд байна. Бидэнд хамгийн ойр, нүднээ илхэн жишээ гэвэл нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болсон Туул голын ус Улаанбаатар хот орчимд эрс татарч, Төв аймгийн Лүн сумын хавьцаа тасрахад ойртжээ. Ямар сайндаа л Усны газрын дарга нь “Хэрэв яг ийм уур амьсгалтай байсаар байвал гангийн зэрэглэлд шилжүүлж, ус ашиглалтын хязгаарлалт ч тогтоож болзошгүй” гэж анхааруулсан юм.
ИРЭХ ӨВӨЛ, ХАВРЫН ӨНГӨ
Гантай жил бүс нутгийн онцлогоос хамаараад бэлчээрийн ургамлын гарц 20-60 хүртэлх хувиар буурдаг гэнэ. Тариа, ногоо хэдийчинээ тачир сийрэг, муу ургасан байна, намар бэлтгэх хадлан, хураах ургацын хэмжээ төдийчинээ багасна. Хот, хөдөөгүй бүгдэд нь мэдрэг тусах нөлөөлөл гэвэл үүнээс шалтгаалаад гурил, улаан буудай, төмс, хүнсний ногооны хангамж муудах, үнэ нь өсөх, экспортоос хараат байдал нэмэгдэх эрсдэлтэй. Мөн өвөл бэлчээрийн даац тэр хэрээр багасна, малчид нутаг сэлгэж, отор нүүдэл хийхээс аргагүйд хүрнэ. Хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй мал сүрэг цасны бараанаар өлдөж харангадах аюулд орно, малчид хотоо харлуулахгүйн төлөө амь хайргүй тэмцэлдэнэ. Тиймээс ган, зудын эрсдэлийг байгалийн хосолмол гамшиг хэмээн үзэж, зуншлагын байдлаар айсуй өвөл, хаврын өнгийг шинждэг юм. Байгалийн энэ бичигдээгүй хууль, зүй тогтлоор бол 2025-2026 оны намар, өвөл, хавар Монгол орны хөдөө аж ахуй, малчид, тариаланчдын ахуй амьдралд төдийгүй манай улсын нийгэм, эдийн засагт хүндхэн сорилт, их хэмжээний хохирол дагуулж мэдэх төлөвтэй. Тиймээс малчид, тариаланчид айсуй аюулын дохиогоор дор бүрнээ “үймэлдээд” эхэлж. Харин байгаль, цаг уурын аюулт, гамшигт үзэгдлийн үнэлгээ хийж, нөлөөллийг нь тодорхойлон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байгууллагынхан юу хийж байна вэ.
УОК, ОБЕГ-аас гангийн нөхцөл байдалтай уялдуулан отор нүүдлийг эртнээс оновчтой зохион байгуулах, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүрэг чиглэлийг 21 аймаг, нийслэлийн шуурхай штабын бүрэлдэхүүнд өнгөрсөн сарын сүүлчээр хүргүүлээд буй гэнэ. Харин ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн болон газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан “Манай яамнаас хүргүүлсэн чиглэлийн дагуу аймгийн ХХААГ-ынхан отроор өвөлжих малчин өрх, малын тооллого, судалгааг бүс нутагтаа эхлүүлсэн. Мөн Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийн зарим сумынхан зуслангаас нүүх хугацааг нарийвчлан тогтоох, хадлангийн талбайг хамгаалах, малын хөлөөс чөлөөлөх ажлуудыг нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. Түүнчлэн газар тариалангийн тогтвортой байдлыг хангах зорилготой “Атар-4” аяны хүрээнд ургац хураах хугацааг тогтоох, тариаланчдыг дэмжих, тэжээлийн болон сэлгээний ургамлын нөөц бүрдүүлэх зэрэг олон талт арга хэмжээ авч байгаа”-гаа хэлэв.
Монголын тариаланчдын үндэсний холбооныхон гангийн нөлөөллийг урьдчилан тогтоож, төрийн холбогдох байгууллагынханд энэ чиглэлээр санал хүргүүлэхээр ажиллаж буй гэнэ. Тус холбооны тэргүүн Л.Баяртулгын ярьж буйгаар газар тариалангийн гол бүс нутгуудын гангийн эрсдэл харьцангуй бага газруудад гэхэд ургац 50, харин хүчтэй нэрвэгдсэнд нь 100 хүртэлх хувиар алдах эрсдэлтэй аж.
Н.Мишээл
