“Mining week-2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнг өчигдөр Улаанбаатарт нээлээ. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг энэ удаа “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, олон улсын түншлэл” сэдвийн хүрээнд хийж байна. Уг арга хэмжээнд оролцохдоо Ерөнхий сайд Н.Учрал “Гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна. Эрх зүй орчин шинэчлэгдэж буй нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалтыг дэмжин, олон улсад Монголын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь, дохио дуудлага болно. Одоо бид хуулийн хэрэгжилтдээ онцгой анхаарна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг байдлыг өөрчилнө” гэлээ.
Хариуцлагатай, нэмүү өртөг шингээсэн, ногоон уул уурхайг дэмжин, төрийн зарим чиг үүргийг салбарын мэргэжлийн холбоодод шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.
АҮЭБЯ, АМГТГ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй уул уурхайн долоо хоногийн үеэр дотоод, гадаадын компаниудыг танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг зорьдог. Түүнчлэн уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбар дахь хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийг танилцуулдаг юм. Энэ удаа нийт 15 орны 350 компани, байгууллага, 20 000 орчим хүн оролцож байгаа гэнэ.