Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуягийн тун удахгүй уншигчдад хүрэх өгүүллэгийн түүврээс нэгэн бүтээлийг онцолж байна. Тэрбээр “Сэтгэлийн таталбар”, “Шувуудын гүн ухаан”, “Амь тавих сарууд”, “Зурмал нүдэт хэрээ” зэрэг яруу найргийн түүвэр, “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд”, “Уншихуйд автахуй”, “Эрээн муурын үхэл” тэргүүтэй 10 орчим бүрэн хэмжээний бүтээл туурвисан юм.
Тэр надад чимээгүй байхыг анхааруулж дуулдах төдий шивэгнэснийхээ дараахан гурван ширхэг мөс нимбэгний хальснаас ч нимгэн зүсэж уусгасан хундагатай хатуу архиа нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Хүзүүнд нь хурц соёогоо шигтгэхээр яаран үсрэх гэснээ болиод халуун цус, өөхлөг махыг нь төсөөлөлдөө амталж ядан шүлсээ савируулах араатан адил эргэн тойрны орчныг харанхуй залгихаар тэвчээртэйеэ хүлээж байлаа. Гэтэл хүндэт зочин минь мөн л эртний нэгэн орой өвөө минь яр шарханд баригдан хэвтэхдээ тамирдсан дуугаар хананд өлгөөтэй махир сэлмээ авч өгөхийг гуйсан шиг ядруу дуугаар “Цагаан бүрэнхий залгахаар эхлэх үү дээ” гэхэд нь би ч зөвшөөрч толгой дохилоо.
-Энэ хорвоо дээр мөнх орших агаад түүний цаад чанарыг ойлгож таньсан амьд оршихуйн мөлийтөл элэгдсэн сэтгэл санааны гүнд юмс үргэлж ээдрээтэй, төвөгтэй санагдаж болох ч тэрхүү ороолцоодыг тайлах түлхүүр тэдгээр мөн чанарын ямагт дотор агуулагдаж, биеийнх нь хаа нэгтээ зүүгдэж явдаг. Чи энэ талаар сонсож байв уу. Жишээ нь энэ хөлөг онгоц хэмээн тэр ширээн дээр тавьсан хөлөг онгоцны багагүй хэмжээтэй, уран сийлбэр бүхий баримлыг заалаа. Түүнийхээ хойно,
-Би чамд хэтэрхий ойлгомжгүй байдлаар тайлбарласан байж магадгүй. Гэхдээ ингэж л хэлэх учиртай юм. Чиний багадаа сонсож өссөн сарны туулайн үлгэрээс үүдсэн үг хийгээд түүний цаана агуулагдах саран дээр дэгдэгч сэтэрхий чихтэй туулай үнэхээр тэнд дэгдэж яваад итгэх төсөөллийн шалтгааныг хайлгүйгээр хүмүүс зүгээр л автах, нэг бол огтын утгагүй хэрэг хэмээгээд л шүлсээ хаячихдаг шүү дээ”.
Үүний дараа тэр өмнөө байгаа хундаганд нь сая л нэг хатуу сархадаас дүүргэхийг зөвшөөрөв. Цонхны хажуу ирмэгийг таглаж тавьсан нүсэр номын сангийн минь дунд хөндлөвчөөр нарны сүүлчийн цацраг үл мэдэг ягаавтар туяа агшин төдийд цацруулаад үгүй болов. Мөнөөх эрхэм зорчиж үзсэн газар орнуудынх нь санаанд оромгүй төрх байдал, уйтгар дүнсгэрийн цаана орших иргэдийн оюунд төсөөлөгдөх ч үгүй энэ л өмхий, шавар шавхайд хутгалдсан, хүмүүс нь бусдаас илүү гарахын тулд зөвхөн эд зүйлийн төлөө л амиа өгдөг жижигхэн хотод ширээн дээр залаатай хөлөг онгоцны сийлбэрийг дуулаад ирсэн юмсанжээ. Чухамдаа мод, заримдаа би нэрийг нь ч таамаглаж үл дөнгөх чулууд шигтгэж урласан тус баримлыг хуучны хэдэн ховор ном, багахан хэмжээний орлогынхоо цөөн хувиар нэгэн жуулчнаас авсан юм. Тэр нэрээ хэлээгүй агаад онгож гандсан нүүрэнд нь үл зохих яралзсан цагаан шүд, нүүрэнд нь тодрох инээмсэглэлээ хэзээ ч дагаж илэрхийлдэггүй үхмэл саарал харц нь дурсамж дотор хадгалагдаж үлджээ.
Харин өдгөө өмнө минь суун хундагатай хатуу архиа хөнтөрч буй эрхэм надад чухам энэ онгоцны түүхийг л ярьж өгөх гэж ирсэн болохоо, түүнийг харанхуй болохоос өмнө зузаан гэгчийн зүйлээр хучих ёстойг хуучаа эхлэхийн өмнө сануулсан янзтай хэлсэн авай.
Уржнан би энэ эдийг танай хотын эртний эдлэлийн худалдааны газар олж харсан юм л даа. Даанч эзэн нь элдэв хууч сонирхоод байх нэгэн бишээс гадна түүний нүд амьдралын хамгийн эхний алхам дээрээ дөчин жил бүдэрчихсэн болохыг нь тов тодорхой илтгэж байлаа. Тэгээд л би тодорхой хугацаагаар энд үлдэж, эл эдийг авах хүнийг хүлээсэн. Мөн л хүсэл минь талаар өнгөрч ноднин жилийн, танайхны нэрлэдгээр хаврын сүүл сар, япончуудын хувьд бол цэцэгсийн алуурчин сарын дундуур нэгэн гадаад жуулчин аваад явсан юм. Гэхдээ тэр ч мөн зөв хүн биш болохыг энд ирээд сууж буй миний үйлдэл чамд илтэд харуулж байгаа тул нурших хэрэггүй биз. Харин чи зөв хүн гэдэгт эргэлзэхгүй байна.
Би далай тэнгисийн дунд төрсөн хүн л дээ. Ганц оноосон нэрийг гурав хувааж олгосон, өөдгүй амьдралын минь туршид анхандаа титэм адил тэргүүнд минь гялалзаж, эцэстээ энэ л тоостой гутал шиг (тэр гутлаа харуулахад ямар өнгөтэй нь үл мэдэгдэх болтлоо хуучирсан эд байх агаад урт түрийд нь морины амгайвч шиг төмөр санжигнана) хөлийн уланд сүүдэр аятай л дагаж явах болсон алдар нэрээ хэлээд хэрэггүй болов уу. Заримынх нь хувьд тун чухал, танайхны үнэ цэнд бүгдээс түрүүн эрхэмлэгддэг энэ зүйл надад бол онц чухал эд биш л дээ. За, энэ дэмий яриа яах вэ, би далай тэнгисийн дунд төрсөн. Газар дундын тэнгис дэх Балеар болоод Африкийн эрэг орчмыг эзлэх Атландын өргөн уудам усан тогтоцын Канарын арлууд гэхээр чи аль улсын ноомой нэгэн болохыг минь ойлгоно. Гэхдээ залуу цагт судсаар минь Испани эцэг, өвгөдийн дайчин илдний ган төмөр бус эх нутгийн сүрлэг хадан цохиог он жилүүдийн тоос болтол нь цохин давалгаалах тэр л их нутгийн далайн ус гүйж явдаг сан. Би дарсанд дуртай байсангүй, аль болох нутгийнхны галзуурсан архичин, заримдаа тэнэмэл нохдод хүртээдэг хатуухан архи л хүч өгдөг байлаа. Нэгэнтээ хүний төслөөллийн хязгааргүй чанартай адилтгаж болох тэнгисийн ёроолын уудам газар нутгаар цаг хугацаа, орон зай гэгч сугадалцан чимээгүй холхин алхдаг байсан тэдгээр өдрүүдэд би Иралд хэмээгч найзыг олж, цусанд нь эртний монгол хаадын үргэлжлэл болсон Атиллагийн цус гүйж байгааг мэдээд дотно нөхөрлөх болсон юм. Ингээд нэг л өдөр бид тохирсон ёсоороо хөлөг онгоцонд суусан билээ.
Танай морьд үргэлж л урагшаа давхидаг бол их усны ертөнц дэх салхинаас хурдан довтолгогчид урагшаа ч тэр, хойшоо ч тэр хурдалж чадна. Тэнгис бол хүн амандаа амтархан зажилж буй оройн хоолных нь салмон загаснаас огт ялгаагүй, хэт өчүүхэн, бүр тэрхүү өчүүхнээс илүү сул дорой, араагүй болохыг нь мэдрүүлж, эргийн нойтон элсэн дээр ямар ч авралгүй хөсөр шиддэг сүр хүч. Магадгүй чиний удмынхан хаяа хярхаггүй өргөн тал, хамгийн өндөрт дүүлэгчийн далавч цуцаадаг их нуруудын үүлсийн бие цуулсан оргилоос шавжны гэр болсон энгэрийн чулууд, их говиудын цаг хугацаанд бутарсан элсэн далайн дундах орон зайнаас тэр хүчийг мөн олдог байсан биз ээ. Дараа нь Иралд бид хоёр өөрсдийн модон хөлгийн эгнээнд нэгэн залууг нэгтгэсэн нь наад эдийг чинь хийх, нэг нөхөр маань түүнийг авч эзэнгүй арлыг зорин зугтаж, урвах шалтгааны үндэс болсон юм л даа. Энэ бүхэн 1975 он буюу эх оронд минь хаант засаглал нуран унаж Христийн шашны зарим мунхаглалаас хүн өөрийгөө чөлөөлж, тэдний дан ганц шүтэх болсон шашин нь эрх чөлөө гэдгийг ухаарахаас гурван жилийн өмнө болсон хэрэг. Тэгээд л бид ёроолыг нь Балеарын арлын тойргоос гучин өртөө газар яваад хүрэх нэрийг нь далайчид огт дурддаггүй (би ч мөн далайчин тул өршөөхийг тэр хүсэв) арлын шавраар чигжиж битүүлсэн багахан хэмжээний хөлөг онгоц авч, Испаний хааны сүлдтэй ямар ч зоосноос амиа өгч, анд нөхдийнхөө нүүрэнд улайссан төмрийг гараа хөхөртөл атгаж байгаад тамга дарахаас сийхгүй хэдэн хүн хөлсөлж замдаа гарцгаалаа. Тийм ээ, далай тэнгисийн төсөөлөл адил уудам орчилд орон зайн хэмжээ алдаж, ёроолоор нь чимээгүй холхих цаг хугацааны дүрийг үзтэлээ бид багахан олз ашиг хайж, жижиг тосгон, тэр бүү хэл ядуувтар дээрэмчдийг хүртэл тонож явсан билээ. Тэр бүгдийг нуршин таныг залхаах нь даанч илүүц хэрэг юм даа. Ердөө жилийн дараа бүгд баригдаж, Иралд бид хоёр сүүлчийн эгнээндээ нэгтгэсэн залуугаас цаг хугацааны хувьд бүр мөсөн тусгаарлагдаж харх гүйлдсэн шоронгийн хүйтэн, ялгадсаар дүүрсэн өмхий нүхэнд дүүжлүүлэхээ хүлээн хэвтэж байлаа. Иралдаас гуравдагчийг хэрхсэн тухай асуувал “Магадгүй бидэнтэй ижил хувь тавилан угтсан биз. Үгүй аваас аль хэдийн дүүжилчихсэн ч байж мэднэ” гэдэг сэн. Тэр огтоос өөрөөсөө өөр зүйлд санаа зовдоггүй хүн. Гэхдээ түүний дотор аливаад итгэх, чухам итгэлээ өгсөн уг зүйл өөрийг нь хөсөр хаясан ч ундууцаж өш санадаггүй нэг чанар байсан юм. Тэр л итгэлээр анх намайг дагаж, магадгүй би ч түүнийг дагасан байх. Харин гурав дахид хэзээ ч итгэж байгаагүйг нь мэднэ. Би түүнд тушаал өгөх аваас хоолойг нь хэзээ ч хамаагүй хэрчээд бие задрам далайн ёроолын цаг хугацаа руу чулуудахад бэлэн байсан даа. Түүнийг үхэн үхтэл судсаар нь гоминидуудын цус урссаар байсан юм.
Харин биднийг хүйтэн нүхэнд дүүжлүүрийн олсоо хүлээн хэвтэж асан өдөр, шөнүүдийн аль нь гэдгийг мэдэхгүй зөвхөн оюун бодолд салаалан урсаж асан цаг хугацааны нэгэн агшинд санаанд оромгүй зүйл болж гурав дахь этгээд маань хэдэн харуулуудын хамт айлчлан ирэх нь тэр. Тэрээр ахмадын хувцас өмсөж, үсээ цэмцийтэл самнасан байх агаад царай нь дөнгөж далайд гарсан дээрэмчнийх шиг цог золбоотой гялалзаж, шар сахлаа хуссан нь биднээс насаар хавьгүй дүү гэдгийг нь илтгэж, шинэхэн гутал нь хар арьстны тосолсон нүүр шиг гялалзаж байлаа. Гуравдагч өөрийгөө биднийг барьсан хөлгийн ахмадын хүү болохыг хэлэхэд Иралд хэдийнэ хоолой нь хатчихсан ч гэлээ бургисан цагаан шороо руу нулимж өдийг хүртэл бидний хэлэхгүй гэж тангарагласан тэр нэрийг эцсийн бөгөөд сүүлчийн удаа дуудан сөөнгөтсөн хоолойгоор хашхирч “Муу адгийн новш, чамайг хараал идээсэй билээ. Чөтгөр, шулам руугаа тонил!” гэсэн юм.
Арван дөрөв хоногийн дараа Иралд бид хоёр дахин далайд гарчихсан арлаас арлын хооронд аврах завин дээр суугаад сэлүүрдэж явлаа. Гуравдагч бидэнд чиний ширээн дээр байгаа тэр эдийг өгч, аавд нь хүргэж өгвөл дүүжлүүрийн гогцоо араг яснаас ялгаагүй болчихсон хүзүүг минь ороохгүй гэдгийг ам тавин тангарагласан билээ. Гэвч ерөөс хангалттай өндөр үнэ хүний шуналд үргэлж дутууддаг тул Иралд амь наснаас нь ч өндөр өртгийг өөртөө санал болгосон байлаа. Нар шумбахаар зэхэж далайн усыг ногоовтор өнгөөр сүлж байх үед Иралд хутгаа сугалаад гуянд минь ишийг нь тултал зоосон юм. Та мэдэж байна уу? Энэ үйлдэл хоромхон зуур болсон тул би яагаад тийн аашилсныг нь хожим гадарласнаас бус, хариу үйлдэл үзүүлэх сөхөө ч гарсангүй. Өмдний шуумаг нэлдээ цусанд будагдаж, Бискайн булангийн шувууд хашхиралтаас минь цочин агаарт шунгах мөчид Иралд хэмхэрхий завийг эргийн элсэнд газардуулчхаад арилж өгсөн байлаа. Уутан доторх хоол анх замд авч явахад хэрхэн бэлдсэн тэр хэвээрээ агаад харин мөнөөх хөлөг онгоцны баримал байсангүй. Иралд өөрийн гараар хоолойгоо дүүжлүүрийн олсонд углах эрхийг болгоон соёрхсон нь тэр. Гэхдээ тэр тун чадмаг залуу байлаа. Гарт нь хутга эргэлдсэн л бол ямар ч том биетэй эр ойртож зүрхэлдэггүй сэн. Учир нь тэр Кабо-Вердед байхдаа гурван ч эрийг хутга гартаа эргүүлээд цааш харуулчихсан удаатай. Тиймдээ ч гуравдагчаас хоёр жилийн турш зугтаж чадсан боловч эцэст нь өдгөө ч зэрлэг амьтдаас өөр хэн нэгний ул мөрийг олоогүй Селважешаас түүнийг баривчилсан юм. Тэнд хэн нэгэн оюун ухаант хүний үлдээсэн ул мөрийг өдгөө оллоо гэхэд тэр нь Иралдынх, түүнийг барих гэж очсон арван сайн эрсийнх л байх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Түүнийг дүүжлэгдэхээс дөрвөн долоо хоногийн өмнө би хүйтэн төмөр нүхэнд зочлохдоо гуравдагчийн дор ажилладаг, тэнгисийн цэргийн нэг болчихсон байлаа. Тэр надад хандан:
-Тэд намайг баривчлаагүй ээ. Харин би өөрийн хүслээр баригдсан юм. Тэр адгийн новшийн бидэнд өгсөн зүйл хэний ч гар дээр очих учиргүй. Түүний үнс болтол шатаагаад Испаниас, далай тэнгисээс хол цөлийн элсэнд тарааж хаявал таарна. Арабын шахуудын дарс гударч тэнэдэг цөлийн хаана нь ч шатаасан яах вэ дээ. Чухам юугаар хийгдсэн эд болохыг нь мэдэхгүй. Энэ жилүүдэд хаана эс хоносныг ярихаас илүүтэй тэр зүйл шөнийг ч өдөр болгодог. Харин өдөр нь хүрэхийн эцэсгүй хөлдүү мөс л байдаг.
-Чи түүний төлөө өөрийн амиа зольсон шүү дээ. Бас өөрт чинь, өөрөө итгэдэг нэгэнд хутга зоосон. Би чамаас урвасан гэж бодож байна уу?
- Одоо тэр хамаагүй. Гагцхүү түүнийг л устгах ёстой. Бид амьдралынхаа хамгийн жаргалтай үеүүдийг цуг үдсэн. Далай тэнгисийн ус хэрхэн ногоон өнгөнд хувирч, түүний дээгүүр цусан улаан туяа татахыг харан зогсохдоо загасны махыг ястай нь зооглож, хэнийх нь хоолойд шигдэлгүй амьд үлдэх талаар мөрийцөж явсан өдрүүд урьд насны зүүд шиг санагдах боллоо. Гагцхүү тэр хөлөг онгоцны баримал шөнө бүр гэрэлтэх мөчид л чи дуу хоолойг, өдөр нь ямар ч даавуунд ороолгүй арьсаа хүргэх ахуйдаа мөснөөс хүйтнийг нь үзнэ. Харин надад уучлал гуйх сонирхол алга. Хүнд заяагдсан бүхий л авьяасын дотроос би эр зоригийг илүүд үзэж байна. Үхэх эр зориг.
1978 онд би гуравдагчийн цэрэг байхаа нэгэнт больчихсон байлаа. Түүнийг хэдийн дүүжлүүлж цогцос нь газар доорх арвалзсан амьтдыг хооллосоор яс нь л үлдсэн Иралдын амиараа сольж авсан мөнөөх эдээс болж солиорсондоо мөн л хоолойгоо боомилж өөрийгөө егүүтгэсэн гэдэг. Би тэнд байгаагүй л дээ. Харин сүүлд мөнөөх эд тун хачирхалтай байдлаар надад ирсэн юм. Тэр орой би гуравдагчийн булшийг эргэхээр Мадридийн ойролцоох оршуулгын газарт хүрэхэд хүйтэн чулуун хавтангийн дэргэд хөлөг онгоцны баримал хэвтэж байлаа. Эргэн тойрны ахуй өдөр мэт, гэхдээ цэхэр хөх өнгөөр гэрэлтэж байсныг санасан агаад харин нэгэнт талийгаач болчихсон Иралдын хэлсэн шиг ямар нэгэн ёрын дуу хоолой сонсогдсонгүй. Би түүнийг цуваараа хучин авч, оршуулгыг мартаж орхиод гэртээ ирэв. Дараа өдөр нь усан зогсоолын эрэг дээр таарсан хамгийн эхний жуул¬ чинд цөөн тооны зоосоор хямдхан арилжиж орхисон юм даа.
Тэр ширээн дээрх хатуу архианаас хундагалахыг зөвшөөрөхөд би ч дүүргэж өгөв. Зочин маань дахин нэг амьсгаагаар хөнтөрсөн агаад яриан завсраа харин уруулдаа юу ч хүргэсэнгүй. Түүний ярьсан зүйлүүд надад нэг л учир битүүлгээс гадна тайлбар нь дутуу санагдлаа. Яагаад ч юм тэрүүхэн эгшинд асуулт асуух нь огт утгагүй санагдсанаас гадна нэг л хөндлөнгийн хүн шиг сэтгэгдэл төрүүлж, эртхэн морилоосой билээ гэж хүсэв. Хүндэт зочин маань бодлыг минь таасан аятай гарахаар завдлаа.
-Цаг хугацаа энд, бидний оршдог ертөнцөд урсдаг шигээ урагшлалгүйгээр цэхэр өнгийн туяа цацарсан ертөнцтэй адил үргэлж ухарч, тэр нь уйдаж үхмээр нам гүм холхион байвал хэн ч үхмээр санагдах нь гарцаагүй. Тиймээс асуулт эрээгүй нь чиний зөв байж таарна. Нээрэн чи наад зүйлээ шатаачихсан дээр болов уу. Үүнийг л хэлэх байна.
-Манайд зуух байхгүй.
-Чи хотоос гарч үзэх хэрэгтэй. Энэ ээрэм зэлүүд нутгийн хаана нь ч гал асааж болно шүү дээ. Наад эдээс чинь шөнөөр цацардаг зүйлс бол бадмаараг эрдэнийг нунтаглаж цавуу болтол буцалгаад үл үзэгдэх хэсэгт түрчихсэнд байгаа юм. Гуравдагч аавыгаа хороож, цогцсыг нь чандарлаад тэрхүү бадмаарагтай хольсон ч гэж ярих юм билээ. Нээрэн энэ бол мод биш ясаар урласан эд. Алуурчин, тонуулчид болоод хүчиндүүлсэн мянга есөн зуун далан таван хү¬ ний хумсны ясаар хийсэн юм. Ганц цогцосноос хорин хумс авна гэхээр хэчнээн хүний сүнс болохыг бодоод олчихож болно шүү дээ.
Тэр цуваа авч хаалга онгойлгоод гэрлээс гарч харанхуйд үүрд уусан одов. Удаан гэгч нь хөдлөлгүй суусны хойно би баримал дээр тавиатай зузаан хөнжлийг хуу татан авлаа.