Монголын үндэсний анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн өндөр шалгуурыг давж, өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүйгээр бичиж, туурвисаар буй, салбарынхаа түүчээ нь болсон “Өнөөдөр” сонины хамт олон та бүхэнд болон нийт уншигчдад нь 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эгнээнээсээ олон алдартай сэтгүүлчийг төрүүлсэн, бодит эх сурвалжтай мэдээлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, нийгэм, улс төр, байгаль орчны даацтай өгүүллээр дагнасан анхны хувийн, өдөр тутмын томоохон хэвлэл ийнхүү гучин нас хүрч байна. Туулсан он цаг тань өөрөө Монгол Улсын нэн шинэ түүхэн дэх бүхий л үйл явдлын гэрч, тоолол, толь нь билээ. Монголын нийгэмд чөлөөт, хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан танай хамт олны ой бол нийт монголчуудын баяр юм. Учир нь бүхий л салбарт иргэдийн дуу хоолой болж, үнэн бодит мэдээлэл авах эрхийг нь хангаж, сэтгүүл зүйн салбарт шинэ стандартуудыг нэвтрүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах чиглэлээр тууштай дуугарсан, бичсэн та бүхний хөдөлмөр зүтгэлийг монголчууд үнэлдэг, хүндэлдэг.
“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, доктор Цэрэндоржийн Балдорж агсан нэгэнтээ “Сэтгүүл чийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй уриалан дуудах агуу урлаг юм” хэмээсэн байдаг. Энэ дэг сургууль, өв өнөөдрийг хүртэл тасалдахгүй явж, “Өнөөдөр” сониндоо төдийгүй Монголын сэтгүүл зүйд үлдээсэн өв, тавьсан босго нь илүү чамбайрсаар байгаа нь бахархалтай. Түүний бодит жишээ болох “Балдорж” шагнал нь залуу сэтгүүлчдийн ур чадварын илэрхийлэл, нэр төрийн үнэлэмж болжээ.
Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн өнгө төрх, орон зайг баттай эзэлж, 30 жилийн хугацаанд нийгмийн тодорхой өөрчлөлтийг өөрсдийнхөө үгэн зэвсгээр сийлж, түүхийг бичилцсэн танай хамт олны бахархалт үйл хэргээр монголчууд, Монголын төр засаг ямагт бахархах болно. Илүү олон жилийн хар, цагаан түүхийг сонины шарласан хуудаснаа мөнхлөн бичиж үлдээх нөр их үйлсэд тань амжилт хүсье.
Нийгмээ соён гэгээрүүлэх, бодит мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүл зүйн ёс зүйгээ чандлан сахиж, бичиж, туурвих, соён гэгээрүүлэх эрхэм үйлсээ 40, 50 жилээр таслахгүй үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал