Манай улсад өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай ч донор олдохгүй 1200 гаруй өвчтөн бүртгэлтэй байна. Ганц бие, эсвэл гэр бүл, ойр дотнынхон нь донор болох боломжгүй тохиолдолд тэднийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донор хүлээх жагсаалтад бүртгэдэг аж. Эдгээр хүний амь нас цаг, минутаар хэмжигдсээр байдаг. Жил гаруйн хугацаанд л гэхэд уг жагсаалтад багтсан 20 гаруй хүн нас барсан гэнэ. Тиймээс холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд донорын олдцыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь сайжруулах олон талт арга хэмжээ зохион байгуулж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад саналаа өгсний ачаар нэг хэсэг зогсоод байсан, тархины үхэл (амьгүй)-тэй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээг энэ оноос сэргээгээд буй гэв.
ЭМХТ-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулгаас зарим зүйлийг тодруулахад “Улсын хэмжээнд 2024 оны долоодугаар сараас 2025 он дуустал амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа огт хийгээгүй. Эмч нарыг “эрхтний наймаачин” мэтээр нийгэмд ойлгуулсны уршгаар иргэд бурхан болоочийнхоо эд, эрхтнийг бусдад хандивлахаас татгалзах болсон. Харин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг энэ оны тавдугаар сард УИХаар баталснаар донорын олдцыг сайжруулах, үйл хэргийг нь алдаршуулах боломж бүрдээд байна. Уг хуульд тусгаснаар тархины үхэлтэй донорыг тодорхойлохдоо насны босго тавихгүй нь. Өмнө нь 21 нас хүрээгүй, тархины үхэлтэй донорын эрхтнийг эмчилгээнд ашигладаггүй байлаа. Харин одоо хүүхдэд ч амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах, донор болох нөхцөл бүрдсэн гэсэн үг. Мөн донор болохыг зөвшөөрсөн тохиолдолд оршуулгын тэтгэмжийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, эсэхээс үл хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөтэй дүйцүүлэн Эрүүл мэндийг дэмжих сангаас ар гэрийнхэнд нь олгохоор зохицуулаад байна. Иргэд 21 нас хүрсэн л бол “И-Монголиа” системээр дамжуулан донорын зөвшөөрлийн хүсэлт илгээж, карт авах боломжтой. Донорын карттай иргэн ямар нэгэн золгүй байдлаар осол, гэмтэлд өртөж, тархи нь эргэн сэргэхээргүй үхэжсэн тохиолдолд ар гэрийнхэнд нь энэ талаар танилцуулаад, эд, эрхтнийг нь бусдад шилжүүлэн суулгахаар хуульд тусгасан” гэсэн юм.
О.Ундрах