Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин Ц.Г эхнэрийнхээ хамтаар Цагаан сарын бэлтгэлээ базааж яваад ОХУ-ын хууль сахиулагчдад саатуулагдсанаас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч хойд хөршийн тагнуулын байгууллагынхан түүнийг суллахгүй, шүүхээс нь үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлэв. Тодруулбал, энэ сарын эхээр цагдан хорих арга хэмжээг өөрчлөх, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Чита мужийн тойргийн шүүхэд болж, мөрдөн байцаалт дуусаагүй учраас хорьж шалгах шаардлагатай гэж шүүгч дүгнэсэн гэнэ.
Манай Гадаад харилцааны яам, Улаан-Үд дэх Консулын газрынхан ОХУ-ын прокурор, мөрдөн байцаах байгууллагынханд хандсан ч “Тагнуул хийсэн хэрэгт шалгаж байгаа” гэхээс өөрөөр Ц.Г-ын талаар тодорхой мэдээлэл өгдөггүй аж.
Малчин Ц.Г энэ оны хоёрдугаар сарын эхээр Ульхан боомтоор гарч явсан байдаг. Буцах үед нь Оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд саатуулан, цагдан хорьсон юм. Тэрбээр өмнө нь 2025 оны арваннэгдүгээр сард мөн л хойд хөршийг зорьж байсан гэнэ.