“Дулааны цахилгаан станц-5” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүү-лэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийг сонгон шалгаруулах тендерт “Митайм интернэшнл”, “Шунхлай холдинг” гэсэн хоёр компани санал ирүүлснийг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Урьдчилсан шалгаруулалтад гурван аж ахуйн нэгж тэнцсэн ч дээрх хоёр компани баримт бичигт заасан хугацаанд санал ирүүлснээр болзол хангаж, дараагийн шатанд өрсөлдөх эрх авчээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг оролцогчдын ирүүлсэн саналыг холбогдох хууль, журмын дагуу дүгнэж, хамгийн өндөр үнэлгээ авсныг нь хэлэлцээрт урих бөгөөд энэ үйл явц, үр дүнгийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэх гэнэ.
Эл станцыг Баянгол дүүргийн ХХ хорооны нутагт буюу “Дулааны цахилгаан станц-2”-ын үнсэн сангийн талбайд байгуулахаар байршлыг нь тогтоосон. Төлөвлөсөн ёсоор 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үүнийг байгуулбал 140 мянга гаруй өрхийг хэрэглээгээр хангах боломжтой гэж тооцож байгаа. Тэгвэл энэ бүтээн байгуулалтад оролцож болзошгүй болоод буй “Митайм интернэшнл” нь Камбожийн Хаант Улсад бүртгэлтэй компани аж. Эднийх өмнө нь “Тавантолгойн дулааны цахилгаан станц” төслийн эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгчээр тодорсон ч сон¬гон шалгаруулалтын авцад “но” орсон гэдэг үндэслэлээр Сангийн яам эрхийг нь түдгэлзүүлсэн гэх мэдээлэл байна. Харин “Шунхлай холдинг”-ийг монголчууд АПУ, “Спирт бал бурам”, “Скайтел”-ын толгой компани, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн үүсгэн байгуулсан, өдгөө түүний ах, дүү, үр хүүхэд нь хамтран эзэмшдэг томоохон групп гэдгээр нь эчнээ мэднэ.
Н.Мишээл