Монголчууд нийтийн байранд аж төрөөд 70 орчим, хорооллын зохион байгуулалттай сүүлийн үеийн орон сууцад амьдраад 60 гаруй жил болжээ. Гэтэл оршин суугчдын цөөнгүй нь орон сууцыг одоо болтол нийтийн зориулалттай гэдгийг ухаарахгүй, цаашлаад орцоо, амьдардаг давхраа хүртэл хогийн цэг шиг санадаг нь харамсалтай. Орцоос гараад 10-хан алхмын зайд хогийн цэг байсаар атал хонгилын буланд, шатны дор, лифтний хажууд, дотор нь хог новшоо овоолох нь энүүхэнд. Зарим нь бүр бие засчихдаг гэх.
Өөрөөр хэлбэл, монголчууд нэгэн жарны хугацаанд ч хогоо хаяж, ангилан ялгаж сураагүй байгаа нь эмгэнэлтэй. Энэ бол зөвхөн СӨХ, тохижилт, үйлчилгээнийхний үүрэг бус, иргэдийн ухамсар, хариуцлага, хандлагын асуудал юм. Тэгвэл улс орнууд хог хаягдлыг хатуу бодлогоор, нарийн журмаар чанд зохицуулсаар иржээ.
Япончууд хогоо гудамжинд битгий хэл, хашаандаа ч хаядаггүй. Төрлөөр нь ангилж, хуваарийн дагуу гаргах журамтай. Зарим төрлийн хогийг бүр мөнгө төлж зайлуулна. Үүний үр дүнд иргэд хогоо багасгаж, ангилан, дахин ашиглаж даджээ. Өмнөд Солонгост ч “хаях тусам төлөх” систем үйлчилдэг нь айл өрхүүдийн хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах зорилготой. Тэгвэл Сингапурт хог хаяхыг зөрчил гэж үзэн, эхний удаад 300 сингапур долларын торгууль ногдуулдаг байна. Шүүхээр шийдүүлсэн тохиолдолд 2000 хүртэл өсөж, давтан зөрчилд 10 мянган доллароор торгох, эсвэл нийтэд тустай буюу цэвэрлэгээний ажилд дайчилдаг гэнэ. Энэ оны эхний улиралд л гэхэд гудамжинд хог хаясан 3000 орчим иргэнийг торгожээ.
Харин манайд ил задгай хог хаядаг хүмүүст тооцдог хариуцлага, үйлчилдэг дүрэм журам гэж алга. Тиймээс бид ч гэсэн бусад улс орны туршлагыг хэрэгжүүлбэл яасан юм бэ. Хогоо хаа хамаагүй хаядаг хүмүүстэй сануулга, уриалгаар биш, хэтэвчтэй нь “ярих” цаг хэдийн болсон юм биш үү. Хогоо хаяж сурах нь соёл, ангилах нь хариуцлага гэдэг. Хэрэв чадахгүй бол мөнгө төлөх нь шударга зарчим юм.
О.Оргилох