Энэ онд зохион байгуулсан олон улсын математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, хиймэл оюун, техник, технологийн 11 олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 36 медальт болон тусгай байр эзэлсэн байна. Тиймээс авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилт гаргаж, эх орноо дэлхийд сурталчилсан сурагчид, тэднийг бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр нэрэмжит шагналаа гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн тэргүүн 2021 онд монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг дэмжиж, олон улсын олимпиадад сурагчид оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгаж байжээ. Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломж бүрддэг.