“Нэгэн арван хэдийгээр багавтар хугацаа ч чамлалтгүй зүйлийг хийж базаах, бүтээн туурвих, бичиж үлдээх, сануулж сэхээрүүлэх боломжтой”-г Ц.Балдорж эрхлэгч редакцынхаа эхэн үеийн хөгжлөөр жишээлэн “Өнөөдөр” сонины 10 жилийн түүхэн товьёог бүхий номын өмнөтгөлд бичиж байжээ. Өнөөдөр бид Монголын нийгмийн амьдралын гурван арваны түүхийг өртөөлөн түүчээлсэн баялаг замнал, бахдам амжилттайгаар “Монгол ньюс” групп, “Өнөөдөр” болон “UB Post” сонины 30 жилийн тэгш ойн баяртай учран золгож байна. Бүтээн туурвих, бичиж үлдээх, сануулж сэхээрүүлэх нөр их хөдөлмөрөөр бүтсэн энэхүү түүхэн замналын эхэн үед редакцынхаа “хана, тооно”-ыг түшилцэж, халуун галыг нь маналцсан эрхэм хүмүүсийн дурсамж яриаг уншигчдадаа хүргэе. “Монгол ньюс” группээс улбаатай “Өнөөдөр” , “UB Post”, “Би би би”, “Ням гараг”, “Таван цагариг” сонинтой ажил, амьдралаа холбосон олон зуун хүний түүхийг нэг дор өгүүлэх боломж мэдээж үгүй тул тэднийг төлөөлүүлэн цөөн хүний дурсамжийг чадан ядан багтааснаа учирлан хэлэх нь зүйтэй болов уу.
Нэгхэн жилийн ажил-нэгэн насны дурсамж

“Өнөөдөр” сонины эрхлэгч асан, сэтгүүл зүйн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид
Нэрт сэтгүүлч Ц.Балдорж “Монгол ньюс” компаниа үүсгэн байгуулж, 01 тоот тушаалаараа шинээр гаргах өдөр тутмын “Өнөөдөр” сонины эрхлэгчээр намайг томилон, тус сониныг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг даалгаж байснаас хойш 30 намар улирчээ. Үндэсний өдөр тутмын анхны чөлөөт сонин хэрхэн бий болсон түүхийг миний бие “Өнөөдөр” сонины 2006 оны наймдугаар сарын 28-ны дугаарт хэвлүүлсэн “Өнөөдөр”-ийг нийгэм хүлээж байсан юм шүү” ярилцлага, 2011 оны есдүгээр сарын 13ны №209-д гаргасан “Өнөөдөр” мэндэлсэн түүхнээ нэмэх бяцхан таталбар” дурсамж-нийтлэлдээ нэлээд тодорхой өгүүлсэн тул энэ удаад олныг өгүүлэмгүй.
Бид үндэсний хэмжээний жинхэнэ мэргэжлийн, хараат бус сонин гаргана хэмээн урам зоригтой ажиллаж, тухайн үеийнхээ боломжоос давсан зүйл хүртэл мөрөөдөж явснаа өнөөдөр эргэн дурсахад сайхан байна. Жишээ нь, эх бэлтгэгч Д.Батцэнгэл маань зөвхөн “Өнөөдөр” сониндоо зориулсан тусгай шрифт бий болгоно хэмээн өчнөөн хоног ноцолдсоны эцэст яалт ч үгүй тэр үеийн техник хэрэгсэл, программ хангамжийн хязгаарлагдмал байдалд захирагдан энэхүү дэврүүн бодлоо орхиход нь бүгдээрээ өмнөөс нь харамсаж билээ. Ажилтнууддаа ая тухтай, гэртээ байгаа мэт орчин нөхцөл бүрдүүлье гэсэн компанийн удирдлагын зарим санал санаачилга, жишээ нь, шар айраг чөлөөтэй хэрэглэхийг зөвшөөрсөн нь хэрэглээгээ хянаж чаддаггүй хүмүүсийн хувьд бөөн аз завшаан болж, яалтгүй цаг үеэсээ түрүүлсэн шийдвэр гэдгээ нотолсон тул хэдхэн хоноод цуцлахад хүрч байсан удаатай. Энэ мэт жишээ нь өнөөдөр шалихгүй зүйл мэт бодогдож болох ч 30 жилийн өмнөх үед тэр бүр хүн санаж сэдэж, зориглож хийгээд байхааргүй л алхмууд байлаа.
Монголд анхны хувийн хүчирхэг медиа групп байгуулж чадсан Ц.Балдорж эрхлэгчийн маань санаачилж, үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сониныг Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд 30 жилийн турш нэр хүндтэй, мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл байлгаж чадсан, чадаж байгаа үе үеийн удирдлага, ажилтан, баг хамт олонд, мөн үнэнч уншигчдад нь гүн талархал илэрхийлж, тэгш ойн баярын мэнд дэвшүүлье.
Гучин насандаа анхны эрхлэгч нь байсан сонин маань өнөөдөр гучин нас хүрч байна гэхээр цаг хугацаа дэндүү хурдан өнгөрсөн санагдана. Гэвч энэ хугацаанд “Өнөөдөр” сонины хамт олны бүтээсэн мэдээллийн багтаамж, нийгэмд үзүүлсэн эерэг нөлөө, профессионализмын хувьд салбартаа ямагт жишиг болж ирсэн замнал нь яалтгүй бахархал хүндэтгэл төрүүлж байна. Монголын 30 жилийн улс төр, нийгмийн амьдрал, олон мянган хувь хүн болоод хамт олны түүхийг баримтжуулан үлдээсэн гавьяатан-“Өнөөдөр” сонины цаашдын зам мөр нь дардан байж, цахим хэвлэлийн сул талыг цаасан хэвлэлээр нөхөж, он удаан жил оршин тогтнохын ерөөл өргөе.
Өнө мөнхийн, үргэлж шинийн, үзүүр үгүй тэмүүллийн “Өнөөдөр”

“Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батбаатар
“Хүй дарсан тоонот”, “Хүй цөглөсөн газар” хэмээх хэлц үг монгол хэлэнд бий. Ийм нэр томьёо гаднын хэлэнд бараг үгүй л болов уу. Төрсөн газар, унасан нутаг, төрж өссөн орон гэр, цаашилбал эх орон гэх өргөн дэлгэр ойлголт энэ үгэнд багтана. Хүмүүний хэзээ ч мартах учиргүй амин холбооны учиг зангилаа, сэтгэл зүрхэндээ ямагт дээдлэн хүндэлж явах газар шороо, нутаг орныг монголчууд энэ хэлц үгээр илэрхийлдэг.
Монголын сонины сэтгүүл зүйн халуун ам бүлийнхний гишүүд нь болох бидний хэдэн сэтгүүлчийн хувьд “Өнөөдөр” сонин бол хүй цөглөсөн газрын дайтай эрхэм дээд оршихуй билээ. Сэтгүүлчийн хувьд чухамхүү тэр л газарт бид өсөн торниж, хэл, хөлд орсон. Цэрэндоржийн Балдорж эрхлэгчийнхээ хамт “Өнөөдөр”-т шинэ сэтгүүл зүйн түүх бүтээлцэж, насан турш омогших бахархалтай болсон. Одоо болтол “Өнөөдөр”-өөр овоглож, “Балын цэргүүд” хэмээх хүндэтгэлийн тойрогт багтсан хувь заяандаа талархнам.
Бал эрхлэгч Төрийн төв хэвлэлийн статустай байсан “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгчийн ажлаа засгийн эрх баригчдын шийдвэрээр өгөөд ердөө хоёр хонож байхдаа л өдөр тутмын чөлөөт сонин байгуулна гэдгээ тунхаглаж, 10-аадхан хоногийн дотор эхний дугаараа гаргасан нь “Өнөөдөр” байв. Шинэ сонин маань шинэ сэтгүүл зүй, шинэ үе ирснийг анхны дугаараараа л зарласан. Хийц дэглэлтээс эхлээд нийтлэлийн өнгө төрх, сэдэв, агуулгын шинэлэг байдлаараа чөлөөт хэвлэлийн шинэ эрин эхэлж буйг тод, чангаар дохиолсон билээ. Тэр цагаас хойш гурван арван улирчээ.
Сониныхоо тав, 10, 15, 20, 25 жилийн ойг бид тэмдэглэж, тэр бүрийд түүх, дурсамж бичиж байж, би. Харин энэ удаад сонин хэрхэн бүтсэн, яаж хөлөө олсон, хэн ажиллаж байсан гэх мэт түүх, дурсамж өгүүлэхийг азнаж, “Өнөөдөр” Монголын сэтгүүл зүйд ямар өв үлдээсэн бэ гэдгийг дүгнэн цэгнэх нь чухал гэж бодов. Гэхдээ энэхүү үнэлгээ, дүгнэлт нь зөвхөн миний хувийн байр суурь бөгөөд тухайлсан судалгаа шинжилгээ биш гэдгийг өчих нь зүйтэй болов уу. “Өнөөдөр” сонины өнгөрсөн 30 жилд бүтээсэн өв, туршлага, үнэ цэн дараах гурван зүйлээр тодорхойлогдоно гэж бодож байна.
Нэгдүгээрт, “Өнөөдөр” сонин Монгол Улсад иргэний, ардчилсан чөлөөт хэвлэлийг дэлхийн жишгээр, сонгодог утгаар нь хөгжүүлэх анхны шанг татсан юм. 1990-ээд оноос маш олон “шар” сонин гарч байв. Хэнээс ч хараат бус, юуг ч, яаж ч нийтэлж байсан гэдэг утгаар нь тэдгээрийг чөлөөт гэж хэлж болох ч дэлхий нийтээр баримталдаг чөлөөт хэвлэлийн үндсэн шинж, зарчимд нийцэж байсан уу гэвэл учир дутагдалтай. Тэгвэл “Өнөөдөр” сонин эхний дугаараасаа л төр засгийн алдаа дутагдлыг ил хурц шүүмжилж, нийгэмд үүссэн эмзэг хөндүүр сэдвийг учир шалтгаан, урхаг хөнөөл, гарц гаргалгаатай нь уудлан илчилж байлаа.
Өдөр тутмын сонин хараат бус байхын, жинхэнэ ёсоор бие даан оршихын, мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй редакц үйл ажиллагаа явуулахын үлгэр жишээ нь “Өнөөдөр” болсноор сонины сэтгүүл зүйд түүн шиг байхын, түүн шиг биш юм гэхэд дөхөж очихын чөлөөт өрсөлдөөн эхэлж, энэ замаар хожмын “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Монголын мэдээ” зэрэг өдөр тутмын сонинууд замнасан юм. Тиймээс “Өнөөдөр”-ийг Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсэн хөгжих замыг гэрэлтүүлсэн бамбар, сэтгүүл зүй “дөрөвдөгч засаглал” байхын утга учрыг ойлгуулсан сонгодог чөлөөт хэвлэл гэж хэлэх бүрэн үндэстэй.
Хоёрдугаарт, “Өнөөдөр” сонин хэвлэлийн менежментийн цоо шинэ хэв загварыг Монголд нутагшуулсан гавьяатай. Сонин дөрвөн нүүртэй, хар, цагаан байдаг гэсэн хэвшмэл ойлголт монголчуудад байв. Тэгвэл дөрвөөс олон нүүрээр хэвлэж болдог гэдгийг Монголд анх “Өнөөдөр” харуулсан. Анхны найм, 16, 32, бүр 48, 68 нүүртэй сониныг мөн л бид хэвлүүлсэн. Хар, цагаанаар дагнаж байсан Монголын өдөр тутмын сонины зах зээлд “Өнөөдөр” сонин анх удаа 2004 оны есдүгээр сарын 15-ны лхагва гаргийн дугаараа өнгөтөөр хэвлэсэн юм.
Сонины реклам сурталчилгаа гэдэг ойлголт Монголд байхгүй, хаясан, гээсэн зүйлийн албан зар л сонины арын нүүрний хамгийн дор хэвлэгддэг байсан үеийг халж, реклам сурталчилгааг утгаар нь хөгжүүлсэн түүх “Өнөөдөр”-ийнх. Нэг дугаарт 24-28, долоо хоногтоо дунджаар 120 нүүр реклам хэвлэж байсан үе бий. Тэр хэрээр сонин санхүүжилтийн хувьд бүрэн бие дааж, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд тус нэмэр үзүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болж байв. Түүнчлэн араасаа “Таван цагариг”, “UB Post”, “Би би би”, “Ням гариг” гэх мэт дагуул сонинуудтай болж, захиалга, борлуулалтаа өөрөө хийж, хэвлэл мэдээллийн бие даасан группийн хэмжээнд үйл ажиллагаа явуулан, мэдээллийн сайтыг сонинуудаас анх удаа 2001 онд нээж, анхны цахим сонин болж, түүгээр ч зогсохгүй АНУ, БНСУ-д монгол хэлээр хэвлүүлж байсан түүх гагцхүү “Өнөөдөр”-ийнх билээ. Тиймээс энэ сониныг Монголын сэтгүүл зүйд хэвлэлийн менежментийн цоо шинэ жишиг үүсгэж, амжилттай хөгжүүлэн, онол, арга зүйгээр баяжуулсан түүхэн гавьяатай гэж хэлж болно.
Гуравдугаарт, тэнд өөрийн гэсэн дэг сургууль (школ) үүсэн төгөлдөржсөн. Түүнийг “Балдорж школ” гэж нэрлэх учиртай. Залуу сэтгүүлч “Өнөөдөр”-ийн үүдээр орсон мөчөөсөө эхлээд энэ дэг сургуулиар хүмүүждэг. Эх сурвалж олох, түүнийгээ баримтаар баяжуулах, бичих, найруулахаас эхлээд гарчиг өгөх хүртэл өвөрмөц дэг “Өнөөдөр”-т бий. Гагцхүү үнэнд тулгуурлах, ёс зүйн зарчмыг ягштал баримтлах, үг үсэг, утга найруулгын ямар ч алдаагүй байх, түүнд нь алба, хэлтсийн дарга, удирдлагуудын оролцоо, залуу сэтгүүлчийг дэмжин хөгжүүлэх гэх мэт бичигдээгүй олон хууль тэнд үйлчилдэг.
Олсон мэдээллийнхээ араас мухарт нь тултал явах, үүнээс цааш газар үлдээгүй буюу бүх талын тайлбар, тодруулгыг авч дууссан үед сая үзгээ барих, хувийн буюу бусдын ашиг сонирхлын үүднээс сонины зай талбай, нэр хүндийг ашиглахгүй байх, сэтгүүлч өдөр тутам хөгжин дэвжиж, мэдлэгийг эрхэмлэх, таван мөр мэдээнд ч мэдлэг шингээх, нэг сэдэвт хэд хэдэн сэтгүүлч оролцох буюу багаар ажиллах гэх мэт олон сайн зарчим энэ “школ”-ын амин сүнс нь. “Балдорж школ” авьяасыг хөгжүүлдэг, мэдлэгийг тэлдэг, зүтгэлийг дэмждэг, эцэст нь хүнийг хүн болгодог дэг байсан юм. “Сэтгүүлч юуны түрүүнд хүн байх ёстой” гэж Бал эрхлэгч маань сургадаг байв. Тийм ч учраас тэндээс Монголын сэтгүүл зүйн шилдэг төлөөлөл болсон олон сайн сэтгүүлч төрөн гарсан юм.
“Өнөөдөр”-ийнхөө үнэ цэнийг ийм гурван зүйлээр товч боловч тодорхойлъё. “Өнөөдөр” бол судлагдахуун байх түвшний том сонин. Маш сонирхолтой судалгаа болно гэдэгт ч эргэлзэхгүй байна. Тиймээс энэ замаар замнах судлаач олон байх биз ээ.
“Дурсах юмгүй хүн, явсан мөргүй царцаа хоёр адил” гэсэн үг бий. Та, бид бол дурсах юмтай, бахархах түүхтэй, үлдээсэн өвтэй, үнэлэгдэх үнэ цэнтэй хүмүүс билээ. Тэнд бид Бал эрхлэгчтэйгээ, Пүүжээтэйгээ, Иштэйгээ, Рэ, Чулуун ахтайгаа, Болороо, Эмү, Энхмаатайгаа, Заяа, Даваа, Лутаатайгаа гээд олон сайхан залуустай шинэ түүх бүтээлцсэн. Тэр түүх үргэлжилсээр байна. “Өнөөдөр”-ийн түүх бол өнө мөнхийн, үргэлж шинийн, үзүүр үгүй тэмүүллийн түүх билээ. Ирээдүйн сайхныг зорьсон энэ эрлийн замыг гэрэлтүүлэгч бамбар, чиглүүлэгч луужин нь “Өнөөдөр” байсаар байх болно.
“Өнөөдөр”-өөр овоглосон хэн бүхэнд түүхт 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
“Жаргалант”
“Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга, тоймч асан, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Рэнчинханд
Би говийн хүн. Манай нутаг хангайг бодвол намхан толгод, налгар талтай болохоор хаашаа ч хараа бэлчээхэд чөлөөтэй. Тачирхан өвс ургамалтай тал нутагтаа тэнгэрийн хаяаг харъя гэхэд ч түүнд саад болох юм байхгүй. Ердөө зэлэн дээр зогсох ингэний хөл доороос л нар мэлтийтэл гараад ирнэ шүү дээ. Сумын төв (Дундговь аймгийн СайханОвоо) маань л говь руу урсдаг ганц гол Онгийн эрэг дээр байдаг болохоос чандмань эрдэнэ болсон ус манай нутагт тийм ч элбэг биш. Хур ихтэй зун зарим тойромд ус тогтчихоор “Малаа задгай ус уулгая” гээд хөл болоод явчихна. Ийм үед хүн, малгүй хэд хоног жаргаад авна аа, бас.
Тэгээд тэр биз, нутгийн маань газрын нэрүүд, ялангуяа манай нутагладаг зүүн талд худаг устай их холбоотой. Хашаат, Билгэх, Зодох, Огторхой, Ташаа гээд нэрлэчихнэ. Тэнд нь заавал нэг, хоёр худаг байна. Манайх “Жаргалант” гэж тийм ч элбэг биш устай худгийг жилийн дөрвөн улиралд “ээрч” байдаг сан. Тэндээс ер холдохгүй тул уулзсан хүмүүс “Танайх хаагуур нутаглаж байна” гэж асуухгүй, хаана буй нь тодорхой, харин ногоо цагаа, цас зуд ямар байгааг л сонирхоно.
Уг нь баруун, зүүн Жаргалант гэж хоёр худаг байгаад баруун нь усгүй болж, ширгэсэн юм билээ. Зүүн нь их өгөөж буянтай сайхан нутаг. Өмнөхөн нь хоёр үзүүртээ өвөлжөөтэй, Зараа гэж сонин нэртэй хайрхан, хойно нь Сухай хэмээх говьтой. Зарим жил манайх баруун өвөлжөөнд нь бууж, бууцны хормойд гүүгээ уячхаад, Октябрийн баяраар амралт болоод сургуулиас ирэхэд таана ханхалсан, тагнай хага ташуулсан айраг сөгнөчихсөн байдаг сан. Манай тэмээ хаана ч юм, хэд хоногоор “тэнэж” явсаар Жаргалантынхаа усыг уух, Сухайн говио идэхээр өөрсдөө аяндаа хүрээд ирнэ. “Манай хэдэн мал энэ Жаргалантдаа байхад шороог нь ч гэсэн долоогоод таргалаад, өнгө зүс ороод байдаг юм” гэж аав минь сэтгэл тэнүүн ярьж суух. Энэ худгийн ус гойд хүйтэн гэж байгаа. Зуны дунд сард дотор нь хурга унагачхаад, тэр даруй сандран ховооныхоо орхиулаар оосорлоод татаад гаргаад ирэхэд сүүл нь хөлдчихсөн байсан тухай ээж минь ярих. Ганц гэм нь ус нь их элбэг биш болохоор олон мал услахад заримдаа шавхагдчихна. Ус нь дугшихыг (ундрахыг) хүлээн гараа амрааж суух хооронд энэ мэтийг ярьж байх.
...1990-ээд оны эцсээр шиг санагдана, сонины маань нэг дугаарт миний бичсэн хоёр материалыг нийтлэх болов. Нэгийнх нь дээр өөр нэр бичих шаардлага гарлаа. Ийм юмтай анх учирч буй нь тэр. Нэрээ ямар үгээр орлуулах билээ гэж бодохын зуурт нөгөө “Жаргалант” маань гялс гээд ороод ирэв. Миний хувьд утга учиртай, сэтгэлд их ойр нэр гэж бодогдлоо. Бас ч өөр үгээр солиод байлгүй, удаан хэрэглэхэд ч болохоор. Нэрээ ингээд өгчихтөл овог хэрэгтэй болов. Уг нь нэг л үсэг л дээ. Тэгээд ер юу ч бодолгүй нэрийнхээ эхний үсгийг өмнө нь тавиад, маргааш өглөө сониноо үзсэн чинь “Р.Жаргалант” хэмээн дурайж байна шүү. Сайхан гэж, аав, ээж минь хоёул хорвоог орхисон байсан болохоор тэднийг маань орлож буй ч юм шиг санагдаад.
Нэгэн үе Японы сүмо бөхийн дэвжээг доргиож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж явсан Харүмафүжи (Д.Бямбадорж) их аварга япончуудын дээдэлж явдаг шүтээн Фүжи уулын бэлд очихоор жигтэйхэн тайвширч тайтгардаг гэж ярьсан байдаг. Магадгүй тэгээд ч нэрэндээ тэр уулын “Фүжи”-г оруулсан ч юм бил үү. Ер сайхан уул, усныхаа нэрийг “зээлээд” ч гэсэн авч хадгалж явах нь өлзий буянтай л байж таарна. Төрийн шагналт яруу найрагч агсан Ш.Гүрбазарын нэгэн шүлэгт “Монгол” гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог” хэмээсэн сайхан мөр байдаг. Би тэгвэл “Жаргалант” хэмээх эрдэнийн есөн үсэгтэй тахил нэрээр Монголдоо гоёх болсоор лавтай 30 гаруй жилийн нүүр үзсэн байх юм.
Газар нутгийнхаа нэрийн өмнө өөрийн нэрийн эхний үсгийг тавьчхаад “Арай л ахдаж байгаа юм биш биз. Уг нь хүн чинь нутгаараа овоглож явдаг байтал...” гэж нэгэн үе бодогдоод байх болсон. Тэгээд нутгийн нэрээ ургийн овгийнх болгосноор нэрийнхээ өмнө “Жаргалант” гэж бичих болж, гэмээ цайруулж санаа амарсан юм. Манайхны эрэгтэй талынхан одоо “Жаргалант” гэх овогтой буй.
Цахилж өнгөрсөн 30 жил

“Монгол ньюс” компанийн ерөнхий нягтлан бодогч, Хэвлэл мэдээллийн болон Санхүү, банкны салбарын тэргүүний ажилтан Б.Халиун
Юуны өмнө Н.Шүр эрхлэгч, Б.Нандинтүшиг, Б.Номинтүшиг нартаа, “Монголньюс” группийн хамт олондоо 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Би “Ардын эрх” сонинд анх байгуулсан үеэс нь буюу 1990 оноос ажилласан хүмүүсийн нэг. Дараа нь Бал эрхлэгч маань өрх тусгаарлан шинэ сониноо байгуулж, 1996 оны есдүгээр сард анхны дугаараа уншигчдад хүргэснээс хойш хоёр сар орчмын дараачаас би “Өнөөдөр”-төө нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн юм. Намайг очиход Г.Сүхбаатар эдийн засагч, Л.Нарантуяа нягтлан бодогч байлаа.
Бидний хэдэн нөхдийн үндсэн ажил бол аж ахуй, санхүүгээ бүрэн хариуцах байв. Дөнгөж байгуулаад байсан тул сониноо хэвлүүлэх цаасны мөнгө олохоос эхлээд бичлэгийн шагнал, ажилчдын цалин урамшуулал, борлуулалт, байрны түрээс, өдөр тутмын үйл ажиллагааны зардал гээд санхүү тооцоотой холбоотой бүгдэд оролцдог, санаа тавьдаг байлаа. Анх хуучин “Ардын эрх”-ийн хойд талд буюу “Шинэ интернэшнл” компанийн байрны хоёр давхар дахь түрээсийн умгар өрөөнд цөөн хэдэн сандал, ширээтэйгээр л “Өнөөдөр” сониныхон ажлаа эхлүүлсэн юм.
Тухайн цаг үед Монголд хувийн хэвшлийн компаниуд дөнгөж хөгжиж эхэлж байсан учраас харилцаа, хамтын ажиллагааны боломжууд хязгаарлагдмал байв. Зар сурталчилгаа тэр бүр олдохгүй, олдсон ч бартераар хэвлүүлэх нь элбэг. Жишээлбэл, электрон барааны “Элба” төв дэлгүүрийн реклам сурталчилгааг сониндоо нийтлээд, оронд нь цөөн хэдэн ширээ, ганц, хоёр компьютер авч байсан санагдана. Сониноо таниулж, борлуулалтыг нь нэмэгдүүлэхийн тулд бид маш олон шинэ зүйл санаачилж хийдэг байлаа. Шинэ жилийн баяр угтаад “Цасан угалз” сүлд модны наадам хийнэ. “Хит парад” дууны наадам зохион байгуулна. Сонины уншигчдаа урамшуулах сугалаат хөтөлбөрийг долоо хоног болгон телевизээр явуулна. Хамгийн том бэлэг нь “Sonata” машин байсан юм. Бид иймээс л “Өнөөдөр”-ийг эхлүүлж, ийм л халуун сэтгэлээр сониныхоо төлөө ажиллаж байжээ. Тийм ч учраас сонин маань богино хугацаанд хөл дээрээ зогсож, олон уншигчтай болж, “Монгол ньюс” группийн үйл ажиллагаа өргөжин тэлсэн юм.
Сонины уран бүтээлчид буюу сэтгүүлчид өдөр тутам хэчнээн завгүй ажилладаг билээ. Аж ахуй, санхүү хариуцсан бид бас өөрсдийнхөө тэр хүрээндээ бужигнаантай завгүй л ажиллацгаана. Нэг л мэдэхэд гэдэг шиг цаг хугацаа цахилсаар 30 жил өнгөрсөн байна. “Өнөөдөр” сонины хамт олонтойгоо өнгөрсөн бүх хугацаанд хамт байлаа. Одоо ч хамт байна.
Мөрөөдлийн баг

Ц.Намсрайн нэрэмжит шилдэг рeдакторын шагналт, С.Лувсанванданы нэрэмжит Гоо зүйн дээд шагналт, “Балдорж” сангийн гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос
“Ням гариг”-аа би дурсан санах дуртай. Гэрэл гэгээтэй, соён гэгээрүүлэх үүрэгтэй, олон мянган хувиар хэвлүүлж байсан, долоо хоног тутмын сонин. Балдорж эрхлэгчийн санаачилга, удирдлага дор эхлүүлсэн амралт, чөлөөт цагийн сонин. Манай рeдакц маш хүчтэй, мөрөөдлийн гэмээр баг байлаа. Тухайн үeд мэргэжил нэгтнүүд ч тэгж үнэлдэг байсан.
Бид хамтдаа нэг өрөөнд сууна. Баруун жигүүрт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, морины тодотголтой хэмээх яруу найрагч Н.Банзрагч, дууны шүлгийн нэрт мастeр З.Түмэнжаргал, Арлааны Эрдэнэ-Очир, О.Энхжавхлан, нэг хэсэг Б.Галаарид, яхь Тэргэл, зүүн жигүүрт Л.Өлзийтөгс, Ц.Хулан, Д.Энхболдбаатар, Н.Билгүүн, Д.Дашмөнх, Чимэдбат сууна. Ганц нэг хүний нэр орхисон бол хүлцэл өчьe. Идэвхтэн бичигчид нь Л.Түдэв, Ч.Эрдэнэ, Б.Дэлгэрмаа гэх жишээтэй. Олон сонирхолтой булантай, “Ийм нэгэн амьдрал”, “Нэг төгрөг”, өөр юу ч билээ. Гучин жилийн өмнөх болохоор заримыг нь мартжээ.
Сонины дугаар болгоноо шүүн хэлэлцэнэ. Энэ үeд Балдорж эрхлэгч заавал сууна. Ихэнхдээ биднийг сонсоно, заримдаа хоорондоо маргахаар шоолно, чиглүүлнэ. Мань хүнгүй хурал уйтгартай, өнчин мэт мэдрэмжтэй. Дугаарын хэлэлцүүлэг шударга бөгөөд ширүүн болно. Сайн нийтлэл мөнгөн урамшуулалтай.
Тэр үeд дарга нар нь дугаараа өөрсдөө удирддаг байлаа. Харин манайх сурвалжлагчдаараа удирдуулдаг журамд түрүүлж шилжсэн. Ингэснээр сэтгүүлчдийн хариуцлага нэмэгдэж, шаардлага жигдэрч, нийтлэлийн чанар улам сайжран, эрүүл өрсөлдөөн үүснэ. Хүн бүр өөрийн эрхэлсэн дугаараа сайн гаргахын төлөө чармайна. Eр нь “Ням гариг”ийн дугаар бүр сайн гардаг байсан. Гэхдээ манайхан бүр илүү сайн гаргахын төлөө шунана.
Бид ажлаа сайн хийдэг шигээ баяр ёслолыг маягийн сайхан тэмдэглэнэ. Зөвхөн үгийг нь өөрсдөө зохиосон дууг л дуулна. Өлзий их эвтэйхэн, донжтой дуулна. А.ЭрдэнэОчир, Ц.Хулан хоёр бас л сайхан дуулна. Тэр үeд Өлзий, Аюур хоёр үeрхэж эхэлж байсан юм. Би Өлзийг харамлана гэж жигтэйхэн. Одоо хэчнээн сайхан аж төрж байгааг хараад чин сэтгэлээсээ баярладаг.
Тогосоогийн “хүүхдүүд” хүн тоодоггүй, дураараа, их зантай гэж намайг явсны дараа зарим хүн хэлдэг байсан. Аргагүй шүү дээ. “Ням гариг”-ийнхан тус бүрдээ том eртөнц байлаа. Тэд нийлэхээрээ ямар том ертөнц болох нь ойлгомжтой. Өнгөрсөн он жилүүдэд тэд маань бүтээл туурвилаараа орон зайгаа эзэлж, нэр сүрээ дархалсныг дурсахад би ч жаргалтай.
Миний нэрийн хуудас

“Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга асан, сэтгүүлч Д.Заяабат
Орос, Зөвлөлтийн яруу найрагч В.Маяковскийн “Зөвлөлтийн паспорт” хэмээх шүлгийг сурагч ахуйд минь уран зохиолын хичээлийн багш цээжлүүлж байсан нь санаанд буув. Одоо тэр шүлгээс:
Гайгүй бялдууч түшмэлүүдэд Гал улаан паспортаа гаргаж харуулахад Эрээн зарлал үзсэн ямаа шиг мэл гайхав гэсэн утгатай мөрүүд нь л толгойд үлдэж. Дээрх шүлгийг санахын учир өөр зүйлд байсан билээ.
В.Маяковский шиг хэний ч өмнөөс бахархалтайгаар гаргаад харуулчих “паспорт” надад юу билээ гэж. Тэгсэн хаана ч, хэний ч өмнө нүүр бардам хэлэх, харуулах нэрийн хуудас минь болсон ажил, мэргэжил, хамт олон минь хамгийн түрүүнд буув. Нэрийн минь тэр хуудас бол “Өнөөдөр” сонин. Монголын шинэ үеийн сэтгүүл зүйн түүчээ тогоруу болсон эрхлэгч, 20 гаруй жил хамтран зүтгэж ирсэн хамт олон минь миний бахархал билээ. Цагийн зүү нэг л мэдсэн 30 жилийг заав, мөн ч хурдан юм. Саяхан юм шиг л санагдана, Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д ажиллаад хоёр жил гаруй болж байсан юм даг. УИХ-аар манай сонины талаар хэлэлцэж, Бал (Ц.Балдорж) эрхлэгчийг ажлаас нь чөлөөлөв. Бараг л маргаашаас нь “Бал эрхлэгч “Өнөөдөр” гэсэн шинэ сонин гаргахаар болжээ” гэсэн яриа редакцад тархлаа. Ингэж “Өнөөдөр” сонины анхдагчдын нэг болох сонголтоо хийж, бид өрх тусгаарлан, ширээ, сандал гэх юмгүй умгар хоёр өрөөнд бөөн зориг, мөрөөдөл дүүрэн хэдэн нөхөр сууж, шинэ сониноо өлгийдсөн билээ.
Бидэнд дутагдаж гачигдах үе бишгүй байсаан. Гэсэн ч хэн маань ч больё, буцъя гээгүй юм шүү. Хоолтой, хоолгүй, цалинтай, цалингүй ажилласаар тун удалгүй хөл дээрээ бат зогссон. Энэ бүхнийг Бал эрхлэгч сайн сэтгүүлч, шилдэг зохион байгуулагч, менежер гэдгээ харуулан бидэнтэй хамт давж туулсан юм. Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр”-ийнхөн маань энэ хугацаанд тогтмол хэвлэлийн өөрийн гэсэн өвөрмөц дэг жаяг, редакцын соёл, арга барил бий болгож, бусдыг араасаа дагууллаа. Бидний гаргасан энэ зам мөр, дэг соёл Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас болж, одоо ч хэвээр, цаашид ч байсаар байх буй за. Ц.Балдоржийн,“Өнөөдөр”-ийн гэх дэг сургууль зөвхөн өдөр тутмын сонинд төдийгүй хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлд дагаж мөрддөг, хэрэгжүүлэхийг зорьдог алтан дүрэм нь болсон.
Мэдээлэл дамжуулах шинэ технологи нь өдөр тутмын сонины манлайллыг бууруулж, хүмүүс унших нь багассан ч “Өнөөдөр”-ийн гэх редакцын соёл, дэг сургууль Монголын хэвлэл мэдээлэлд гүн бат суусанд, тэр алтан дүрмийг бий болгогчдын нэг байсандаа талархаад баршгүй. Дэлхий тэр чигтээ мэдээлэл авах, түгээх шинэ технологиор амьсгалж буй ч цаасан хэвлэл буюу өдөр тутмын сонин ямар их ач холбогдолтой байсныг эргэн харах болсон талаар сүүлийн үед ярьж байна. Америк, Өрнөдийн уншигчид уламжлалт буюу цаасан хэвлэлээ эргэн санагалзаж, хэрэглээнээсээ хэзээ ч халах ёсгүй соёлын нэг байсныг ойлгож эхлэв бололтой. Монголын уншигчид ч үүнийг зах зухаасаа мэдэрч эхлээд буй. Тэгвэл арав гаруй жилийн өмнөх шигээ өдөр тутмын сониныг нийтээрээ унших цаг ойртож байна бус уу. Тэр үед “Өнөөдөр”-ийнхний гаргасан зам улам тодрох нь лавтай.
“Цасан угалз”-тай, цаасан далавчтай “Би Би Би”

- “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” уралдаанд Ерөнхий сайд Н.Учрал түрүүлж байлаа -
Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Батжаргал
Намайг Монголын радиогийн Уран зохиолын редакцад ажиллаж байхад Түмээ ах (хүүхдийн нэрт зохиолч Загдын Түмэнжаргал) “Ардын эрх”-ийн хавсралт Монголын хүүхдийн “Би Би Би” сонинд ажиллах санал тавилаа. “Нэг газартаа найман жил болчихлоо, нүүдэл хийхэд яадаг юм” гэж бодов. Тэгээд л зөвшөөрсөн юм. Хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог ах, зураач Ч.Ганбаатартай дөрвүүл ажиллаж эхэллээ.
Өмнө нь орон нутгийн сонинд ажиллаж байсан ч үндэсний хэмжээний хүүхдийн сонин сонирхолтой, шинэхэн байлаа. Өдөр тутмын “Ардын эрх”, амралтын “Ням гариг” сониндоо мэдээ олж ирнэ, сониноо А2 форматаар долоо хоног тутам гаргана. Тэндээ нэлээд хэдэн сар болоод дасаж эхэлж байтал шинэ нүүдэл хийхэд хүрлээ. АН-ынхан сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан учир Ц.Балдорж эрхлэгч маань “Монгол ньюс” компани байгуулж, өдөр тутмын “Өнөөдөр” сониныг бий болгов. Дагуул сонинууд ч түүнийг дагалдан нүүж, буурь сэлгэлээ. Спортын “Таван цагариг”, уран зохиолын “Билгүүн судар”, англи хэлний “UB Post” сониныхонтой айлсан амьдрах болов. Шинээр Ч.Ууганбаяр эрхлэгчтэй “Хайрын шуудан” чөлөөт сонин ч нэмэгдэв.
Сонин тойрон зохиох ажил олонтой. Хамгийн том нь “Цасан угалз” сүлд модны наадам. Хүүхэд бүр бэлэгтэй, сонирхолтой үзвэртэй, хамтлаг, дуучдын тоглолттой. Манай сониныхон тоглолтыг голлон зохион байгуулж, “Өнөөдөр”, “Таван цагариг”-ийнхан маань хүүхдүүдэд өвлийн өвгөний хувцас өмсөн бэлэг гардуулна. 1990-ээд оны дунд үед гэхэд Чех, Унгараас Иш (орлогч эрхлэгч, одоогийн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэн-Иш) эрхлэгч хэдэн сарын өмнөөс захиалж авчирдаг гэсэн, суудлын хол, ойроор ялгаатай 8900, 6900, 3900 төгрөгийн үнэтэй бэлгийг нярваас хүлээж аваад алдалгүй тараахын тулд манай сэтгүүлчид их зүтгэл гаргана. Сахал нь хацар дээрээ гарчихсан, малгай нь уначихсан хөгөө чирдэг тохиолдол ч олон байв. Хамгийн гол нь бэлэг дутааж өрөнд орж болохгүй.
Түшигт хоёр ах Түмэнжаргал, Дашдондог нар өөр ажилд шилжих болсон учир миний бие “Би Би Би” сониноо хариуцан ажиллах боллоо. Манай сонин уншигчдынхаа дунд олон уралдаан зохион байгуулна. Монголд байдаг гадаадын ЭСЯ-тай хамтран “Үлгэр үргэлжлүүлэн зохиох”, унадаг дугуйн шагналтай “Их мэдэхийн сорилго”, “Ээждээ би хайртай” гэх мэт сонирхолтой ажил сэднэ. “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” зохион бичлэгийн уралдаанд одоогийн Ерөнхий сайд Н.Учрал түрүүлж, Японы “Koop khun maak” байгууллагын шагнал гардахдаа Чингисийн тухай шүлэг уншиж тэдний нүдийг бүлтийлгэж байсан санагдана. Мөн Сэлэнгийн М.Анхбаяр, Дарханы М.Мөнхзул, Р.Гантөгс, Хөвсгөлийн В.Шинэбаяр, Ч.Явуухүү, Говьсүмбэрийн Н.Хүдэр, Налайхын С.Энхмөнх нарын олон хүүхэд зураг, зохион бичлэг, сорилгын уралдаанаас шагнал гардаж байсныг санаж байна. А2 форматаас А3 форматад шилжин найман нүүртэй болсон, захиалга арван мянга шахаж өссөн учир сэтгүүлч Р.Соёлсайхан, С.Нямгэрэл, орчуулагч Хонгорзул, “Вундеркинд” сангийн Б.Тогтохжаргал (сүүлд нь “Цох” сонин гаргадаг болсон), эх бэлтгэгч Ц.Эрдэнэханд, зураач Ө.Золзаяа нарын залуус ч нэмэгдсэн юм.
Манай сонин дэргэдээ “Шинэ сурвалжлагч” өсвөрийн сэтгүүлчийн клубтэй. Шүлэг бичдэг, сэтгүүлч болох сонирхолтой хүүхдүүд ирнэ. Тэднээс одоо МУИС-ийн сэтгүүл зүйн багш, доктор Г.Мэндхүү, гэрэл зургийн сэтгүүлч Э.Харцага, Ч.Энхтуул, нийгмийн сайхан ажил хийдэг Х.Ариунгоо, оригами хийдэг О.Ган-Эрдэнэ нарын олон авьяастан төржээ. Цахим мэдээлэл ихсэж, цаасан “далавчтай” хэвлэл багассан ч манай сонины уншигч, өсвөрийн сурвалжлагчид сайн л яваад талархнам.
Хичээж ажилласан хэн бүхнийг урамшуулж, гаршаадаг редакц

“Таван цагариг” сонины сэтгүүлч, “Өнөөдөр” сонины Нийгэм, экологийн албаны дарга асан М.Сугар-Эрдэнэ
“Өнөөдөр” сонинтой анх танилцсан түүх 1990-ээд оноос эхлэлтэй. Тэр үед “Өнөөдөр” сонин “Ардын эрх”-ээс өрх тусгаарлаж, шинээр байгуулагдаж байсан цаг. Дарга нар сэтгүүлч, ажилтнууддаа хоёр сониноос дуртайгаа сонгох эрх олгосон байлаа. Манай “Таван цагариг”-ийнхан хамт олноороо “Өнөөдөр” сониныг дагаад тусдаа гарсан юм. Учир нь энэ сониноос нэг тийм цоо шинэ зүйл, эрч хүч мэдрэгдээд байв. Тэр үеийн улс төр, нийгмийн байдал ч өөрчлөгдөн шинэчлэгдэж, тэр хэрээр сэтгүүлчдийн хувьд эрх чөлөөний цонх нээгдээд байлаа. Ц.Балдорж эрхлэгч харин энэ бүх шинэчлэлийг гардан хийх ур чадвартай, хэнийг ч уриалан дагуулах, жинхэнэ удирдагч хүн байсан юм.
Би “Таван цагариг” сониндоо ажиллаж, “Өнөөдөр”-т хааяа нэг спортын мэдээ нийтлүүлнэ. Өдөр тутмын том сонинд жижигхэн ч болов мэдээ нийтлүүлэхээрээ их баярлана. Гэтэл нэгэн өдөр Японы сүмочид Монголд айлчлан ирлээ. Кёкүшюүзан Д.Батбаярын “Ошима” дэвжээнийхэн “Мэхний их дэлгүүр”-ийнхээ амьдралтай танилцахаар ирсэн хэрэг. Сониндоо япон хэлтэй ганц нь би байсан тул сурвалжилгад явахаар боллоо. Тэр үед сүмочид гэдэг ховорхон харагдах зүйл байсан тул “Өнөөдөр” сонины нэгдүгээр нүүрнээс дамжуулан том нийтлэл бичих хүнд даалгавар оногдсон байв. Дугаарын удирдагч нь Э.Сонинтогос эрхлэгч. Спортын сониндоо санаа зовохгүй бичих ч “Өнөөдөр” сонины нэгдүгээр нүүр бол сэтгүүлч бүрд олдоод байдаг зай талбар биш. Хүндтэй ч хэцүүхэн даалгавраа биеэ барин, хөлсөө урсган, арай ядан гүйцэлдүүлээд очтол дугаарын удирдагч “Чи ямар намын “Үнэн” сонинд мэдээ бичсэн юм уу. Ирлээ, буулаа, явлаа, тэглээ гээд ямар ч сонирхолгүй юм бичиж, засаад ир. “Өнөөдөр” сонины хэв маягаар чөлөөтэй, сонирхолтой бич” гэж загнав. Ингээд өвлийн хүйтэнд дан таавчигтай сүмочид хэрхэн даарч байсан, тэдний “хал цэргийн дэг” яаж илэрсэн, монголчууд бидний орон сууцыг хэрхэн гайхсан гээд л харсан, үзсэн хамаг сонирхолтой зүйлээ бичээд очтол “Одоо харин болсон байна” гээд урам өгч билээ. Энэ цагаас хойш “Өнөөдөр” сонинд мэдээ, нийтлэл гаргах болбол ямар нэг хэв маягт баригдалгүй, чөлөөтэй сэтгэж, тааваараа бичих ёстой юм байна гэдгийг ойлгож авсан.
Тухайн үед жинхэнэ “од” болж байсан Кёкүшюүзан Д.Батбаяр болон аав, ээжтэй нь үүнээс хэдэн жилийн дараа ярилцлага хийж, сониныхноороо магтуулж байлаа. “Өнөөдөр” сонины өглөөний хурал их ширүүн, ажил хэрэгч уур амьсгалтай болно. “Хадаас” мэдээ хэлсэн сэтгүүлч шагнуулна. Сайн мэдээ хэлж, шагнуулахын тулд ихэд хичээл зүтгэл гаргана. Цахим ертөнцөөр тэнэхээс эхлээд ах дүү, анд найзууд руугаа байнга залгаж, мэдээ асуусаар ихэнх нь утсаа авахаа больж байсан удаатай. Ер нь “Өнөөдөр” хичээж ажилласан хэн бүхнийг урамшуулдаг, залуучуудыг мэргэжилд нь гаршаадаг, шинэлэг сэтгэлгээтэй сонин байсан, одоо ч тэр хэвээрээ.
Ц.Балдорж, С.Батбаатар, Д.Цэдэн-Иш, Б.Галаарид гээд олон сайн эрхлэгч нарын “гараар орж”, хал үзэж, халуун чулуу долоосоор одоо ч сэтгүүлчийн ажлаа хийсээр явна даа. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” бол бидний уриа.
Гурван хүн, нэг компьютер дөрвөн нүүр: "UB Post" төрсөн нь

“UB Post” сонины анхны редактор Ц.Жаргалсайхан
1996 оны тавдугаар сар. Луиза Ву компьютерт текст зогсолтгүй шивж, орчуулагч бид гурвуул нэгэн бяцхан өрөөнд жижигхэн дэлгэцээр нийтлэлээ харан сууж байв. Аль хэдийн шөнийн 03.00 цаг болжээ. Сонины анхны дугаар хэвлэлтэд шилжихэд бас ч үгүй дөрөв орчим цаг дутуу байна.
Үүний өмнө. Тухайн үед “Ардын эрх” сонины Гадаад мэдээний хэлтэст ажиллаж байхад Ц.Балдорж эрхлэгч дуудан “Англи хэлээр сонин гаргана. Чи хариуц. Багаа бүрдүүл” гэсэн даалгавар өгөв. Тэрбээр өөрийнхөө шулуун шуурхай зангаар гол гол алхмуудыг товч тодорхой заав. Энэ яриа 15 минут орчим хэртэй л үргэлжилсэн санагдана.
Тэр үед Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн, “шок”-ийн эмчилгээ нь дуусаагүй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөнгөн данган 2.2 хувьтай, харин өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 47 хувиар өссөн байв. Хүмүүс сонин гэхээсээ өдөр тутмын талхаа л илүүд боддог байсан хүнд үе.
Сонин. Бидний гаргах сонин нь том форматын, дөрвөн нүүртэй, хар, цагаан байв. Өөрөөр хэлбэл, тэр үеийн 2-4 хүнтэй ажилладаг, хувийн жижиг сонинтой дүйхээр байлаа. Онцлог нь англи хэлээр. Төрийн мэдлийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг, 1991 оноос хойш хэвлүүлсэн түүхтэй “Mongol messenger” сонин бидний гол “өрсөлдөгч” болох ёстой байв. Бидний мэдээллийн гол эх сурвалж нь мэдээж тухайн үеийн хамгийн олон уншигчтай “Ардын эрх” өдөр тутмын сонины улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын тухай мэдээ, ярилцлага, нийтлэл байсан юм.
Тухайн үед англи хэл мэддэг хүн тун цөөн, мэдээллийг голдуу Оросоос авдаг байлаа. Бусад улс, тэр тусмаа барууны орнуудад хаалттай, хямарсан эдийн засагтай, буцалсан улс төртэй, зах зээлд шилжиж буй Монгол орныг хаашаа эргэхийг тун анхааралтай ажиглаж байсан дипломатууд, олон улсын байгууллагынхан, хөрөнгө оруулагчдад бодит мэдээ, мэдээлэл авах нь юу юунаас ч чухал байсан. Иймд төрөөс хамааралгүй хувийн, чөлөөт хэвлэл байгуулах нь сэрүүн цэнгэг агаар адил туйлын хэрэгцээтэйг Ц.Балдорж эрхлэгч мэдэрч, боломжийг олж харжээ. Тийм ч учраас бид сониноо хэвлүүлснээс хойших богино хугацаанд Монгол дахь ЭСЯ, олон улсын байгууллагууд, гадаад дахь эрдэмтэд, судалгааны байгууллагуудад олон уншигч, захиалагчтай болж чадсан юм.
Анхны дугаар 1996 оны тавдугаар сарын 6-ных байв. Эрхлэгч, (“Монгол ньюс” группийн үүсгэн байгуулагч Ц. Балдорж), англи хэлний анхны редактор Луиза Ву (Канадаас ирсэн сэтгүүлч), редактор миний бие болон англи хэлний орчуулагч бид л анхны хэдэн дугаарыг өлгийдөн авсан түүхтэй.
Шөнөжин бэлтгэсэн дугаарын гол нийтлэл, мэдээ нь манайд том аюул дагуулсан байгалийн гамшиг буюу 100 000 га газрыг хамарсан ой, хээрийн түймэр, 1996 оны сонгууль угтсан улс төрийн намуудын үйл ажиллагаа, “Korean air” компани Монгол Улс руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн тухай байлаа.
Өнөө үе. Анхны дугааруудаас хойш “UB Post”-д англи хэлний хэд хэдэн редактор томилсноос хамгийн удаан, үр бүтээлтэй ажилласан нь Жил Лолесс (Канад) бөгөөд хожим нь олон шинэ сэтгүүлч нэмэгдсэн. Өнөөдөр тус сониныг өнгөт найман нүүрээр долоо хоногт гурван удаа хэвлэж, цахим хэлбэрээр уншигчдад хүргэн, мөн “The UB Post Online” хэмээх веб хуудсаар цаг алдалгүй мэдээлэл түгээж байна.
Дэлгэц нь цонх болов. Сонин гаргахдаа бид мөнгө олохыг урьтал болгоогүй. Харин орос хэл манай улсын иргэдийн бараг хоёр дахь хэл болсон шилжилтийн цаг үед англи хэлээр анхны чөлөөт хэвлэлийг гарган “амилуулж”, гадаадынханд Монголын тухай бодит мэдээлэл авах шинэ сувгийг нээж өгсөн юм. Ийнхүү бидний анх гурвуулаа харж суусан жижигхэн дэлгэц маань Монголыг дэлхийд харуулах өргөн цэлгэр цонх болж чаджээ.