1990-ээд оны сүүлчээр интернэт хүн төрөлхтний амьдралд хүч түрэн орж ирэхэд “Цаасан хэвлэл тун удахгүй мөхнө” гэх таамаглал дэлхий даяар тархаж байв. 2000- аад оны эхээр цахим орчин, ухаалаг утас эрчимтэй хөгжиж, мэдээллийг хормын дотор хүлээн авдаг болсноор энэ айдас улам бүр газар авчээ. Үүний зэрэгцээ зар сурталчилгааны орлого уламжлалт хэвлэлээс дижитал платформууд руу шилжсэн юм.
АНУ-д гэхэд 2000 онд сонины зар сурталчилгааны орлого 60 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт байв. Гэвч ердөө 10 гаруйхан жилийн дотор 22 тэрбум болтлоо буурчээ. Ялангуяа “Google”, “Facebook” зэрэг технологийн “аваргууд” энэ зах зээлийн 60 гаруй хувийг дангаараа эзэмших болсон нь уламжлалт хэвлэлүүдэд хүнд цохилт өгөв. Улмаар олон жилийн түүхтэй сонин, сэтгүүлүүд хаалгаа барихад хүрсэн юм. Тухайлбал, АНУ-д 2004 оноос хойш таван сонин тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоосноор орон нутагт мэдээлэл тасрах буюу “мэдээний цөлжилт” бий болжээ.
Дээрх таамаглалаас хойш 20 гаруй жил өнгөрөхөд цаасан хэвлэл үнэхээр мөхсөн үү гэвэл үгүй. Харин ч шинэ нөхцөл байдалд дасан зохицож, үүрэг болон бизнесийн загвараа өөрчилжээ. Гэхдээ энэ үйл явц бүс нутаг бүрд харилцан адилгүй өрнөсөн юм. Японд цаасан сонин ашигтай ажилласаар байсан тул цахим шилжилтийн шуурганд хүчтэй өртсөнгүй. Харин дэлхийн сонины хоёр дахь том зах зээл гэгддэг Энэтхэгт хэвлэгдэх тоо ширхэг 2006 онд 40 сая байснаа 2016 онд 60 сая болж өсжээ.
Мэдээллийн хэрэгслүүд цаг үеийн шуурхай мэдээг цахим сувгаараа хүргэж, цаасан хувилбартаа илүү чанартай, гүнзгий агуулга бүхий тойм, аналитик сурвалжилга нийтлэх замаар өөрсдийн үнэ цэнийг шинээр тодорхойлж байна. Жишээлбэл, “New York times” сонин шуурхай мэдээгээр сайтуудтай өрсөлдөхөөс илүүтэй аналитик сэтгүүл зүйд анхаарч, онлайн захиалгаас орлогынхоо гол эх үүсвэрийг бүрдүүлж буй. Мөн тоглоом, хоолны жор зэрэг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлжээ. Харин “Guardian”, “Times” тэргүүтэн форматаа авсаархан болгож, нийтлэлийн бүтэц, дизайнаа шинэчилсэн аж. Түүнчлэн Британийн “Independent” сонин 2016 онд цаасаар хэвлэхээ больж, зөвхөн цахим хувилбартай болсон. Үүнийг дагаад хэвлэлүүдийн орлогын бүтэц ч өөрчлөгдсөн билээ. Сурталчилгааны уламжлалт орлого нуран унасан тул сэтгүүл зүйн салбар олон талт бизнесийн загварыг нэвтрүүлэхээс өөр аргагүйд хүрэв. “Financial times”, “Economist” зэрэг хэвлэл цахим захиалгаас гадна форум, тусгай арга хэмжээнээс ашиг олж байна. Мөн зарим байгууллага олон жилийн түүхэн архиваа хиймэл оюуны чиглэлийн компаниудад ашиглуулах замаар нэмэлт орлого олох болжээ.
У.Сүрэн