Увс аймгийн 100 жилээр Эрчим хүчний багцаас 2 тэрбумыг зарцуулсан гэх мэдээлэл бий. Уг асуудлын талаар Эрчим хүчний яамны сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Увс аймгийн 100 жилийн ой 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэх нь ойлгомжтой байсан. Урдаас бид мэдэж байсан. Би 2008 оноос хойш Увс аймгаас 5 удаа УИХ-д сонгогдсон. Тиймээс 100 жилийн ойг зохион байгуулах гар бие оролцсон. Мөн 2009 онд би Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргын албан тушаалыг авсан.
Увс аймгийн 100 жилийн ойг зохион байгуулахад хоёр зорилго тавьсан. Эхнийх нь мэдээж тойргоос сонгогдож, саналыг нь авчихсан юм чинь ард түмэндээ үйлчлэх цаг гэдгээ ухамсарлаж байсан. Хоёрдугаарт ойг тохиолдуулаад зөвхөн баяр ёслол хийгээд зогсохгүй нутгаа сурталчлах, аялал жуулчлалын дэд бүтцийг зэрэг шийдье гэсэн зорилготой. Ойг тэмдэглэх ажилд хувийн хэвшлийн оролцоо өндөр байсан. Тухайлбал, Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид, угсаа гаралтай иргэд нийлээд 11 орчим тэрбум төгрөгийн хандив цугларсан. 3000 орчим иргэн хандив өгсөн байна лээ. 100 жилийн ойтой холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлууд хийх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдээс хойш 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн бөгөөд зарим нь ойн өмнө амжиж дуусахгүй шинжтэй байсан. Тиймээс бид компаниудтай уулзаж, ажил гүйцэтгэлийг 100 жилийн ойгоос өмнө хийх хүсэлт гаргаж байсан.
Нэг зүйлд хүлцэл өчих хэрэгтэй байна. Би сүүлийн хэд хоног 100 жилийн ойн ажил гээд нойргүй, бэлтгэл ажилд оролцож, ядаргаатай явж байсан. Ингэхдээ “миний төсөв”, “миний багц” гэж ярьчихсан. Үнэндээ бол энэ нь Эрчим хүчний сайдын багц гэж хэлэх байсан. Энэ хүрээнд Увс аймгийн Улаангомын 2, 4, 11 дүгээр багт хэд хэдэн ажил хийсэн.
Нэгдүгээрт, “Баруун тойргийн авто зам” нэртэй 2 км гаруй урттай замын ажил. 3.6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгаж, ажлыг эхлүүлсэн. Энэ нь ойг угтан 90 хувьтай ашиглалтад оруулсан ажил байна.
Хоёрдугаарт, Улаангомын 2, 4, 11 дүгээр багуудын цахилгаан хангамж муудсан байсан. Тогны хүчин чадал муутайгаас "Цай буцалтгүй” гэх зэрэг гомдол тасрахаа байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд миний бие Увс аймаг буюу 2-р тойргоос сонгогдсон гишүүний хувьд 2 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт суулгасан. Энэхүү төсөл нь Эрчим хүчний сайдын багцын хүрээнд, эрчим хүчтэй холбоотой тул тэнд суусан юм. Тендерийг Худалдан авах ажиллагааны газар зарласан бөгөөд өрсөлдөөний үр дүнд гүйцэтгэлээрээ 1 тэрбум 851 сая төгрөгөөр хийгдсэн. Би өөрөө “миний багц” гэж хэлсэндээ уучлал хүсэж байна. Ядарсан үедээ андуурч хэлсэн. 2025 оны долоодугаар сарын 30-нд Монголын үндэсний телевиз болон TV9-д ярилцлага өгсний дараа зарим мэдээллийг мушгиж, гуйвуулсан мэдээлэл гарсан.
Иргэдээс авсан хандивын мөнгөөр уралдаан тэмцээн, ойн арга хэмжээ зохион байгуулсан талаар аймгаас тайлагнана. Анхнаасаа ил тод байхгүй бол хэл ам гарна гэж сайтар ярилцсан. Ардчилсан намынхан сөрөг хүчний хувьд үүн дээр аудит хийх нь зөв, олон нийтэд танилцуулна гэсэн. Энэ ажлууд хийгдэх байх. Дахин хэлье, Увс аймгийн 100 жилд эрчим хүчний болон төрийн өмчит компанийн эх үүсвэрийг ашиглаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэж хэллээ.