Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг энэ сарын 7-13-нд зохион байгуулсан билээ. Зүрхний төрөлхийн эмгэг, гажгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой энэхүү аянд 302 хүүхэд хамрагдсан байна. Тодруулбал, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдсан эдгээр хүүхдийн 142 нь зүрхний эмчийн байнгын хяналтад байх шаардлагатайг илрүүлж, тусламж үзүүлжээ. Харин УГТЭ-ийн зүрхний мэс заслын эмч нар дөрвөн хүүхдэд нэн яаралтай хагалгаа хийж, амийг нь аварсан байна. Мөн 11 хүүхдэд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийжээ. Зөвхөн долоо хоногийн дотор ийм хэмжээний тусламж, үйлчилгээ үзүүлсэн нь зүрх, судасны эмгэг, гажиг, өвчлөл хүүхдүүдийн дунд санаа зовох асуудал гэдгийг илтгэж буй. Тухайлбал, өнгөрсөн онд нэгдүгээр ангид элссэн 60 мянга гаруй хүүхдээс 40 532 буюу 63.7 хувийг нь эрт илрүүлэг, үзлэгт хамруулсан. Үүнээс зүрхний үзлэгт 28 113 хүүхэд хамруулсны 8.5 хувь нь ямар нэгэн өөрчлөлттэй гарсан юм. Иймд сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох нь зүйтэй хэмээн Эрүүл мэнд, Боловсролын яамныхан үзэж, энэ онд цар хүрээг нь тэлж, ирэх сарын 1-нээс сурагчдыг үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон билээ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх эл үзлэгээр сурагчдад зүрхний цахилгаан бичлэг хийх гэнэ. Хараа шалгахаас гадна нурууны муруйлт, хавтгай тавхай зэргийг илрүүлэхээрээ энэ удаагийн үзлэг онцлогтойг эмч нар дурдав. Мөн дунд, ахлах ангийнхны сэтгэл зүйн болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх аж.
Улсын хэмжээнд зүрх, судасны мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг, төрийн өмчийн цорын ганц эмнэлэг нь УГТЭ. Тус эмнэлгийн хамт олон хүүхдийн зүрхний мэс заслыг анх хийснээс хойш өдгөө 60 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд зүрх, судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээ, мэс засал гээд бүхий л тусламж, үйлчилгээг дангаараа “үүрч” ирсэн. Харин тус эмнэлгийн зүрхний мэс засалчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтран тус төвд анх удаа хүүхдийн зүрхний хагалгаа хийсэн байна. Эхний удаа тул эрсдэл багатай, хөнгөн хэлбэрийн мэс засал сонгосон талаар УГТЭ-ийнхэн хэлсэн. Ингэснээр ЭХЭМҮТ-д хүүхдийн зүрх, судасны мэс заслыг нутагшуулахад нэг алхам ойртсон юм. УГТЭ-ийнхэн сүүлийн таван жилд хүүхдийн зүрхний чиглэлээр тосгуур ховдлын нэгдсэн суваг засах, фаллогийн дөрвөлсөн гажиг засах цогц мэс засал, гол судасны коарктаци засах технологи, Бо-Яангийн аргаар гол судасны хавхалга солих хагалгаа хийж буй. Гол судасны цагаригийг хиймэл судсаар өргөсгөж, халдварт өртсөн ийг нь механикаар солих эл Бо-Яангийн мэс заслыг 2023 онд анх удаа улсдаа нэвтрүүлсэн юм.
Улсын хэмжээнд зүрх, судасны мэс засал хийлгэсэн хүмүүсийн 40 орчим хувь нь хүүхэд. Өөрөөр хэлбэл, жилд 500 хүнд мэс засал хийлээ гэхэд 200 нь хүүхэд байдаг аж. Энэ он гарснаас хойш одоогийн байдлаар тус төвийнхөн 100 гаруй хүүхдэд зүрхний нээлттэй мэс засал хийжээ. Энэ төрлийн эмгэгийг илрүүлэх оношилгоо сайжирснаар нь зүрх, судасны тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж олгож буйг эмч нар онцолсон. Тодруулбал, манай улс нярайн скрининг буюу төрлөхийн эмгэг илрүүлэх шинжилгээ хийж буй. Үүгээр зүрхний цоорол, эмгэг зэргийг илрүүлж байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам хамтран дөнгөж төрсөн нярайд пульс оксиметрийн шинжилгээний төхөөрөмжийг 21 аймаг, нийслэлийн харьяа төрөх эмнэлгүүдэд өнгөрсөн гуравдугаар сард олгосон билээ. Эл төхөөрөмж нь нярай хүүхдэд тусгайлан зориулсан, хөдөлгөөн мэдрэгчтэй бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн түвшнийг нарийвчлан хэмжиж, төрлөхийн зүрхний эмгэг зэрэг ноцтой өвчнийг эрт илрүүлдэг аж. Үүнийг Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэй “Монгол Улсад хэрэхийн шалтгаант хүүхдийн зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах” төслийн хүрээнд олгожээ.
Зүрх, судасны тогтолцооны эмгэг халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Халдварт бус өвчнөөр өчигдрийн байдлаар нийт 12 159 хүн өвчилснийг Эрүүл мэндийн статистикийн мэдээлэлд дурджээ. Тэдний 7896 нь эмэгтэй, 4264 нь эрэгтэй. Харин нийт өвчтөний хамгийн олон буюу 2244 нь зүрх, судасны тогтолцооны эмгэгтэй. Дараа нь амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчин орж буй. Халдварт өвчин туссан хүмүүсийн олонх нь 60-70 насныхан бол 0-4 настай хүүхдүүд эхний гурван байрт бичигджээ. Жил ирэх бүр төрөлт буурч, оргил үедээ 70 мянгад хүрч байсантай харьцуулахад өдгөө 20 мянгаар багассан. Үүнийг дагаад хүүхдийн зүрх, судасны болон төрлөхийн эмгэг өвчлөлийн тохиолдол буурч буйг эмч нар хэлж буй. Гэвч хүүхдүүдийн дунд эл өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж шаардлагатай хэвээр. Ялангуяа хүүхдэд хамгийн их тохиолддог нь зүрхний цоорол. Энэ нь төрлөхийн эмгэг бөгөөд бага насны хүүхдэд зүрхний олдмол гажиг бараг үгүй. Мэдээж нас ахихын хэрээр хүмүүс өвчин “олдог”. Тиймээс төрлөхийн өвчин, эмгэгийг аль болох эрт илрүүлэх нь хөгжлийн бэрхшээл үүсэх, цаашид амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөхөөс “авардаг” билээ.
Эхийн болон ургийн цусны урсгал нэг байдаг. Хүйг тасалж анхны амьсгал авснаас хойш зүрхний цоорхой битүүрэх ёстой. Энэ нь битүүрээгүй үлдсэнээс зүрхний гажиг үүсдэг болохыг зүрх, судасны мэс засалчид тодотгодог. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд байхад энэ цоорхойг “эрүүл”, хэрэв төрсний дараа битүүрэхгүй удвал гажиг гэж үздэг. Ийм гажиг олон жилийн турш мэдэгдэхгүй, ямар нэгэн зовуурьгүй, хүндрэхгүй байх боломжтой гэнэ. Хүний нас ахих тусам зүрхэнд ачаалал өгөх, тэр цоорхойгоор олон төрлийн цусны урсгал буруу тийшээ урсахад мэдэгдэж болох нь. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдээ төрүүлээд, дараа нь мэс засал хийлгэж, эмчлүүлнэ гэсэн байр суурьтай байдаг аж. Харин манай улсын эх, хүүхдийн тусламж үзүүлдэг төв нь тусгайлан хүүхдийн зүрх, судасны эмгэгтэй “ажиллах” туршлагагүй. Иймд үнэхээр хүнд төрлийн гажиг эхийн хэвлийд оношлогдвол жирэмслэлтийг зогсоодог байна. Харин манайд үүнийг тодорхой оношлох боломж хараахан бүрдээгүй аж.
Мөн хэрэхийн гаралтай зүрхний өвчний тохиолдол өндөр хэвээр. Хөгжиж буй орнууд үүнтэй тэмцэж буй бол өндөр хөгжсөн нь хүүхдүүдээ хамгаалж чадсан юм байна. Хоолойг дутуу эмчилснээс хэрэхийн нэг төрлийн өвчин үүсдэг аж. Өөрөөр хэлбэл, амьсгалын замаар биед орж, хоолойн үрэвсэл үүсгэдэг стрептококк гэх бактерид агуулагддаг хор нь зарим хүүхдийн зүрхний хавхалганы эдтэй төстэй бүтэцтэй байдаг аж. Дархлаа нь бүрэн хөгжиж амжаагүй 5-15 насны хүүхдийн дархлааны эсүүд буруу ажиллаж, хоолойны нянг устгах гээд зүрхнийхээ хавхалгыг хамтад нь гэмтээчихдэг аж. Энэ үйл явц удаан хугацаанд үргэлжилбэл зүрхний олдмол гажиг үүсдэг байна. Иймд мөн НҮБ-ын Хүүхдийн сан Засгийн газрын санхүүжилтээр “Хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах” төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд ирэх онд дуусах юм байна. Энэ мэтээр манай улсын хүүхдүүдийн зүрх, судасны өвчлөлд олон улсын байгууллагынхан санаа тавьсаар байгаа юм.