Япон Улсын баруун бүсийн Хиого мужид агаарын температур уржигдар 41.2 хэмд хүрч халжээ. Мөн аялал жуулчлалын томоохон төв болох Киото хотод агаарын температур 1880 оноос хойш анх удаагаа 40 хэмд хүрсэн байна. Үүнээс үүдэн өнгөрсөн долоо хоногт л гэхэд 10 804 иргэн эмнэлэгт хүргэгдэж, 16 хүн амиа алджээ. Иймд тус улсын Цаг уурын агентлагаас Окинава, Кюүшюүгийн өмнөд хэсэг, Киото, Нара орчимд оршин суудаг иргэдийг байнга ус ууж, аль болох гадуур явахгүй байхыг анхаарууллаа. Мөн 32 хотод хүчтэй, энерги шаардсан хөдөлгөөн хийхийг хориглох сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнээс гадна БНСУ-д ч энэ он гарснаар хэт халсны улмаас нийт 13 хүн нас баржээ. Харин долоодугаар сарын байдлаар нийт 2768 хүн хэт халснаас үүдэн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад өвчлөгсдийн тоо 2.6, нас барсан хүний тоо гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
У.Цэцэг