Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлж буй гэр хорооллын бүсэд нийслэлийнхний талаас илүү хувь буюу 245 мянга гаруй өрх амьдарч байгааг албаны эх сурвалжуудад дурджээ. Тэдгээр айл өрхийн амьдардаг орчин инженерийн дэд бүтэцгүй гэхээр энэ хот хэчнээн модон жорлонтойг илтгэнэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам, орон сууцын тооллогын 2020 оны дүн бүртгэлд тэмдэглэснээр хотод маань цэвэрлэх байгууламж болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн тоо 207 000. Тэгвэл нийслэлийн ногоон бүс болон тусгай хамгаалалттай газар нутгийн ариун цэврийн байгууламжийн 2025 оны судалгааны хүрээнд нүхэн жорлонг тоолоход 20 460, муу усны нүх 1300 гаруй байжээ. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын мэдээллээр энэ тоо 680 000 буюу даруй гурав дахин олон. Үүнээс гадна өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар нийслэл, аймаг, төв, суурин газрын хөрсний бохирдол, нүхэн жорлон, үүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тухай сонсгол зохион байгуулахад ЭМЯ-наас “Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн дийлэнх буюу 93.5 хувь нь шаардлага хангаагүй нүхэн жорлон ашигладаг. Үүнээс 58.6 хувь нь бохир ус, угаадасны нүхгүй” гэж мэдээлсэн.
Модон жорлонгийн тоонд анхаарал хандуулах болсон учир шалтгааныг тайлбарлахын өмнө Нийслэлийн байгаль орчны газар (НБОГ)-ын холбогдох утас болон Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан, ХанУул дүүргийн нэг иргэний санал гомдлын дагуу ямар арга хэмжээ авсан хийгээд үр дүнд хүрсэн, эсэх талаар өгүүлье.
“Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд мед” эмнэлгийн баруун урд талд 2-3 жи лийн өмнөөс орон сууцын барилгын ажил эхлүүлэхэд олон айл газраа чөлөөлж, хашаагаа орхиод нүүсэн. Өнгөрсөн хугацаанд барилгын ажил эрчимтэй явж байгаа ч эмнэлэг орчимд 5-6 айлын хашаа болон дотор нь орхиод явсан модон жорлон нь огт “хөдлөөгүй” байсаар. Орчны бохирдол, үнэр танар их. Бороо орсны дараа бүр хэцүүднэ. Туул руу урсдаг уулын усны далангийн яг хажууд чөлөөлөгдсөн эзэнгүй хашаан дахь хоёр модон жорлонгийн ялгадас гадуураа хальж, овоорчээ. Холбогдох газруудад нь нэн яаралтай мэдээлж, ариутгал, халдваргүйтгэл хийхгүй бол ус, агаар, хөрсний бохирдол ноцтой түвшинд байна” гэсэн өргөдөл гаргаснаас гурван хоногийн дараа буюу тавдугаар сарын 29-нд G260521038 дугаартай гомдлын дагуу Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газ рын мэргэжилтэн тухайн газартай танилцаад чиг үүргийнх нь дагуу бус учраас Экологийн цаг даагийн албанд хандахыг зөвлөв. Тус албанаас “Монгол Улсын хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй учраас хамааралгүй”-г дуулгав. Анхны дуудлагаас хойш 10 хоног өнгөрчээ. Эргээд 11-11 төвд хандаж нөгөөх жорлонгийн талаар дахин мэдээлэв. G260604435 дугаартай хоёр дахь өргөдлийн дагуу долоо хоногийн дараа НБОГын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Уянга өнөөх “хэргийн” газарт нөхцөл байдлыг баталгаажуулан зураг авах зэргээр ажиллав. Үүнээс ахин долоо хоногийн дараа буюу долоодугаар сарын 5-нд “Дархан хан спийд” компанид долоодугаар сарын 9 гэхэд жорлонг буулгаж, ариутгуулахаар албан шаардлага хүргүүлсэн”-ээ иргэнд дуулгав.
Зөрчлийг арилгуулах, хоёр нүхэн жорлонг буулгуулах, ариутгал, халдваргүйтгэл хийлгэх тухай 01/13-01/750/28 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан өдөр болоход дөрөв хоног үлдэв. Үүнээс ердөө хоёр өнжөөд Наадам болох гээд байдаг. Өнөөх хашаанд ундуй сундуй, хэдхэн метрийн зайтай хоёр жорлонгийн ялгадас аюул тарьсаар. Үүнтэй залгаа эзэнгүй өөр хэдэн хашаанд мөн л жорлонгууд байгаа. Цоожтой учир дотогш нэвтэрч нөхцөл байдлыг харах боломжгүй. Улсын байцаагчийн хугацаат даалгавар “наадамлах” шинжтэй. Өргөдлийнхөө хариуг нэхэж, горьдлого тээсэн иргэн долоодугаар сарын 10 хүртэл өдөр бүр харуулдлаа, бахь байдгаараа... Наадмын дараахан харин нэг жорлон нь харагдсангүй.
ЖОРЛОН ХААЧИВ
Амьдарч буй орчинд нь байгаа аливаа дутагдал, зөрчлийг арилгуулахыг хичээсэн нэг иргэнд тохиолдсон үйл явдлыг тоочсоны учир нь орч ны бохирдлоос гадна манай төрийн албаны ажил ямар түвшинд явж байгааг, нөгөөтээгүүр аливаа ажил, бүтээн байгуулалтад стандарт мөрддөг, эсэх, нийгмийн өмнө хүлээх иргэн, байгууллагуудын хариуцлагыг ташрамд цухас хөндөхөөс аргагүй. Ганц энэ тохиолдол бус, үүнтэй адил иргэдийн өч төчнөөн санал, гомдол ямар зам туулж шийдвэрлэгддэгийг таашгүй. Нийслэлийн орчны бохирдол, иргэдийн аюулгүй орчинд амьдрах баталгааны талаарх дуудлага, өргөдөл холбогдох байгууллагуудад өдөрт хэдэн арваар ирдэг. Тухайлбал, сүүлийн гурван сарын хугацаанд (V/01-XIII/24) 11-11 төвөөр дамжуулан НЗДТГ-т нийт 13 438 иргэн утас, цахим хуудас, и-мэйл, дуут шуудан, фэйсбүүк, “И-Монголиа” системээр болон биечлэн гэсэн долоон сувгаар ханджээ. Үүний 18 нь хөрс, агаарын бохирдолтой холбоотой бол эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн талаарх гомдол 62 байна. Энэ бол ээлтэй, эрүүл нийгэм бий болгоход хууль, дүрмээс гадна иргэдийн оролцоо, хариуцлага чухлыг илтгэх баримт.
Дүүрэн ялгадастай жорлонг мэдсэн цагаасаа ганц өдрийн өмнө ч болов аюулгүй болгуулахаар хөөцөлдсөн иргэн болон “Өнөөдөр” сонины сэтгүүлч жорлонг буулгах үед хөндлөнгийн гэрчээр байлцахыг урьдчилан хүссэн ч байгаль орчны байцаагч болон газрыг эзэмшиж буй компани аль нь ч хариу өгөөгүй. Гэхдээ албан шаардлагын хугацаанаас хожимдсон ч гэсэн жорлон үгүй болсон нь сайн... Гэтэл үүд хаалгагүй, нурах шахсан жорлонг буулгаад хэдэн банзыг тэнд нь хаяж, харин нүхийг нь зүгээр л булчхаж. Ариутгасан шинж огт алга. Угаас ялгадас нь дүүрч, хальсан нүхийг булсан гэхээсээ шороо, чулуугаар хучаад орхисон нь илт. Үүнийг батлах мэт зарим нэг “бор” зүйл ч харагдана. Уг нь улсын байцаагч жорлонг аюулгүй болгох үүрэг өгсөн. Гэтэл “шовгор”-ыг нь буулгаж, овойж харагдахгүй л болгожээ. Ийм “ажлынх” нь үр дагаварт хөрс, агаар, ус бохирдсоор, эрүүл амьдрах орчин алдагдсаар.
Нөгөөх хашаан доторх “хоёр”-ын нэг нь өдгөө ч байсаар. Буулгах нь байтугай өөр нэгийг зэрэгцүүлэн шинээр босгоод хоршуулчихсан байна.
Хэдэн жилийн өмнө Зайсан орчмын нэр бү хий зарим хотхоны ундны уснаас удаа дараа нян илэрч, шуугиад өнгөрсөн. Үүнээс болж үл хөдлөх хөрөнгө нь үнэгүйдэж, гэр орноо орхин нүүсэн айл олон. Тэдний зарим нь өдгөө ч түрээсийн байранд амьдарч буй. Гэртээ харих “эрхгүй” болсон иргэдийн өмнө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Үүнтэй адил нянгийн бохирдлын талаар хааяа чих дэлсдэг. Цаашид өөр хаа нэгтээ дахин илрэхгүй гэх баталгаагүй. Тэгэхээр ер нь яагаад нян илрээд байдаг юм бэ гэсэн асуултын хариултыг эхлээд “Жорлон хаачив” гэсэн асуултаас ургуулбал ямар вэ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан зүгээр л булаад орхичихсон бол яах вэ. Иргэний хувьд хэн ч ингэж хардах эрхтэй. Уснаас нь нян илэрсэн зарим хотхоны хэд хэдэн оршинсуугчтухайнүедиймтаамаглалдэвшүүлж байв. Тодруулбал, “Барилгын компаниуд модон жорлонгуудыг бүрэн ариутгаж, аюулгүй болгоогүйгээс хөрсний бохирдлоос үүдэлтэй ийм нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй юү” гэж. Бодох л асуудал, олон жилийн өмнө тухайн хотхонуудыг барих ажлын хүрээнд чөлөөлсөн газарт үлдсэн жорлонгууд яасан бол. “Алга” болсон нөгөөх жорлон шиг зүгээр л булагдчихсан бол яах вэ.
Тодруулга
Нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол нь байгаль орчинд ноцтой аюул учруулдаг. Хөрсөнд нэвтэрсэн элдэв эмгэг төрүүлэгч бичил биет нь биологийн бохирдол үүсгэж, холер, цусан суулга, А хүрээний хепатит өвчин дэгдэх эрсдэлтэй. Нийслэлийн 360 цэгээс авсан хөрсний сорьц шинжилгээгээр 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн нь нүхэн жорлонгоос хөрс рүү нэвчиж буй ялгадаснаас үүдэлтэй. Эдгээр халдвар үүсгэгч нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 25-400 өдрийн турш хөрсөнд хадгалагддаг буюу энэ хэрээр аюул тарих эрсдэлтэй. Хөрсний бохирдлоос шалтгаалсан гэдэсний халдварт өвчний тохиолдол сүүлийн 10 жилд 10 000 хүн тутам 7463 бүртгэгдсэн нь өмнөх жилүүдийнхээс 500 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг ЭМЯ-ны хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд тэмдэглэжээ.
Нүхэн жорлон, ил бие засах байгууламжуудын балаг ингээд зогсохгүй. Ялгадсанд агуулагдах аммиак, метан зэрэг дэгдэмхий хий агаарын чанарыг доройтуулдаг. Дэлхийн хэмжээнд ариун цэврийн байгууламжаас ялгарах метан хий жил бүр нэмэгдэх хандлагатай бөгөөд үүний улмаас мөсөн гол, цэвдэг улам хурдацтай хайлж, далайн түвшин өсөж байгааг олон улсын судалгаануудаар баталсан.
Тэгвэл нэг нүхэн жорлон эргэн тойрныхоо 22 хүртэлх метр газрын хөрсийг бохирдуулж, цаашлаад салхи, хүн, амьтны хөлөөр тархдагийг 1950-иад онд орос судлаач А.С.Преображенской тогтоосон байдаг. Мөн бохирдол хөрсний гүнд 12-22 метр нэвчдэг болохыг дээжийн аргаар шинжилж, баталгаажуулжээ. Ташрамд өгүүлэхэд, олон улсын стандартад ч тусгагдсан эдгээр өгөгдөл ОХУ-ын ариун цэврийн дүрэм, журмын үндэс суурийг бүрдүүлсэн бөгөөд үүний дагуу нүхэн жорлонгоос орон сууцын барилга, зэргэлдээх газрын суурь хүртэл багадаа 15 метр зайтай байхаар заажээ.
Модон жорлонг бүрэн ариутгаж, халдваргүйжүүлсэн, эсэхийг ямар баримтаар баталгаа жуулдаг талаар байцаагчаас тодруулахад “Өргөдлийн дагуу хүргүүлсэн албан шаардлагын биелэлтийг хянан шалгаж байна. Тухайн компани ямар арга хэмжээ авснаа, модон жорлонг ариутгах ажлыг аль компаниар гүйцэтгүүлсэн зэргээ тайлангаар ирүүлдэг” гэв. Нийслэлд нүхэн болон модон жорлон, хөрсний ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бий бөгөөд тэднээр ажил гүйцэтгүүлээгүй тохиолдолд хууль, журам зөрчсөнд тооцдогийг албаны эх сурвалж мэдээлсэн.
АРАЙ Ч ДЭЭ, СТАНДАРТ НЬ АЛГА
Монгол Улсын хэмжээнд нүхэн жорлонгийн бүртгэлийг өнөөдрийг хүртэл албан ёсоор нэг ч хийгээгүй аж. Салбарын холбоодын албан бус тооцооллоор хоёр сая гаруй байх магадлалтай. Хүн ам сийрэг суурьшсан өргөн уудам нутагтай, нүүдлийн соёл иргэншилтэй улсад ийм тооцоо гаргах боломжгүй гэвэл дотоодын нөхцөл байдлаа мэдэх бидний хувьд гайхах зүйлгүй. Харин ийм төрлийн бие засах газрыг ариутгаж, халдваргүйтгэх албан ёсны стандарт ч, хууль ч манай улсад огт байдаггүй нь үнэхээр гайхаж, халагламаар асуудал. Стандарт бол хуулиас өөрцгүй дагаж мөрдөх ёстой чухал баримт бичиг. Нүхэн жорлонгийн тоог хүн амтайгаа харьцуулахад тив, дэлхийд дээгүүрт бичигдэхээр улс ийм нэгэн чухал баримт бичгийг огт боловсруулаагүй өдий хүрчээ. Ийм стандарт зайлшгүй хэрэгтэйг мэдэж, санаачлах мэргэжилтэн ч үгүй мэт.
“Барилгажуулалтын хүрээнд талбайгаа чө лөөлсөн өрхүүдийн модон жорлонг хэрхэн ариутгаж, халдваргүйжүүлэх ёстой вэ. Энэ талаар манай улсад ямар стандарт мөрддөг вэ” гэсэн асуултад НБОГ-ын хөрсний бохирдол, доройтлыг бууруулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа “2016 оноос мөрдөж эхэлсэн “Нүхэн жорлон, угаадасны нүх. Тех никийн шаардлага” буюу MNS 5924:2015 стандарт гэж бий. Гэхдээ үүгээр ариун цэврийн байгууламжийн дотор, гадна бүтцэд тавигдах шаардлагыг зохицуулдаг. Харин нүхэн жорлонг ариутгаж, халдваргүйжүүлэх тусгай стандарт байхгүй” гэлээ. Монгол Улсад нүхэн жорлонг буулгах, булах үедээ ариутгал, халдваргүйжүү лэлтийн үйл явцыг нарийвчлан заасан, бие даасан, тусгай стандарт байдаггүй гэсэн үг. Ер нь нүхэн жорлонтой холбоотой төрийн бодлого тодорхой бус гэдгийг Монголын жорлонгийн ууган холбооны тэргүүн Д.Басандорж хөндөж байсан удаатай.
Тэгвэл өнөөдөр модон жорлонг ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Барилга, хот байгуулалтын яамнаас 2012 онд гаргасан “Модон байгууламжийг буулгах зөвлөмж” нэртэй зааврын дагуу ариутгаж байна. Үүнд зааснаар бол дээврийн материалыг эхэлж авна, дараа нь ханын банз, суурь модыг хөшнө, нүхний амсраас холдуулсны дараа шатааж устгах, эсвэл зориу лалтын хогийн цэгт хаяна. Харин нүхийг ариутгах, булах зөвлөмжийн дагуу доторх бохир дээрээс нь хлорын шохой зэрэг ариутгалын бодис цацна, хөрсийг саармагжуулахдаа үнс, шохой, эсвэл хуурай хөрсөөр хучна. Ердөө л энэ. Үүнийг бүрэн ариутгал, халдваргүйтгэл гэхэд дэндүү хангалтгүй.
Бусад орны хувьд модон жорлонг буулгаж, устгахдаа байгаль орчныг нөхөн сэргээх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаардаг байна. Жишээ нь, Америк, Канад зэрэг улсад нүхийг булахын өмнө лагийг нь ашигт бактери агуулсан бэлдмэлээр задлах журамтай. Европын Холбооны орнуудын хувьд хөрсний экосистемд хөнөөлтэй хлорын шохойг хориглож, идэвхжүүлсэн нүүрс, модны үнс зэрэг эко материал ашигладаг. БНСУ, Японд тусгай эрх, зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага энэ ажлыг гүйцэтгэж, бохирыг бүрэн соруулсны дараа ариутгадаг аж. Харин Австрали иргэдээ урамшуулах замаар жорлонг өөрсдөөр нь буулгуулж, ариутгуулдаг тогтолцоотой. Тодруулбал, иргэдийн оролцоог дэмждэг бөгөөд устгасан жорлонг орон нутгийн захиргаанд бүртгүүлж, хөрсний чанарын хяналт хийлгэснээр урамшуулал авах эрхтэй. Мөн уламжлалт нүхэн жорлонг буулгаж, эко болгосон өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
НҮБ дэлхий даяар ил задгай бие засахыг 2030 он гэхэд эрс багасгах, үгүй хийхээр Тогтвортой хөгжлийн VI зорилтынхоо нэг дэд зорилгод тусгасан. Үүний хүрээнд төрөл бүрийн хөтөлбөрөөр ийм дадлын аюулыг таниулан ухуулж, модон жорлонг халснаар орчны бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолжээ. Хот, хөдөөгүй дуртай газартаа “морь харах” нь бараг уламжлал болсон, стандарт бус нүхэн жорлон ашиглах нь түгээмэл монголчууд эл хө төлбөрүүдэд хамрагдаж, “Жорлонгийн хувьсгал” хэмээн нэрлэсэн кампанит ажил, үндэсний хэмжээний аян өрнүүлээд дөрвөн жилийг үджээ. Үүний хүрээнд Монгол Улсад 2030 он гэ хэд хөрс, усны бохирдлыг бууруулахаар нүхэн жорлонг халж, эко, боловсон ариун цэврийн байгууламжтай болохоор зорьж буй энэ цаг үед модон жорлонг ариутгаж, халдваргүйтгэх тусгайлсан стандарттай болох нэн шаардлагатайг “Өнөөдөр” сонин хөндөж байна.
Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Өргөдлийн байнгын хорооны сонсголоор БОУАӨЯ-наас “2024 оны байдлаар улсын хэм жээнд айл өрх, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн стандартын шаардлагад нийцээгүй 495 308 нүхэн жорлон тоолсон бөгөөд үүнийг 2028 он хүртэл 49.9 хувь буюу 247 446-гаар бууруулна” гэж мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд үүнээс 150 гаруйг нь буулгаж, ариутгаж, хөрс, орчны бохирдлыг багасгах арга хэмжээ авсныг албаны хүн мэдээлсэн. Харин барилгажуулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хэчнээн жорлон буулгасныг (нэг айл хашаандаа 2-4 жорлон ухдаг нь түгээмэл) тооцвол өчнөөн мянгаар хэмжигдэнэ. Ганц жишээ дурдахад, “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК 2024-2025 онд 158 га газарт 2206 нэгж талбарыг чөлөөлж, 12 000 нү хэн жорлонг зөвшөөрөгдсөн байгууллагуудаар нь буулгуулж, ариутгуулжээ. Өдгөө ойролцоо гоор 70 айл өрх, 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага газраа хараахан чөлөөлөөгүй байна. Энэ бол нэг л байгууллагын ажлын тайланд дурдсан тоо баримт. Тэгвэл албаны эх сурвалжуудад дурдсанаар Улаанбаатар хотын гэр хо рооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 43 ор чим аж ахуйн нэгж, 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд цаашид ийм бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр хэдэн мянгаар тоологдох модон жорлонг буулгаж, ариутгах нь ойлгомжтой. Тэр бүрт стандартыг биш, зөвлөмжийг дагасаар байх уу. Зөвлөмж, стандарт хоёрын зөрүү их. Хүн, байгальд ээлтэй нийгэм бүтээхэд эрүүл, аюулгүй байлгах стандарт чухал. Эс бөгөөс бид буулгаад, булсан жорлон дээрээ л амьдрахаас өөр сонголтгүй.
“Мухардсан эрэл”-ийн зорилго бол модон жорлонг мэргэжлийн байгууллагынхан хөндлөнгийн гэрчтэйгээр, тусгайлсан стандарт, хуулийн дагуу аюулгүй болгохын чухлыг хөндөх. Энэ хүрээнд хариуцлага, хяналт чухал болохыг ч хөндөхгүй өнгөрч боломгүй. Манай нийгэмд нүхэн жорлон ариутгах стандарт үгүйтэй адил хариуцлагын тогтолцоо төрийн албанд ч , хувийн байгууллагуудад ч алга болжээ.Шуурхай, эелдэг, нээлттэй байх зэрэг харилцааны наад захын хэм хэмжээ алдагдсан нь хяналт, хариуцлагын тогтолцоо сул байгаагийн үр дагавар.
Зайсангийн аманд хоёр жил гаруй хэрэгжүүлж буй орон сууцын “Мандал” төслийнхөө хүрээнд “Дархан хан спийд” компани нийт 75 айлын газар чөлөөлүүлсний 73-ынх нь жорлонг буулгасан гэж мэдээлсэн. Гэхдээ газар дээр нь 5-6 хашаанд модон жорлон байсныг өргөдөл гаргасан иргэн мэдээлсэн, улсын байцаагч ч харсан. Хамгийн гол нь үлдсэн хэдийг нь буулгалгүй он дамнуулан “хадгалж”, албадан шахахад хүргэсэн нь дэндүү хариуцлагагүй явдал. Уг нь барилгажуулах төслийн төсөвтөө анхнаас нь тусгаж, хамгийн эхлээд хийх ёстой чухал ажил. Өнгөрсөн хугацаанд нөгөөх жорлонгууд ямар аюул тарьж, байгаль орчныг хэр хэмжээнд доройтуулсныг ухамсарлаагүй нь харамсалтай. Энэ мэт хариуцлагагүй, хайнга, хойрго байдлыг халахад иргэдийн оролцоо чухлыг ганц өргөдлөөр төлөөлүүлэн өгүүллээ. Хэдэн мянгаар тоологдох модон жорлон буулгах, ариутгах үүргийг олон улсын өмнө хүлээснээ санаж энэ талын стандартаа нэн яаралтай боловсруулах шаардлагатайг ахин дахин сануулъя.
Олон улсад энэ талын хууль журам, стандарт маш нарийн заалт, зохицуулалттайн дээр зөрч сөн тохиолдолд хариуцлага нь тодорхой аж. Тухайлбал, БНСУ ил жорлонгийн ариутгал, устгалыг Нийтийн бие засах газрын тухай болон Бохирын усны тухай хуулиудаар зохицуулж, хатуу хянаж иржээ. Ашиглахаа больсон нүхэн жорлонг хөрсөөр хучихыг хуулиар хориглосон нь хөрс болон уст давхарга, агаар мандалд биологийн бохирдол үүсэхээс сэргийлэх зорилготой. Мөн устгахын тулд тусгай битүүмж бүхий машинаар хаягдлыг бүрэн хоосолсны дараа ариутгал хийж, шавраар (байгалийн гидравлик битүүмжлэл) дүүргээд хөрсний суултыг тооцоолон механик нягтаршуулалтыг хэдэн үеэр хийдэг аж. Өнөөгийн түвшинд тус улсын практикт ил жорлонг бараг бүрэн халсан бөгөөд алслагдсан бүс нутгуудад цооног болон бордооны жорлонгийн системтэй, ийм байгууламжийг ундны усны эх үүсвэр, усны сангаас 50 хүртэл метрийн дотор байрлуулахыг хориглодог байна. Тэгвэл ДЭМБ-ын стандарт, зөвлөмжид зааснаар нүхэн болон ил жорлонг зэргэлдээх газрын сууриас багадаа 15, худаг, ус зайлуулах сав, цооногоос 30-50 метрт байхаар заажээ.
Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний өргөдөлд дурдсан жорлон нь уулын горхийг хамгаалсан далангаас хоёр метр хүрэхгүй зайтай. Хэрэв зохих байгууллагууд нь хяналт тавьж, хариуцлага тооцож ирсэн бол анхнаасаа энэ мэт жорлонг буулгуулах боломж байсан буй за. Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх бохирдлын цэг болсон нэгэн жорлонг аюулгүй болгуулахын тулд усанд унасан найзаа аврахаар урт зам туулдаг царцааны үлгэрийг “давтсан” иргэний өргөдөл дөрвөн сар дамнасан ч шийдэгдээгүй үлдлээ. Цаашид хэр хугацаа шаардаж, хэрхэн шийдэгдэхийг таашгүй. Таашгүй гэдэг нь хаана хаанаа хариуцлагагүй, цалгар байна гэсэн үг.