Монгол Улс 1992 онд шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүний дагуу Ерөнхийлөгчөө сонгосоор 34 жил улирчээ. Энэ хугацаанд бид найман удаа сонгууль явуулж, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх хэмээх Ерөнхийлөгчтэй байв. Тэгвэл тэд эх орондоо ямар өв үлдээв, бүх ард түмний саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтны үүргээ хэрхэн биелүүлсэн бол.
1. ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ
Ажилласан жил: 1990-1997
Үлдээсэн өв: Монгол Улсыг тайван замаар ардчилсан тогтолцоонд шилжүүлж, цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгийг тунхагласан.
Онцлог: БНМАУ-ын анхны бөгөөд сүүлчийн, ардчилсан Монгол Улсын анхны Төрийн тэргүүн.
Төсөв: Хамгийн ихдээ 300 сая төгрөг байв.
Парламентын засаглалыг сонгоход П.Очир бат 1990-1992 онд БНМАУ-ын анхны бөгөөд сүүл чийн Ерөнхийлөгчөөр ажилласан юм. МАХН-ын гишүүн байсан ч тэрбээр ардчилсан хүчний за луусыг ойлгон дэмжиж, “төрийн гүүр”-ийн үүрэг гүйцэтгэснээр Монгол Улсыг ардчилсан тогтолцоонд тайван замаар шилжүүлсэн байна. Ард чилсан, шинэҮндсэн хуулийг батлахад ч хувь нэмрээ оруулжээ. Уг хуулийн дагуу анхны сонгууль болох хүртэл тэрбээр Төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэсэн. Мөн 1992 оны есдүгээр сард НҮБын Ерөнхий ассамблейн 47 дугаар чуулганаар дэлхий дахинд Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болсныг албан ёсоор тунхагласан гавьяатай. Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюул гүй байдлын хувьд маш чухал шийдвэр байв.
Харин 1993 оны сонгуулиар МАХН-аас түүнд нэр дэвших квот олгосонгүй. Тэгмэгц МҮАН, Монголын социал демократ намын хамтарсан эвслээс нэрээ дэвшүүлэн сонгогджээ. Шилжил тийн үед эдийн засаг хямралтай, Төвбанкны валютын нөөц шавхагдаад байсан тул “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэв. Мөн түлш, шатахууны дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах ёстой гэсэн бодлого баримталж, газрын тос олборлох ажлыг эхлүүлсэн гавьяатай. Цагаан дээлтэй Ерөнхийлөгч П.Очирбат хар тосоор энгэрээ мялаан баярлаж буй дүр зураг бол 1997 он байлаа. Түүнчлэн төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг түү ний үед баталж, Мэгжид Жанрайсиг бурхныг ард түмний хандиваар дахин бүтээж, залах ажлыг улс төрийн түвшинд дэмжин гүйцэтгэжээ.
1990 он гарснаар картын бараанд шилжиж, хүнсний хомсдол нүүрлэсэн юм. “Алт” хөтөлбөр нь олборлолтыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөсөн ч нөгөө талдаа байгаль орчныг нөхөн сэргээх тухай асуудал үүсгэв.
Энэ үед улсын төсвийн хэмжээ бага, Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт элдэв ямба нэвтэрч амжаагүй байсан тул төсөв арав гаруй саяас эхэлж, бүрэн эрхийнх нь төгсгөлд 300 орчим сая төгрөгт л хүрчээ.
2. НАЦАГИЙН БАГАБАНДИ
Ажилласан жил: 1997-2005
Үлдээсэн өв: Гуравдагч хөршийн бодлогыг тэлсэн
Онцлог: Улс төрийн тогтворгүй цаг үед ажилласан. Хоёр удаа улирч сонгогдсон анхны Ерөнхийлөгч
Төсөв: 500 саяас 1.5 тэрбум
Н.Багабандийн бүрэн эрхийн эхний дөрвөн жилд улс төр үнэхээр ороо бусгаа байлаа. 1996 оны сонгуульд тухайн үеийн МАХН анх удаа ялагдаж, Ардчилсан холбоо эвсэл олонх болсон үе. Засгийн газар жил хүрэхгүй солигдож, тө рийн ажил гацаж байв. Мөн С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт гэмт хэрэг гарсан. Ийм “галзуу” цаг үед Н.Багабанди парламентад хяналт тавьж, тэнцвэрийг баримталсан гэж судлаачид үздэг аж. Тэрбээр гуравдагч хөршийн бодлогыг идэвхжүүлж, АНУ, Япон, Европын орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн ЗХУ-ын үед хуримтлагдсан их өрийг 2003 онд тэглэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр нарын хамтын дипломат зүтгэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь Монголын эдийн засгийг том дарамтаас чөлөөлсөн гэж үнэлэгддэг.
1996-2000 оны тогтворгүй улс төрд Н.Багабандийн хувь нэмэр ч бий. Тэрбээр Ардчилсан холбоо эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Д.Ганболдын нэрийг долоон удаа буцаажээ. Намынхаа эрх ашгийг түрүүнд тавьсан, албаар гацаасан гэсэн хардлагыг энэ нь дагуулдаг. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх л хуультай ч түү ний зөвшөөрөлгүй бол Ерөнхий сайдаа томилж чаддаггүй байв. Мөн С.Зориг агсны амиа алдсан хэргийг шалгаж, илрүүлэхэд хангалттай шахалт үзүүлээгүй гэж түүнийг шүүмжилдэг.
Тэрбээр гаднаасаа маш төв, нэр цэвэр дүр төрх бүрдүүлсэн Ерөнхийлөгч байв. Түүний бүрэн эрхийн хугацаанд эдийн засаг, нийгмийн нөхцөл харьцангуй тогтворжин төсвийн хэмжээ өсөж, 500 саяас 1.5 тэрбум болсон байна.
3. НАМБАРЫН ЭНХБАЯР
Ажилласан жил: 2005-2009
Үлдээсэн өв: АТГ-ыг байгуулах санаачилгыг гаргаж, Авлигын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж батлуулсан.
Онцлог: Ерөнхийлөгчийн албан тушаалын нөлөөг “гүнзгийрүүлсэн” нэгэн. Онц байдал зарласан цорын ганц Төрийн тэргүүн.
Төсөв: 2-3.5 тэрбум
Түүний үеэс жинхэнэ будилаан эхэлсэн юм. Парламентын засаглалыг нэг хүний дарангуйллаар солих нь уу гэсэн болгоомжлол ч эндээс үүсэлтэй. Учир нь хуулиар хязгаарласан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бодит байдалд тэлж, нөлөөгөө нэмсэн анхны Төрийн тэргүүн нь тэр байв. Нам дотроо нөлөөгөө нэмснээр фракцаар талцсан “хор найруулга” хөгжсөн байх нь. П.Очирбатын үед эхлүүлсэн төр шашныг хослуулах бодлогыг илүү гүнзгийрүүлсэн юм. Мөн тэрбээр гуравдагч хөршийн бодлогыг эрчимжүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш манай улсад айлчилж байлаа. Үүний үр дүнд “Мянганы сорилтын сан”гаас Монгол Улсад хэдэн зуун сая ам.долларын буцалтгүй тусламж авсан юм.
“Авлигын загалмайлсан эцэг” хэмээн түүнийг тодорхойлох нь бий. Тэрбээр хууль хяналтын байгууллага, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрыг ч хяналтдаа авч эхлэв. Бие даасан байх ёстой хууль, шүүхийн байгууллагууд өндөр албан тушаалтны захиалгаар ажилладаг системийг Н.Энхбаяр анх угсарсан гэдэг.
2008 оны долоодугаар сарын 1-нд сонгуулийн булхайг эсэргүүцсэн жагсаал үймээн болон хувирч, таван хүний амь нас эрсдэв. Тиймээс Ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал зарласан юм. Ийнхүү ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анхны бөгөөд сүүлийн удаа онц байдал зарласан Төрийн тэргүүн болжээ. Эл явдлыг хохирол багатайгаар зогсоож чадаагүй гэж түүнийг шүүмжилдэг. Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилдээ албан тушаалаа ашиглан “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчилсан зэрэг хэргээр 2012 онд түүнийг “оймсыг нь гозолзуулан” баривчилж, хоёр жил зургаан сарын ял оноосон түүхтэй. Улмаар 2013 оны наймдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, уучлал үзүүлснээр суллагджээ.
2000 оны дундаас уул уурхайн салбар эрчимжиж, улсын төсөв тэлж эхэлсэн. Үүнийг дагаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв жилд дунджаар 2-3.5 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлздэг болсон юм.
4. ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Ажилласан жил: 2009-2017
Үлдээсэн өв: Цаазын ялыг халсан. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг санаачлан хэрэгжүүлсэн. Шүүхийн салбарт шинэчлэл хийсэн.
Онцлог: Олон улсад хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхийлөгч гэгддэг.
Төсөв: 3.8-6.7 тэрбум
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрөв дэх хүн болох Ц.Элбэгдорж олон улсад илүү танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн Төрийн тэргүүн байснаараа ялгаатай. Тэр хэрээр Монгол Улсыг ч гадаад ертөнцөд хүлээн зөвшөөрүүлж байсан гэсэн үг. Илтгэх, ярих чадвар сайтай нь түүний нэг давуу тал. Мөн Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийг төгссөн нь олон улсын тавцанд танилын хүрээг нь илүү өргөн болгосон биз. 2016 онд АСЕМ буюу Ази, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Шилэн дансны тухай хуулийг санаач лан батлуулсан нь ч бас нэг ололт болсон юм.
Тэрбээр Шүүхийн тухай багц хуулиудыг санаачилж, шинэчлэн батлуулжээ. Шүүхийг тойргийн зарчмаар зохион байгуулж, эрүү, иргэн, захиргааны хэмээн ангилж, мэргэшүүлэх суурийг тавьсан. Шүүгч нарын цалинг мөн хэд дахин нэмсэн байдаг. Энэхүү шинэчлэл нь инс титуцийн хувьд дэвшил авчирсан ч олон шүүмж лэл, маргаан дагуулсан юм. Юуны өмнө тойргийн шүүх байгуулахын тулд олон шүүгчийг “бөөндөн” чөлөөлж, шинээр томилов. Ингэхдээ өөрийн хүмүүсийг шургуулж, төрийн өндөр албан тушаалтан шүүхэд нөлөөлдөг, эрх ашгийнхаа төлөө ажиллуулдаг болгох замыг хөгжүүлж, “шударга бусын хонгил” угсарсан хэмээн түүнийг буруутгадаг. Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхэд бүх шатны шүүгчийг томилох мэдэл багтдаг. 2001 онд хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу уг бүрэн эрхийг Н.Багабандиас эхлэн бүх Ерөнхийлөгч хэрэгжүүлсэн. Ц.Элбэгдорж үүн дээр нэмээд Шүү хийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг өөрөө мэдэн томилох эрхтэй болгосон байна. Улмаар хүн нь байхад хэрэг нь олддог гэдэг зарчмаар өрсөлдөгч улс төрчдөө замаасаа зайлуулахад шүүх, хуулийн байгууллагыг ашиглах, айлгаж, сүрдүүлдэг байдал “цэцэглэсэн” гэдэг аж. Хожим түүнийг хэд хэдэн асуудлаар мөн л шалгасан.
Түүнийг Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд Тамгын газрынх нь төсөв жилд 3.8-11.4 тэрбумын хооронд хэлбэлзжээ.
5. ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Ажилласан жил: 2017-2021
Үлдээсэн өв: Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлыг хийлгүүлсэн.
Онцлог: Эрх мэдлийн хуваарилалтыг “хольж”, Засгийн газрын ажлыг хийж эхэлсэн Төрийн тэргүүн гэж үздэг.
Төсөв: 4-6.7 тэрбум
Өмнөх Ерөнхийлөгч нар аль болох гуравдагч хөршийн бодлогыг тэлж, хөгжүүлэх чиглэл баримталж ажилласан бол Х.Баттулга “эсрэг дүрэм” мөрджээ. Тэрбээр “Монгол ялна” уриа дэвшүүлж, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бүтээн байгуулалт, бие даасан эдийн засгийг дэмжсэн үндсэрхэг бодлого явуулсан юм. Монголчууд өөрсдөө дэд бүтэц, төмөр замаа барьж байгуулж чадна гэсэн өөдрөг үзлийг ухуулсан. Улмаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1, Тавантолгой-Гашуунсухайтын 233.6 км, нийт 650 орчим км төмөр замын суурь бүтцийг 90 гаруй хувьтай бариулсан байна. Тавантолгой-Гашуунсухайтын замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. БНХАУ-тай холбох цэг нь дутуу байсан учраас үүнийг “мухар төмөр зам” хэмээн шүүмжилж байв. Эл холболтыг одоо ч бүрэн хийгээгүй. Ерөөс төмөр замаа урд, хойд хөрштэй ямар царигаар холбох тухай маргаан түүнтэй холбогддог.
“Ковид-19” цар тахлын үед уг вирусийг дэл хий даяар тараасан хэмээн буруудаж, ганцаардаж байсан БНХАУ-д Төрийн тэргүүн зоригтойгоор айлчилж, 30 мянган хониор тусламж өргөн, урд хөршийн ард түмэнд нэр хүндээ өсгөсөн түүх бий. Гэвч түүний үед манай улсын гадаад харилцаа хумигдсан, мөн хойд хөршөө “налсан” бодлого явуулсан гэсэн хардлага арилсангүй.
Тэрбээр “шударга бусын хонгил”-ыг нураа на хэмээн зарлаж, 2019 онд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачлан, батлуулсан юм. Үүгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргавал ШЕЗ-ийн саналгүйгээр шүүгч, ерөнхий шүүгч, прокуроруудыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Гэтэл ҮАБЗ-ийг Х.Баттулга өөрөө тэргүүлж байв. Ингээд тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас чөлөөлж, шинээр томилсон нь дуулиан дагуулав. Үүнийг зарим судлаач шүүх засаглалд нөлөөлөх гэсэн, Төрийн тэргүүний эрх мэдлийг нэмэх оролдлого гэж шүүмжилдэг. Гэхдээ 2021 онд УИХ дээрх зохицуулалтыг цуцалсан юм. Хонгил нураах ажлынхаа хүрээнд тэрбээр “Оюутолгой”-н гэрээг хийсэн Засгийн газрын тэргүүн, сайд нар болох С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг баривчлуулж, ял авахад хүргэжээ. Үүнийг авлигын эсрэг гэхээс илүү өрсөлдөгчдөө намнах оролдлого гэж үзэх хүн олон.
Мөн тэрбээр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж байлаа. Түүнчлэн цар тахлын үед иргэдэд бэлэн мөнгө тараах, төмөр замын ажилд дотоодын цэргийг дайчлах зэргээр Засгийн газрын тэргүүн мэт “аашилж”, тэдний эрх мэдэлд хэтэрхий оролцлоо хэмээн шүүмжлүүлдэг байсан юм. Тэрбээр үүнээс хойш нүүрсний хулгай, Төгрөг нуурын зэрэг олон хэргээр шалгуулсаар байгаа.
Түүний Тамгын газрын төсөв харьцангуй бага буюу жилд дунджаар 4-6.7 тэрбум төгрөгийн хооронд байжээ.
6. УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Ажилласан жил: 2021 оноос одоо хүртэл
Үлдээсэн өв: “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Онцлог: Зургаан жилээр, нэг удаа сонгогдсон анхны Ерөнхийлөгч
Төсөв: 33.6 их наяд
У.Хүрэлсүх Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа буюу есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж буйгаа зарласан билээ. Төр, хувийн хэвшил хамтран эх орноо ногооруулна гэж буй. 2030 он гэхэд манай улс тэрбум модоо тарьж дуусгана гэсэн.
Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангахын тулд “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг 2022 оноос энэ оныг дуустал хэрэгжүүлэн, үйлд вэрлэгч, тариаланчдад хөнгөлөлттэй зээл, татварын дэмжлэг үзүүлж буй юм. Одоогоор 2500 гаруй аж ахуйн нэгжид 1.3 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкнууд, улсын төсөв, зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрээр олгожээ.
Өмнөх Ерөнхийлөгчийн үед хумигдсан гадаад харилцааны бодлогыг эдүгээ У.Хүрэлсүх ба гагүй тэлж байна гэж судлаачид үздэг. Үнэхээр ч өнгөрсөн таван жилд 20 орчим орны Төрийн тэргүүн манай улсад албан ёсны айлчлал хийжээ. Ялангуяа 2024 онд ОХУ, ХБНГУ, Беларусь, Швейцарын холбооны зэрэг есөн орны Ерөнхийлөгч зочилсон юм. Энд онд Тажикистан, БНСУ, хамгийн сүүлд Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийлээ. Эдгээрээс Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын пап Францис 2023 оны есдүгээр сард манай улсад айл чилсныг онцлох учиртай. Дэлхий даяар тархсан гурван тэрбум католик шашинтны тэргүүн Монгол Улсад саатсан анхны тохиолдол энэ байлаа. Мөн Япон Улсын Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар 2025 оны долоодугаар сард манай улсад зочилсныг түүхэн хэмээн тодотгож болно. У.Хү рэлсүх мөн арван оронд айлчилжээ.
Нөгөө талд тэр улс төрийн хүрээнд, намдаа нөлөөгөө маш ихээр тэлсэн. Сүүлийн хоёр жилд МАН дахь талцал ноцтой хэмжээнд хүрсний ард Ерөнхийлөгч голлох үүрэгтэй оролцсон гэдэг. Эл талцал одоо ч үргэлжилж, тус намын 100 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр гүнзгийрч байна. Авлигын асуудалд орооцолдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй хэмээн зүтгэж, залуус түүнийг хариуцлагаа хүлээ хэмээн сар орчим жагссан. Тэр үед Ерөнхийлөгч чуулганы танхимд орж, хатуухан үг чулуудаад л шийдвэрийг өөрийнхөө талд эргүүлж байлаа. Хууль, эрх зүйн хүрээнд түүний бүрэн эрх хязгаарлагдмал ч хөшигний ард “гар, хөлүүд” нь төрийн гол албан тушаалуудыг хашиж байна. Өнөөдөр манай улсад түүнийг давах улс төрийн эрх мэдэлтэн бараг алга болжээ. Ерөнхийлөгч нам бус байх ёстой гэдэг шаардлага цаасан дээр л үлдэв. Мөн У.Хүрэлсүхийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв түүхэнд байгаагүй огцом тэлсэн. Түү нийг анх Ерөнхийлөгч болох үед төсөв нь 11.9 тэрбум байсан бол жил бүр өссөөр энэ онд 33.6 тэрбум болжээ. Олон хөтөлбөр, төрийн айлчлалын бэлтгэл гэх мэтээр зардал нь ийнхүү “ниссэн” байна. Түүний улс төр дэх нөлөө тэлэхийн хэрээр Ерөнхийлөгчийн засаглалтай болгох нь гэсэн хардлага, айдас дагадаг. Түүнчлэн дахин сонгогдох хууль , эрх зүйн боломжийг эрэлхийлсээр байгаа гэдэг . Гэвч тэрбээр эдгээрийг үгүйсгэсээр ирсэн.
Ард түмний эв нэгдлийг хангагч гэхээс илүү намын, Ерөнхийлөгчийн албан тушаалын нөлөөгөө ахиулсан эдгээр Төрийн тэргүүний алдааг давтахгүй байж чадах долоо дахь хүнийг бид сонгож чадах уу гэдгийг удахгүй харах нь.