Нийслэлийн зах, худалдааны төвүүдэд тарвасны нийлүүлэлт өсөн, ногоочид их хэмжээгээр борлуулж, хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Өчигдөр Ховд, Сэлэнгээс нийлүүлж буй нэг кг тарвасны үнэ 3000-4000 төгрөг байв. Харин амтат гуаг 5000- 6000 төгрөгөөр үнэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс тус бүр 1000 орчим төгрөгөөр өссөн дүн юм. Түүнчлэн 2023-2025 онд манай улс жил бүр дунджаар 11 400-11 600 тонн тарвас, амтат гуа хураасны 5000-6000 тонн буюу 50-60 хувийг нь Ховд аймгаас, тодруулбал Буянт сумаас зах зээлд нийлүүлжээ.
Харин урд, хойд хөршөөс 2024 онд нийт 4987, өнгөрсөн жил 5503 тонн тарвас, амтат гуа худалдан авсан буюу жилд дунджаар 5000 тонн бүтээгдэхүүн импортолж буйг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Үүнээс гадна 2016 онд улсын хэмжээнд хамгийн том тарвасыг Ховдын Буянтад хураан авсан нь 16, амтат гуа 13 кг байжээ. Тэгвэл энэ жил хамгийн аварга тарвас 21.7, амтат гуа 16.8 кг-д хүрч, 10 жилд дунджаар 4.5 кг-аар нэмэгдсэнийг Буянт сумын тариаланч дурдав.
С.Дулам