Улаанбаатар хот хүрээгээ тэлж, барилга, байгууламж, зам, талбай нэмэгдэхийн хэрээр нийслэлийн иргэд жил бүрийн зун уртын харайлтын “тамирчин” болдог билээ. Хаашаа л харна, гуталтай, гуталгүй, ус туулсан, үсэрч харайсан залуус, ойр хавийнхаа хайс хашлагаас “зүүгдсэн” ахмадууд, цүнх, саваа шавхай болгохгүй гэсэндээ дээшөргөсөн хүндийг өргөлтийн тамирчид шиг хүмүүс. Ер нь борооны дараа хотоор алхана гэдэг хурд, хүчний тэмцээнд авхаалж самбаагаа сорьж буйтай адил.
Зам, талбайд ус зайлуулах хоолой хангалтгүйн улмаас гэнэт орсон их хэмжээний борооны ус хог хаягдал, лагтай холилдон энд тэнд нуур болон тогтдог. Ингээд нийслэлийн иргэдэд хог хаягдал, лаг, шаврыг туучиж гарахаас өөр сонголт үлддэггүй. Гэтэл лаг, хагшаас нь үнэндээ гэр хорооллын айлын нүхэн жорлон, хогийн цэг, оршуулгын газрын асар их бохирдлыг “тээж” ирдэг. Үүнээс гэдэсний халдварт өвчин тархах үндэс болдог.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа “Жил ирэх тусам хэт халалт, гэнэтийн аадар бороо орох нь нэмэгдэж байна. Энэ оны эхний хагас жи-лийн байдлаар улсын хэмжээнд нийт 32 000 гаруй халдварт өвчин бүртгэгдсэн. Үүнээс 2600 гаруй нь гэдэсний халдварт өвчин. Өөрөөр хэлбэл, үер, тогтоол ус нь гэдэсний халдварт өвчнийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байна” гэсэн юм. Угтаа бол дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр жил бүр л зам засаж, бордюр сольдог.
Гэвч ус зайлуулах хоолойг нь анхаарах сөхөөтэй хүн нэгээхэн ч үгүй. Учир нь тэдэнд эдэлгээ удаантай, олон жилийн насжилттай зам барих бус, хийсэн гэсэн нэртэй, хэдэн төгрөг халаасалж үлдэх нь чухал. Өнөөх нь ганцхан удаагийн аадар борооны ая даахгүй, нэг жил ч хүрэхгүй хугацааны дараа усанд урсчихдаг жишиг тогтжээ.
“УС СОРУУЛАХ ХҮРТЭЛ ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ЧАДДАГГҮЙ”
Сонгинохайрхан дүүргийн XVIII хороонд ус зайлуулах хоолой байхгүй. Тиймээс усархаг аадар гэлтгүй шиврээ бороонд ч авто зам нь “үерлэж”, хүүхэд, хөгшид явахад хүндрэлтэй болдог аж. Тус хорооны нэгэн иргэн “Бороо орох болгонд авто гэлтгүй орон сууцын хорооллын замд ч битүү ус тогтчихдог. Урт түрийтэй гуталгүй л бол гатлах боломжгүй. Тиймээс ус соруулах хүртэл гэрээсээ гарч чаддаггүй” гэлээ.
Эргэн сануулахад, 2023 онд хоёр цаг гаруй үргэлжилсэн аадар борооны улмаас нийслэл хот живж, метро ч үгүй Улаанбаатарт усан тээвэр хөгжиж, зарим нь бүр завьтай явж хошигноод амжсан. Бас олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсныг та бүхэн санаж буй байх. Бүр Улсын их дэлгүүр орчмоор ч авто зам “үерлэж”, хөгшин, залуу, гадаад, дотоодын иргэн гэлтгүй бүгд нэгнээ үүрч дүүрч, гутлаа тайлах нь тайлаад л туучиж өгсөн дөө. Энэ бол нийслэлчүүдийн гашуун үнэн. Угтаа бол гол, мөрөн л үерлэдэг байлтай. Гэтэл манайд хотын төвийн авто зам “үерлэдэг” болсон. Өдий үед нийслэлчүүд гэрээс гарахдаа шинэ пүүз, гутлаа өмсөхөөс ч зүрхшээж байна. Учир нь хэзээ ч бороо орж, хот “үерлэх”ийг таашгүй.
САРААЛЖ ТӨМӨР НЬ АВТО ЗАМААСАА 5-10 СМ-ЫН ӨНДӨР
Санхүү, эдийн засгийн их сургуулиас МУБИС-ийн автобусны буудал хүртэлх уулзварыг нэг сар гаруйн өмнөхөн янзалж, “тордсон” ч саяхан орсон шиврээ бороонд л “нуур” үүсгэчхэж байгаа юм. Хамгийн хоржоонтой нь ус зайлуулах шугам хоолойн сараалжин төмөр нь замаасаа 5-10 см-ын өндөрт байх. Уг нь олон улсад төдийгүй Монголд ч авто замд 50 метр тутамд нэг ус зайлуулах сараалж байх ёстой. Ингэхдээ тухайн газрын нугалаа, налуу, урсцын хурд, авто замын өргөн, хөдөлгөөний эрчим зэргээс шалтгаалан ус зайлуулах сараалж төмрийн өндрийг тооцоолдог стандарттай. Гэтэл ямар стандарт баримталж, юу хийсэн юм бүү мэд. Улмаар байгальдаа шингэх ёстой борооны ус цардмал талбай буюу асфальтан дээр бууж, шинэчилж, сайжруулсан замыг эвдэх шалтгаан болдог аж. Ингээд төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг барьсан бүх зам, талбай нь хэрэгцээгүй, үхмэл хөрөнгө болгох жишээтэй.
Улаанбаатар хотод ус зайлуулах шугам дутагдалтайгаас гадна өдгөө байгаа хэд нь ч стандартын шаардлага хангадаггүй. Учир нь анхнаасаа зөв байршилд догол, хотгорыг нь тааруулж хийгээгүй болохоор тэр. Угтаа ус зайлуулах шугамаа шийдэж чадахгүй бол мянга гоё, сайхан зам барьж, бордюр солиод нэмэргүй. Гэвч дарга нар алдаанаасаа суралцаж чадахгүй, ахин дахин давтсаар өнөөх хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй замаа хуулж байгаад л ус зайлуулах хоолой суурилуулах юм. Ядаж ингэж хуулсан хоолойнууд нь стандартын шаардлага хангахгүй, үзэмж төдий. Хаа нэг тааралдах ус зайлуулах хоолой нь нэг бол бөглөрчихсөн, эсвэл хурд сааруулагч аятай өндөрт суурилуулчихсан учраас борооны ус тийшээ нь ордоггүйг салбарынхан нь хэлж байна.
ТӨВ БОЛОН ГОЛ ШУГАМУУДЫН 27 ХУВЬ НЬ “ТЭТГЭВЭРИЙНХ”
Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах хоолой суурилуулах ажлын явц өдгөө хэдэн хувьтай үргэлжилж буйг Геодези, Усны барилга, байгууламжийн газрын Ерөнхий инженер О.Батсайханаас тодруулахад “Улаанбаатарын хэмжээнд одоогоор 218 км-ын урттай ус зайлуулах хоолой бий. Шугам хоолой суурилуулах ажлыг өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд эхлүүлсэн. Ирэх сарын 1-нд бүрэн дуусгах хуваарьтай. Ажлын явц одоогоор 63 хувьтай үргэлжилж байна. Нийт 11 байршилд хоолой солих ёстойгоос дөрвийг нь бүрэн дуусгасан. Тавыг нь сольж буй. Харин үлдсэн хоёрыг нь энэ онд багтаан дуусгана. Нийслэлийн хэмжээнд байгаа төв болон гол шугамуудын 27 хувийнх нь насжилт хэтэрсэн. Тиймээс сүүлийн 1-2 жилийн хугацаанд ус зайлуулах шинэ шугам хоолойнуудыг эрчимтэйгээр суурилуулж байна” гэсэн юм. Мөн ус зайлуулах хоолой бол зөвхөн авто зам дээр тогтсон усыг л авах зориулалттай гэнэ. Харин өндөрлөг хэсгүүд буюу уулын уруйн усыг үерийн сан хуримтлуулж авах ёстой юм байна. Гэтэл харамсалтай нь манайд ийм үерийн сан байхгүй. Тиймээс уулын уруйн болон замынх гээд бүгдийг нь ус зайлуулах хоолой шингээх шаардлагатай болдог аж. Улмаар ачааллаа даахгүйд хүрч, авто зам дээр ус ихээр тогтож, гудамж талбай үерт автдаг гэнэ. Иймд Долоон буудлын зүүн талд Сэлбэ голд таван шатлалт 1.3 сая ам куб метр усан сайн байгуулж байна. Эл санг ашиглалтад оруулснаар үерийн эрсдэл 20 хувиар буурах боломжтой юм байх. Гэвч хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй аж.
“ТООЦООЛОЛД СУУРИЛСАН АЖ¬ЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ”
Усны бүх төрлийн барилга байгууламжийн чиглэлээр зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Гидродизайн инновац” компанийн захирал Г.Батзориг “Хот, суурин газрын хувьд ус үл нэвтрүүлэх, ямар ч талбайд буух борооны усыг зайлуулах систем заавал байх ёстой. Олон улсад хот, суурин газрын зам, талбайгаас илүүтэй байгальд нийлүүлэх борооны усны чанарыг чухалчилдаг болсон. Харин манай улсын хувьд дөнгөж л ус зайлуулах системийг зөв төлөвлөж, зам, талбайд хуримтлагдсаныг байгальд нийлүүлэх талаар ярьж эхэлж байна. Хот, суурины борооны ус зайлуулах систем нь цардмал талбай буюу барилга бүрийн дээвэр, фасад, хучилттай болон хатуу талбай, зогсоол, гудамж, замд байх ёстой. Энэ нь суурьшлын бүсийг усанд автуулахгүйгээр байгальд нийлүүлэх барилга байгууламжийн цогц систем. Анхнаасаа ерөнхий төлөвлөлтдөө тохирсон судалгаа, тооцоололд суурилсан ажлын зураг төсөл боловсруулах шаардлагатай. Гүйцэтгэлийн шатанд түүнийгээ ягштал баримтлах нь зүйтэй. Ингэхдээ төсөл, тооцоо зэргийг нь усны мэргэжлийн байгууллагаар хийлгэвэл зохистой. Түүнчлэн тухайн газар орны байгаль, цаг уурын нөхцөлд нь уялдуулах ёстой юм. Ер нь шийдвэр гаргах түвшний хүмүүс “Ус зайлуулах систем хийснээс замаа жаахан ч болов уртасгая, эсвэл явган хүний зам барья” гэж үздэг. Эрсдэлээ огт тооцдоггүй” гэв.
Хотын удирдлага, холбогдох албаныхан маань явган хүний эвдэрч хэмхрээгүй замыг хуулж, шинэчлэхийн оронд эдэлгээ нь дууссан ус зайлуулах хоолойг солиход хүн, хүчээ дайчилдаг баймаар. Үерийн дараа бус, болохоос нь урьтаж ус зайлуулах хоолойгоо суурилуулах учиртай. Гэтэл борооны улиралтай зэрэгцэж эхэлсэн ус зайлуулах шугам хоолой суурилуулах ажил өдгөө ч дуусалгүй намрын улиралтай залгах нь.
Хот төлөвлөлт, судалгааны институтийн Дэд бүтцийн хэлтсийнхнээс авто замын ус зайлуулах сараалжийн стандартын талаар лавлалаа. Тус байгууллагынхан “Уг нь авто замд 50 метр тутамд нэг ус зайлуулах сараалж байх ёстой. Ингэхдээ тухайн газрын нугалаа, налуу, урсцын хурд, авто замын өргөн, хөдөлгөөний эрчим зэргээс шалтгаалан зураг төслийг нь гаргах учиртай. Зураг төслөөс гадна суурилуулалт хамгийн чухал. Гэвч нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугам хоолойг нэгдсэн байдлаар бус, хувийн компаниудаар хийлгэдэг” гэв. Тэгэхээр нийслэлийн авто замын уртыг 1230 км гэж үзвэл нийт 24 600 ус зайлуулах сараалж байх ёстой гэсэн үг. Тэгвэл авто замаар зорчиход 50 метр тутамд эл сараалж байдаг бил үү.
У.Цэцэг

