Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан, байгаль хамгаалагч нар, сумын Засаг дарга, иргэдийн хамтаар Дорнод аймгийн Баян-Уул сумын суурьшлын бүсэд хөл тавьсан дөрвөн хүрэн баавгайг энэ сарын 1-нд аюулгүй газарт хүргэсэн билээ. “Адуу тууж яваа юм шиг л” хэмээн цахим орчинд хүмүүс хошигнож байсан ч зэрлэг амьтныг ийм ойроос, ингэж тууж явах амаргүй биз. Энэ талаар тус цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбоос тодрууллаа.
-Баян-Уул сумын Засаг дарга, экологийн цагдаа, байгаль орчны улсын байцаагч, таван байгаль хамгаалагчийн хамт хоёр автомашинтайгаар нэг эвш, гурван бамбаруушийг аюулгүй бүс буюу цогцолборт газрын Эрээний нуруунд хүргэсэн. Нутгийн иргэд ихээхэн тусалж дэмжлээ. Баавгай гэхээр л хүн бүхэн айдаг. Тийм ч учраас туугаад явна гэдэгтээ итгэхгүй байсан. Байгаль орчны гавьяат ажилтан С.Дамдинсүрэн “Зөөлөн туугаарай” гэж зөвлөсний дагуу аядуу явсан. Баавгайн тавхай нимгэн байдаг тул тал газрын хатуу өвсөнд бамбаруушийн хөл нь өвдөж, явж чадахаа болих вий гээд замдаа дөрвөн удаа 1-2 цаг орчим амраасан. Ингэж 57 км газрыг 18 цагт тууллаа.
-Баавгай туугаад явж байхад танд ямар мэдрэмж төрсөн бол. Аюулгүй байдлаа хэрхэн хангав?
-Тавилан юм даа л гэж бодсон. 2-3 алхмын цаанаас баавгай туугаад явна гэж төсөөлж байсангүй. Ажлаа хийж яваа хүн айж, эмээгээд байж болохгүй, уул, усандаа л залбирсан даа. Баавгайнууд зан төлөвийн хувьд тогтуун, машинаар туухад зүг чигээ олж, зам болон жимээр явж байлаа. Зарим тохиолдолд эвш бут сөөг, цөөн модтой газар луу чиглэж байсныг зам руу нь оруулсан. Бамбаруушуудаа холдох, хоцрох үед эх баавгай “дуудаж” байсан бөгөөд тэд хөдөлгөөн, дуу авиаг нь маш сайн дагаж байв. Тууж явахад голын шаварт суучхаад хөдлөхгүй байсныг нутгийн морьтой залуус очиж үргээж өгсөн шүү. Зэрлэг амьтан учраас бидний гараас хоол идэхгүй юм билээ. Адуу мал, айлын хонь, ямааны хажуугаар явж өнгөрсөн. Хөдөөний ноход ч ойртохгүй юм лээ. Бид буу, сумгүй, унтуулдаг тариа ч байхгүй, гар хоосон явсан шүү дээ. Зургийн аппаратаас өөр “зэвсэггүй”. Аль аль нь эрсдэлд орчилгүй, аюулгүй яваад, хангай бараадуулахыг л зорьсон. Урьд нь манайхан таван баавгайг мөн аюулгүй бүсэд хүргэж байсан юм. Өвдсөн бамбаруушийг тэжээгээд, хавар нь ижил сүрэгтэй нь нийлүүллээ. Манай аймгийн Дадал сумын малын эмч өвдсөн баавгайд тариа хийж, байгаль хамгаалагчид гэмтсэн хөлийг нь боох, шар тос үмхүүлэх тохиолдол гарч л байсан.

-Сүүлийн үед энд, тэнд баавгай, бамбарууш үзэгдсэн, айлын гэр эвдсэн тохиолдол цөөнгүй сонсогдох боллоо. Яагаад ингэж тал газар баавгай орж ирээд байна вэ?
-Өвс тэжээлийн хомсдол болон үр төлөө хамгаалахын тулд дайжсан байж магадгүй. Бамбаруушаа бариулахгүйн төлөө эх баавгай бусадтайгаа тэмцэлдэж, өөр нутаг сэлгэдэг тухай сонсож байсан. Сибирийн том баавгайнууд орж ирж, газар орноо булаалцалдсан ч байж болох юм. Энэ бүхнийг холбогдох газрууд нь судлах биз. Ган, зуд, хадлан тэжээл бэлдэх, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор зэрлэг ан амьтад дайжих тохиолдол бишгүй. Цагаан зээр гэхэд Монгол Улсын дархан хил даваад, ОХУ руу олноороо гарчихсан л байдаг.
Үүнээс хойш эх баавгай, гурван бамбаруушийн хамт Баян-Уул сумд дахин үзэгдээгүй, харин өөр таван баавгай орж иржээ. Энэ талаар дээрх сумын Засаг дарга М.Баттулгаас тодруулахад “Нэг эвш, гурван бамбаруушийг аюулгүй газарт хүргэснээс хойш гурван баавгай, хоёр бамбарууш орж ирлээ. Тэднийг мөн л мод руу шахаж, суурин газраас холдуулсан. Эдгээр баавгай ОХУ-аас орж ирж байна. Эзэмшил газраа алдсан эх баавгайнууд бамбаруушуудаа хамгаалж буй нь энэ. Хэдийгээр хүн, малд хохирол учруулаагүй ч эрсдэлийг үнэлэх боломжгүй байна. Хадлан бэлдэж буй хүмүүсийн майханд 50 метрийн зайд ойртсон тохиолдол ч гарсан. Нялх бамбаруушийг бол малчид хэдэн талаас нь тойрч бүслээд, уяа оосроор барьж хүлээд ойд аваачлаа. Харин нас бие гүйцсэн баавгайтай тулбал ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна. Үүнд БОУАӨЯ-наас шийдвэрлэх арга хэмжээ авахыг хүсье” гэсэн юм. Ташрамд дурдахад, Онон, Балжийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүсэд өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 16 хүртэлх хугацаанд 42 баавгай бүртгэгдсэн байна. Байгаль хамгаалагчид гурван бамбаруушийг долоо хоног тэжээн тэнхрүүлээд байгальд нь буцаан тавьжээ. Хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэн тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд А/09 албан даалгавраар орон нутгийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг, чиглэл өгсөн юм.
