Мьянмар улсын Янгон хотод зохион байгуулсан Азийн хөл бөмбөгийн холбооны 20 хүртэлх насныхны Азийн Цомын урьдчилсан шатны K хэсгийн тоглолтыг ОУХБХ, АХБХны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгч Э.Галбадрах нар дэнслэв. Эмэгтэйчүүдээс Ө.Батцэцэг Малайз улсад болсон тивийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны A хэсгийн тоглолтод шүүгчээр ажиллажээ. Тэрбээр “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд оролцох хөл бөмбөгийн багуудын тэмцээнийг шүүхээр Японыг зорино. Түүний хувьд өмнөх “Ханжоу-2023” 19 дэх наадамд эмэгтэйчүүдийн багийн шигшээ болон финалын тоглолтыг шүүхээр томилогдож байв. Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Азийн хөл бөмбөгийн санхүүжилтээр Дорнод аймагт “AFC Equal Pitch” төслөөр олон улсын жишиг стандартад нийцсэн 20х40-ийн харьцаатай мини хөл бөмбөгийн талбайн нээлт боллоо. Энэ үеэр тус аймагт хөл бөмбөгийн спортыг дэмжиж, аймгийн төсвөөс өсвөр үеийнхний багтай ажиллах дасгалжуулагчийн цалинд 36, Монголын хөл бөмбөгийн холбооны дэргэдэх “Хүүхдийн хөл бөмбөгийн академи”-д суралцах дөрвөн хүүхдийн сургалтын зардалд 50, “Багийн спортыг хөгжүүлэх, дэмжих зардал”-аас хөл бөмбөгийн багийн спортод зориулж 10, нийт 120.9 сая төгрөгийг тус тус дэмжлэг үзүүлж буй.
Энэхүү төсөл хойшид хэрэгжиж, мини талбай орон нутагт ашиглалтад орсноор хөл бөмбөгийн спортын хөгжил илүү сайжрах нөхцөл бүрдэх аж.