Балдоржийн НАНДИНТҮШИГ “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч
Монголын чөлөөт хэвлэлийн түү хийг түүчээлэн эхлүүлж, ардчиллын галыг өрдөн асаалцсан, анхны хараат бус хэвлэл “Өнөөдөр” сонины 30 жилийн ойн дугаараар Уншигч та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баярлаж, догдолж, талархаж байна. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэх ганцхан өгүүлбэрээр “өөрийгөө”, уншигчдаа, үе үеийн сэтгүүлч, түншүүдээ тодорхойлсон “Өнөөдөр” сонинтой 30 жилийн турш хамт байсан Та бүхэндээ гүнээ талархъя. “Өнөөдөр” сонины түүх нь нэг сониных гэхээсээ илүү Монголын ард чилсан, чөлөөт, хараат бус хэвлэлийн түүх юм.
Бидний 30 жилийн турш баримталж ирсэн бас нэгэн зарчим бол сонины хуудас бүр үнэнийг өгүүлэх учиртай. Тиймээс энэ зурвастаа Монголын төдийгүй дэлхийн сонинуудын туулж буй амаргүй цаг үеийг дурдахгүй өнгөрөх нь зохисгүй биз. Нөгөөтэйгүүр, сонины маань 300 жилийн ой тохиох тэр л үед хэн нэгэн эрхлэгч зурвасаа сийлэнгээ энэ дугаарыг эргүүлэн унших болов уу гэх бодолд автан, итгэж сууна аа.
Дэлхийн түүхнээ 400 жилийн турш оршин тогтносон сонины салбарынхан “Хэвлэл мөхөж байна” гэх үгийг бараг хоёр зууны турш сонссоор, даван туулсаар ирлээ. 1830-1840-өөд оны шуудан холбооны эрчимтэй хөгжил, 1920-иод оны радио, 1950-иад онд бий болсон телевиз, дараа нь интернэт, сошиал медиа, ухаалаг утас, харин өнөөдрийн хиймэл оюун ухааны үе...
Мэдээ мэдээллийн шинэ эрин үе эхлэх бүрт сонины мөхлийг зөгнөсөн ч хүн төрөлхтөн өнөөдөр ч сонины хуудсыг эргүүлсээр л сууна.
Мэдээллийг хэн нь хурдан түгээх вэ гэдэг уралдаанаас төрөн гарсан харилцаа холбооны шинэчлэл бүр өөрийн гэсэн давуу талтай ч аль нь ч сонины үнэт зүйлийг дуурайж чадаагүй. Сонины салбар үргэлж дахин сэргэсээр ирсэн. Учир нь мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд хүргэхийн төлөө өрсөлдөх нь сэтгүүл зүйн цор ганц үнэ цэн биш. Сэтгэл хөдлөлөө даган түр зуурын хариу үйлдэл үзүүлэх боломж, батлагдаагүй шинэ мэдээг түгээх, хэвлэсэн үгээ маргааш нь устгах боломж сонинд байхгүй ээ. Бидний хэвлэсэн үг бүр төрийн архив, улсын номын сан, хэн нэгний хувийн цуглуулгад түүх болон үлдэж, тухайн цаг үед бий болсон нийгмийн “оюун санаа”-г гэрчилдэг. Энэ хүнд хариуцлагыг үүрч яваа сонин бүр мэргэжлийн сэтгүүлчидтэй, тэдний мэдээ бүрийг уншдаг албаны дарга, редактор, дугаарын удирдагч, эрхлэгчтэй.
Ардчилал, чөлөөт хэвлэл мэдээллийн шинэ эринтэй хамт төрсөн “Өнөөдөр” сонин ч Монголын хамгийн эр чимтэй өөрчлөлт, шинэчлэлийн үе болох энэ 30 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгэм, технологийн асар их өөрчлөлтийг хараат бусаар гэрчлэн туулжээ.
Шарласан хуудсыг эргүүлэх бүрт сонины хуудаснаа үлдсэн “амьдрал” дуу орж, баяр, гуниг сэдэрч, тухайн үеийн “өнөөдөр” амилдаг. Өнөөдрийн мэдээ маргаашийн түүх болж, өнөөдрийн сонин өнгөрсний гэрч болдог.
“Өнөөдөр” сонины үнэнч уншигч, бидний “Өнөөдөр”-ийг баримтжуулсан үе үеийн сэтгүүлчид, редакцынхандаа, сонинд хайртай хүн бүрд “Өнөөдөр” сонины 30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. Бидний өнөөдөр үргэлжилсээр, сонины хуудас эргэсээр, маргаашийн өнөөдөр биднийг хүлээж байна.