Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад төвтэй олон улсын боловсролын байгууллага буюу NCUK-тэй МУИС санамж бичиг байгуулж, Монголын оюутнууд дэлхийн шилдэг сургуулиудад 2+2 хөтөлбөрөөр суралцах боломж бүрдлээ. Тодруулбал, Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын NCUK-ийн бүрэлдэхүүнд багтдаг 100 орчим их сургуульд, хос хөтөлбөрөөр суралцах юм байна. Үүнд дэлхийн шилдэг 11 их, дээд сургууль багтдаг гэнэ. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС-иас бизнесийн санал боловсруулан хүргүүлж, хөтөлбөрөө сонгон, оюутны элсэлтийг зохион байгуулах аж. Эхний ээлжид тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцуулахад анхаарах нь. Ингэснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Засгийн газрын тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар 2+2 хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бүрдэж буй юм байна.
Өнгөрсөн хугацаанд бакалаврын түвшинд суралцах төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжилдэг байсан бол энэхүү хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлснээр улсын төсвөөр санхүүжүүлэх зээлийн дүн багасаж, Боловсролын зээлийн сангийн зээлийн хүртээмж нэмэгдэх нөхцөл үүсэхийг мэргэжилтнүүд онцолсон.
Одоогийн байдлаар дээрх улсад Монгол Улсын 600 орчимоюутан суралцаж байна. Үүнээс Ерөнхийлөгчийн “Илгээлт” хөтөлбөрөөр 75, Боловсролын зээлийн сангийн зээлээр 52 оюутан, буцалтгүй тусламжаар нэг хүн тус тус суралцаж буй юм.
Ч.Туяа