Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний өдөр тутмын ахуй амьжиргаа, амь нас, эрүүл мэндэд шууд заналхийлэл учруулж буй цөлжилт, шар шороон шуурганы аюулыг намжаах томоохон амлалтыг одоогоос таван жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлсэн нь есөн жилийн хугацаанд тэрбумаас давсан хэмжээний мод тарих байв. Байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулах амбицтайгаар хүлээсэн энэхүү үүрэг, амлалтын хэрэгжилтийг олон улсад тайлагнаж, үнэлүүлж дүгнүүлэхэд дөрөв хүрэхгүй жил үлдлээ. Үндсэндээ төлөвлөсөн хугацааных нь талаас илүү нь өнгөрчихсөн гэсэн үг. Гэтэл үүний хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, гүйцэтгэл өдгөө туйлын хангалтгүй байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлаа ирэх жилүүдэд гүйцэлдүүлж хүчрэх үү, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаасаа буцвал одоогийн байр суурь хаашаа эргэх вэ гэдэг эрсдэлийг нухацтайгаар бодолцох цагтай нүүр тулах нь.
Энэ зорилттой холбогдуулан манай улс “Тэрбум мод” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлээд таван жил гаруй болж байна. Хөдөлгөөний хүрээнд 2021-2030 онд 1.5 тэрбум мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн сангийн хэмжээг есөн хувь (өдгөө 8.7 буй)-д хүргэх зорилт тавьсан. Ингэснээр цөлжилтөд нэн хүчтэй өртсөн газар нутгийн хэмжээг дөрвөн хувиар, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулна гэж тооцсон юм. Гэтэл одоогоор энэ зорилтынхоо 10 хувьд ч хүрээгүй байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бодлого, үйл ажиллагааг хариуцаж буй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхны мэдээлснээр манай улс 2021 оноос хойш 140.3 сая мод тарьжээ. Үүнийг хувиар тооцвол 9.1 хувийн биелэлттэй, ойжуулсан талбайд шилжүүлбэл 71.4 мянган га-тай дүйж буй гэнэ. Таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.2 сая хүн мод тарих хөдөлгөөнд нэгдсэн аж. Амлалтаа биелүүлэхийн тулд үлдсэн хугацаанд 1.3 тэрбум гаруй, жилд дунджаар 330 орчим сая буюу 2021-2026 онд тарьснаасаа хоёр дахин олон мод “амьдруулах” ёстой болж байна. Тийм бодит боломж, чадамж бий юү?
Таван жилд 140.3 сая мод тарьсан нь манай улсын дэвшүүлсэн зорилттой харьцуулбал маш чамлалттай үзүүлэлт. Цаашлаад энэ тоо бодитой юу гэдэг нь эргэлзээтэй. Нэгдүгээрт, тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс нийт тарьсан модныхоо тоог л багцаагаар гаргадгаас биш, хэчнээн нь ургасан, хэд нь үхсэн бэ гэдгийг тооцож чаддаггүй. Тэд тарьсан модоо “terbummod.mn” бүртгэлийн системээр дамжуулан нарийн бүртгэдэг гэж байгаа ч ургуулсан, амьдруулсан хувийг нь бодитоор хянаж чаддаггүй юм билээ. Манай улсад модны усалгаа, арчилгааны нэгдсэн систем байдаггүйтэй адил хяналтын тогтолцоо ч алга. Хоёрдугаарт, модны тоо, бүртгэлийг бодитоор гаргадаг хараат бус мониторингийн систем мөн л байхгүй. “Тэрбум мод”-ны бүртгэлийн системийг гэхэд тус хөтөлбөрийг нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэгтэй Ойн газрынхан хариуцдаг. Төрийн байгууллагынхан өөрсдийн мэдэлд байдаг системээр чиг үүргийнхээ ажлыг хянаж, үнэлдэг гэсэн үг. Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд тарьсан гэх модны тодорхой хувийг нь дүйцүүлэх хэлбэрээр тооцсон байна. Өөрөөр хэлбэл, ойжуулалтын ажилд зориулж уул уурхайн компани, банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан санхүүжилт, хөрөнгө оруулалтыг мод тарьсанд дүйцүүлсэн гэсэн үг. Тэгэхээр 2021-2025 онд тарьсан модны тоо, хөтөлбөрийн хэрэгжилтийн хувийг бодитой үзүүлэлт гэж үзэх нь учир дутагдалтай. Үүнээс ч цөөн мод тарьсан байх магадлалтай. Энэ нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд цаашид өмнөхөөсөө хэд дахин их хичээл зүтгэл гаргах шаардлагатайг нотолж байна.
Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих амлалт өгсөн нь үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн түүхэнд байгаль орчны чиглэлээр хүлээсэн өндөр хариуцлагатай, геополитик, уур амьсгалын стратегийн хувьд томоохон алхам болсныг Дэлхийн цаг уурын байгууллага болон НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан тухайн үед онцолж байв. Цаашлаад энэ нь манай улсын гадаад нэр хүнд, олон улс дахь байр суурь, гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагатай шууд холбогдоно гэдгийг ч дотоодын судлаачид анхааруулах, шүүмжлэхийн завсарт өчнөөн хөндсөн билээ. Хэрэв Монгол Улс тэрбум мод тарих амлалтаа биелүүлж чадвал Пакистаны “Тэрбум модны цунами”, өмнөд хөршийн “Их ногоон хэрэм” зэрэг ойжуулалт, нөхөн сэргээлтийн санаачилга шиг олон улсад сайн жишиг болж, байгаль орчин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн тэмцэлд манлайлах үүрэгтэй тоглогч гэсэн “өв” үлдээнэ. Үүнийг дагаад олон улс дахь нэр хүнд өсөж, орчин үед хамгийн их яригдаж буй уур амьсгалын дипломат харилцаа, ногоон зөөлөн хүч, өрсөлдөх чадвар зэрэгт онцгой ач холбогдолтой гэнэ. Тодруулбал, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, байгаль орчны конвенцын болон тулгамдсан асуудлаарх томоохон хурлуудад давуу эрхтэй оролцох, үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ өргөжүүлэх боломж бүрдэх нь. Харин амлалтаа биелүүлж чадахгүй тохиолдолд Туркийн “Ирээдүйдээ амьсгал бэлэглэе”, Африкийн “Ногоон хэрэм” хөтөлбөр шиг муу нэртэй үлдэж ч болзошгүй.
Туркчүүд ганцхан өдрийн дотор 11 сая мод тарьж, Гиннесийн дээд амжилт тогтоох томоохон аяныг төр засгийнхаа санаачилгаар 2019 онд өрнүүлжээ. Гэтэл сүр дуулиантайгаар тарьсан олон мянган модных нь 90 гаруй хувь нь хэдхэн сарын дараа хатаж үхсэнийг тус орны Ойн аж ахуйн үйлдвэрчний эвлэл олон улсад зарласнаар амжилт нь бүтэлгүйтсэн аж. Байгаль орчны салбарын, тэр дундаа ойн ажил ямар нарийн тооцоо судалгаа, арчилгаа хамгаалалт, байнгын хяналт дор үргэлжилдгийг дэлхий нийт энэ үйл явдлаас ойлгож авчээ.
Харин Сахарын цөл тэлж буйг зогсоохын тулд Африкийн 11 улс дамнасан 8000 км урт, 15 км өргөн ногоон зурвас байгуулж, 2030 онд 100 сая га газрыг ойжуулах амлалт нь Сахелийн бүс нутаг дахь улс төрийн хурцадмал асуудал, зэвсэгт мөргөлдөөн, хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн уялдаа холбоогүй байдлаас болж үндсэндээ гацчихаж. Одоогоор төслийн биелэлт 20 хүрэхгүй хувьтай байгаа бөгөөд арчилж хамгаалахгүй орхисноос олон мянган мод үхүүлжээ. Үүнийг “хэт дэвэргэн санаачилга” хэмээн СOP17-гийн үеэр муугийн жишээ болгож олон улсын байгууллагынхан ярив. Эдгээр үйл явдал нь бодит үр дүнг чухалчлах биш, хийсвэр үзүүлэлт, тооны араас хөөцөлдвөл, шинжлэх ухааны үндэслэлтэй бус, сэтгэл хөөрөлд автсан амлалт дэвшүүлбэл ямархуу үр дагаварт хүрдгийг дэлхий дахинд харуулж байна. Бид амлалтаа буцааж болохгүйгээс хойш ажил хэрэг болгохын төлөө зүтгэхээс өөр зам үгүй.
Манай улс тэрбум мод тарих амлалтаа биелүүлж чадах уу. Ойн газрынхан энэ асуултад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2021-2024 онд төслийн бэлтгэлийг хангасан бол 2025-2027 онд идэвхжүүлж, 2028-2030 онд эрчимжүүлэх ажлуудыг хийнэ” гэж хариулсан юм. Харин тус газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Нийтээрээ цөлжилттэй тэмцэн мод тарих нь дэлхий нийтийн өмнө хүлээж буй монголчуудын үүрэг” гэдгийг хүмүүст ойлгуулах нь бидний ажлын бодит үр дүн юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл шатны ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бол цаашид үүндээ тулгуурлаад их хэмжээний ойжуулалт хийнэ. Шаардлагатай хүчин чадал, туршлагаа хуримтлуулсан. Энэ бол бүх нийтийн буюу үндэсний хөдөлгөөн.
Тиймээс иргэн бүрийн хичээл зүтгэл чухал. Монгол Улсын 21 аймаг, уул уурхайн томоохон компани, төрийн болон банк санхүүгийн байгууллага нийлсэн 80 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл олон мянган мод тарих үүрэг, амлалт хүлээн ажиллаж байна” хэмээн ярив.
Төрийн байгууллагынхан цаашид мод тарих үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх бодлого баримталж буйгаа ийн илэрхийлэв. Өнгөрсөн таван жилд тэд тэрбум мод тарих “бие халаалт”-аа хийсэн бололтой. Үлдсэн хугацаанд гол ажлаа нугалах гэнэ. Үнэн л байгаасай гэж найдъя. Мөн Ойн газрын албан тушаалтнууд “Манай улс амлалтаа биелүүлж чадах, эсэх нь иргэдийн оролцооноос шалтгаална” гэсэн мессежийг олон нийтэд өгч байна. Тийм ээ, эл санаачилга бол үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр мөнөөсөө мөн. Тэр үүднээсээ иргэн бүрд хамаатай нь ч үнэн. Гагцхүү үүнийг үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого, төлөвлөгөө, удирдлагаар хангах үүргийг та бүхэн хүлээж байгааг ч энэ ташрамд сануулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт одоогоор тэнгэрт байна. Үүнийг тэнд нь үлдээх үү, газарт буулгах уу гэдэг нь хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс буюу төрийн байгууллагынхан та бүхнээс ихээхэн хамаарах юм шүү.