Саарал өнгө давамгайлсан, минималист архитектур сүүлийн жилүүдэд хүчтэй дэлгэрч, хотуудын өнгө төрх ижилсэх хандлагатай болж байна. Мэргэжилтнүүд үүнийг шүүмжилж, хот болгон өөрийн гэсэн өнгөтэй, архитектурын онцлогтой байх ёстойг хөндөж эхэллээ. “Саарал хотжилт” гэдэг нэршил хүртэл үүнээс үүдэн бий болж. Хот, нийтийн орон зайн төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг “PlacemakingX” зэрэг олон улсын байгууллагынхан ч “Суурин газар, ялангуяа хэт барилгажсан, хүн ам шигүү суурьшсан хэсэг, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнг амьтай байлгадаг гол зүйл нь өнгө. Хот төлөвлөлтөд минималист хэв маяг зонхилох тусам өвөрмөц, өнгөлөг дүр төрх үгүй болж, нийтийн орон зай амьгүй, уйтгартай болно” хэмээн анхааруулж байна.
Дэлхийн II дайны дараа дэд бүтэц, барилга, байгууламжуудыг хямд зардлаар богино хугацаанд барихын тулд түүхий бетон, угсармал хавтан түгээмэл ашигласнаар саарал дүүрэг, хорооллыг олноор бий болгосон гэж үздэг аж. Тэгвэл орчин цагт шил, ган, ил бетон, хар, цагаан фасад ашиглан нэгэн хэвийн, өнгөгүй барилга, байгууламж барьж, минималист архитектур нэрийн дор социалист уур амьсгал бүрдүүлэх нь ихэсжээ. Үүний тод жишээ нь Бразилийн Бразилиа хот, Токиогийн шинэ дүүргүүд, Лондоны Барбикан зэрэг томоохон гудамжууд гэнэ. Улаанбаатар ч ийм дүр төрхтэй хотуудын тоонд багтаж байгааг “Placemaking Mongolia” сүлжээ байгууллагынхан хэлэв. Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын чиглэлээр ажилладаг тус байгууллагын мэргэжилтнүүд “Өнгө бол зөвхөн гоёл чимэглэл биш, харин хотын дүр төрх, орон зайн үнэ цэнийг бүрдүүлэгч чухал элемент” гэж тодотголоо.
Дүнсгэр уур амьсгалтай, нэгэн хэвийн төлөвлөлт нь хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг бөгөөд үүнийг шинжлэх ухаанд орчны сэтгэл судлалын үүднээс тайлбарладгийг хот төлөвлөгч Б.Гүнчин хэлэв. Барилга, байгууламж, гудамжны өнгө, хэв загвар нь стрессийн түвшин, нийгмийн харилцаанд ч нөлөөлдөг аж. Тэгвэл нийтийн эзэмшлийн орон зайг амьд орчин болгож, дахин төлөвлөх аргачлалаар саарал хотуудыг зөөлөн дулаан, өнгөлөг уур амьсгал руу аажмаар шилжүүлдэг арга бий гэнэ. Үүнийг мэргэжлийн хэллэгээр placemaking гэдэг аж.
“Placemaking Mongolia”-гийнхан “Энэ аргачлалаар хотын өнгө, хэв маяг, урлаг, ногоон байгууламж, нийтийн орон зайг уялдуулан төлөвлөж, иргэдэд ээлтэй, өвөрмөц өнгө төрх бүхий орчныг бүрдүүлэх боломжтой” хэмээгээд, өнгөлөг, амьд төлөвлөлттэй болгож, өөд нь татах газар Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сүхбаатарын талбай, Чойжин ламын сүм музейн ойр орчимд гээд нийслэлд хаа сайгүй байгааг хэлэв.
Ж.Сувд