“Өнөөдөр” сонин ардчиллын он жилүүдэд хараат бус, чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх үйлсэд түүчээлсээр ирсэн билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, хүний амьдралын өрнөлийг олон нийтэд хүргэж, хөгжлийн төлөөх санаачилгууд дэвшүүлж, бодитой үр дүнд хүрч байсан арвин жишээ бий.
Тогтмол хэвлэл бол тухайн цаг үеийнхээ үйл явдал, үзэл бодол, нийгмийн өөрчлөлтийг баримтжуулан үлдээдэг түүхэн чухал эх сурвалж билээ. “Өнөөдөр” сонин энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж, олон эх сурвалжид тулгуурласан, тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг уншигчдадаа тасралтгүй хүргэсээр байна. Өдөр тутмын сонинуудын өрсөлдөөн дунд уншигчдынхаа итгэл, дэмжлэгийг хүлээж, 30 жилийн турш тэргүүлэгчдийн эгнээнд бат зогссон нь “Өнөөдөр” сонины үе үеийн мэргэжлийн, чадварлаг хамт олны нөр их хөдөлмөр, үнэ цэний тод илэрхийлэл, нэрийн хуудас юм.
Өчигдрөөс илүү маргаашийг өнөөдөр бүтээхийн төлөө дуу хоолойгоо хүргэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэт хувь нэмрээ оруулсаар буй “Өнөөдөр” сонины үе үеийн нийтлэлч, сэтгүүлч, уран бүтээлч, ажилтан, хамт олон болон үнэнч уншигч Та бүхэнд талархал илэрхийлж, 30 жилийн ойн халуун мэнд дэвшүүлье.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва