Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” өчигдөр “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвийн хүрээнд боллоо. Салбарын ёс зүй, мэргэжлийн стандарт болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг түлхүү хөнддөг тус форумаар өнөө жил хиймэл оюуны хэрэглээ редакцын өдөр тутмын практикт хяналтгүй нэвтэрч буйг, түүний эрсдэлийг тодорхойлсноороо онцлогтой.
Европын Холбоо, “DW akademie”, ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр уг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын сэтгүүлч, редактор, медиа менежер, судлаачид хуран цуглав. Энэ үеэр судалгааны цөөнгүй үр дүн хэлэлцүүлснээс Монголын сэтгүүл зүйн салбар дахь синтетик медиа, “гүн хуурамч” контентын тархалт, цахим хэвлэлийн залруулгын практикийг танилцуулсан нь шинэлэг байсныг оролцогчид онцоллоо.
Судалгааны гол агуулга нь хиймэл оюунаар бүтээсэн хуурамч мэдээлэл медиа орчинд хэрхэн тархаж буйг илрүүлэх, үүнээс үүдэлтэй эрсдэлийг хэвлэлүүд яаж залруулж байгааг үнэлэхэд чиглэжээ. Үүний үр дүнд суурилан хиймэл оюуныг цаашид хариуцлагатай, ёс зүйтэй ашиглахад чиглэсэн төсөл боловсруулахаар боллоо.
М.Гэгээ