Олон улсын стандартад нийцсэн “Мөсөн ордон”-той болсны хэргийг гаргаж өвлийн спорт, тэр дундаа уран гулгалтаар хичээллэх хүүхэд, залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Олимп, тив, дэлхийн алдартнуудтай хамтдаа нэг мөсөн талбайд Монгол Улсын тамирчин Отгонбаатарын Мишээл тэшиж, “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд эх орноо төлөөлж оролцсон шилдэг үзүүлбэрээ толилуулахыг харах хэчнээн таатай вэ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Степп арена” цогцолборт болсон “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолтын үеэр нэрт тамирчдад үзэгчдийн зүгээс баяр хүргэн талархал илэрхийлж, мөсөн талбай руу янз бүрийн чихмэл тоглоомууд шидэхэд тэдгээрийг цуглуулах хүндтэй албанд өхөөрдөм, зэгзгэр монгол охид тохоон томилогджээ. Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга Евгения Медведева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Европын аварга Виктория Синицина, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева тэргүүтэй уран тансаг, эрхэмсэг гоогийн үлгэрлэл болсон дэлхийн оддыг дэргэдээс нь бахархан харж, үйл хөдлөл бүрийг нь ширхэгчлэн сониучирхах тэдний зүрх сэтгэл, оюун бодолд ямархан хүсэл мөрөөдөл биежин төлжиж, ирээдүйд хэд нь тив, дэлхий, олимпын аваргаболохыг таашгүй. Бодит нөлөөлөл гэдэг тийм хүчтэй буюу.
“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолтын гол зохион байгуулагч, продюсерээр Евгения Медведева ажилласан. Жүжиглэлт, дэглэлт, хөгжим сонголт, найруулга, хувцас, тайз, гэрэлтүүлэг гээд хоёр цагийн үзүүлбэр бүрдээ шинэ содон, давтагдашгүй онцгой деталиуд шингээж өгчээ. Олимпын аварга, дэлхийн дөрөв, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудины хошигнолтойгоо хослуулсан ур чадвар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Виктория Синицина, Никита Кацалапов нарын уран тансаг хослол, Олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энбертийн хүчирхэг харизм, Европын аварга Елизавета Туктамышевагийн гал цогтой үзүүлбэрүүд, тивийн аварга Максим Ковтуны тэсрэлттэй техникүүд, гүрж залуу Мориси Квителашвилигийн дайчин хөдөлгөөн, үсрэлтүүд Софиа Самодуравагийн эрхэмсэг, эмэгтэйлэг гүйцэтгэлүүд, эцэст нь царайлаг, гадна мэдрэмжийн туйл болсон Артем Федорченкогийн халуухан үзүүлбэр танхимыг бүхэлд нь автуулж байлаа. Харин Медведевагийн өөрийнх нь дэндүү чадварлаг үсрэлт, эргэлтийн техникүүд, хүндрэлтэй трюкүүдийг үзэгчид хамгийн ихээр харахыг хүссэн ч энэ удаад лав тэгсэнгүй. Гэвч “мөсний хатан хаан” мөсөн талбайдаа зүгээр л ар, урдуураа тэших нь хүртэл өөрөө ижилгүй гоо сайхан таашаалыг мэдрүүлэх авай.
Л.Аргамжин