Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр байр сууриа илэрхийллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол мэдүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдол ч гарч буйг дурдлаа.
Тус комиссын гишүүн Б.Энхболд “Цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчээс хүний нэр төрд хууль бусаар халдах явдал газар авч, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Ардчиллын үзэл санааг бүдгэрүүлж, төрд тавих олон нийтийн хяналтыг сулруулахын зэрэгцээ нийгэмд талцал, хуваагдал үүсгэж буйд комиссынхон санаа зовниж байна. 2025 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл худал мэдээлэл тараах замаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Монгол Улсын иргэний нэр төр, хувийн болон гэр бүлийн нууц бүрэн хамгаалагдаагүй байна. Иймд төрийн албан тушаалтан тодорхой үйл ажиллагаа явуулсныхаа төлөө шүүмжлэлд өртөж болох бөгөөд хууль зөрчөөгүй гэдгээ батлах хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол гаргахгүй байх эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Хүн бүр эрх зүйн этгээд бөгөөд хуулиар бүрэн хамгаалуулах эрхийг төр бүрдүүлэх үүрэгтэй” гэв.
Ч.Болор